Н.ЦЭРЭНБАТЫН А ХУВИЛБАР БҮТЭЭГҮЙ ТУЛ Б ХУВИЛБАР РУУ ЗҮТГЭХЭЭР ШИЙДСЭН ҮҮ

493
 
Н.ЦЭРЭНБАТЫН А ХУВИЛБАР БҮТЭЭГҮЙ ТУЛ Б ХУВИЛБАР РУУ ЗҮТГЭХЭЭР ШИЙДСЭН ҮҮХүйтний улирал хаяанд ирсэн энэ үед утаа гол асуудал болж байна. Амтай болгон нь утаагаа яана даа гэж үглэж яншиж байна. Яншихаас ч аргагүй юм. Гамшгийн хэмжээнд хүрдэг улирал нь ирсэн болохоор тэр. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад гадаад дотоодын хөрөнгө мөнгө нийлсэн 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч өнөөдрийн бодит байдал ямар байна. Үр дүн хаана байна. Утаа арилсангүй, харин ч ихэсчээ.
 
Өчигдөр гэхэд Үндэсний аудитын газраас Цэвэр агаар сангийн 2008-2016 оны хооронд хийсэн утааны эсрэг хийсэн ажлыг тайланг танилцууллаа. Үр дүн, хэрэгжилт гэж юу ч байхгүй, утаа буураагүй гэдгийг онцолж хэлэв. Харин ч төрийн болон хувийн аж ахуйн нэгж компаниуд утаанд зарцуулсан мөнгө төгрөгнөөс "хумсалсан” хэвээрээ л байж.
 
Төрийн ажил ямар явагддагийг, утаа яагаад буурахгүй байгаа шалтгааныг утгаар нь харуулж хэлэв. Үнэхээр хэлэх үг ч олдохгүй юм.

Ер нь утааны асуудал бол том бизнес гэж улстөрчид хараад байдаг бололтой. Утаагаар мөнгө идэж, зувчуулдаг арга нь нарийссан нэг биш нэлээд олон том бүлэглэл байгаад байна гэж хардаж байгаа нь үнэний ортой юм.
 
Сүүлийн хэдэн өдөрт янданд шүүлтүүр тавих асуудал хүчтэй яригдаж, шүүмжлэлд өртлөө. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй нөхдүүдийн хийж байгаа ажил. Тэд 54 тэрбум төгрөгийн утааны шүүгчээр балбуулж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь амжилт олсонгүй. 100 гаруй мянган өрхөд 500 мянган төгрөгөөр шүүлтүүр суулгана гэдгийг иргэд эрс эсэргүүцсэн юм. Зөвхөн агаар шүүгч тавихад 54 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцоолсон байгаа. Энэ бол их мөнгө, үүнийг үр ашиггүй зарцуулахыг хэн ч хүсэхгүй. Зарим УИХ-ын гишүүд ч шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Та бодоод үз дээ, 10 мянган төгрөгийн үнэтэй янданд 500 мянган төгрөгийн шүүлтүүр тавина гэж юу гэсэн үг юм бэ. Хэрвээ тэр шүүлтүүр нь бөглөрч айл өрх угаартвал хариуцлагыг нь хэн хүлээх юм. Салбар толгойлсон сайд нь уу, эсвэл өөр хэн нэгэн үү.

Харин нийгмийн энэ хүчтэй эсэргүүцлийг МАН-ын бүлгийн хуралдаанаар уржигдар авч хэлэлцжээ. Тодруулбал, 10 мянган төгрөгийн янданд 500 мянган төгрөгийн утаа шүүгч байрлуулах гэсэн Н.Цэрэнбат сайдын бүтэшгүй саналыг буцаахаар шийджээ.  Гишүүд "Олон нийт эсэргүүцээд байхад энэ чигээр нь  төсвийг баталвал Засгийн газар болоод намын нэр хүндэд халтай. Үүнийг хасъя” гэсэн санал гаргаснаар асуудлыг нэг тийш нь болгосон сурагтай.
 
Гэхдээ сайд Н.Цэрэнбат бууж өгөхийг хүсээгүй бололтой. Түүний санаачилан гаргасан А хувилбарын санал ийнхүү дэмжигдээгүй учир Б хувилбар руу зүтгэхээр шийджээ.

Өчигдөр Байнгын хорооны хурал дээр тэрбээр "Агаарын бохирдлыг бууруулах гол ажил бол цахилгааны шөнийн тариф хөнгөлөх юм. Нийслэлийн гэр хорооллын 117 мянган өрхөд 2017 оны арваннэгдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл 5,9 тэрбум төгрөгийн татаасыг эрчин хүчний салбарт өгсөн. Ирэх онд утааг бууруулахаар хэд хэдэн ажил төлөвлөсөн. Тухайлбал, сайжруулсан түлш үйлдвэрлэх бэлтгэл ажилд 54,7 тэрбум төгрөг, төсөвт шөнийн тариф хөнгөлөлтөд 16,4 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын уурын зууханд тортог шүүгч тавихаар ирэх оны төсөвт 22,5 тэрбум төгрөг төсөвлөөд хэлэлцүүлж байна” гэжээ.

Ийнхүү яндангийн шүүлтүүр бүтэхээ байхаар уурын зууханд тортог шүүгч тавина гэж улайран дайрч эхлэв. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор олон ажил хийсэн ч тодорхой үр дүн гараагүй гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрсөн. Дээрх яндангийн шүүлтүүр, тортог шүүгчийн тухайд Засгийн газрын түвшинд туршилт хийж үзсэн, төсвийг нь суулгаж байна гэсэн. Гэхдээ үүнийг сайн нягтлах ёстой байсан юм.  Нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээр нь баталгаа гаргуулахаас эхлээд нягтлах зүйл их бий. Ингэхгүй бол сүржин эхлэл, даржин төгсгөл болохыг үгүйсгэхгүй юм.

О.Од 
Оллоо.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>