ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СУРТАЛЧЛАХ ШИНЭ БРЭНД – ТАЛЫН ТҮМЭН АДУУ

833

ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СУРТАЛЧЛАХ ШИНЭ БРЭНД – ТАЛЫН ТҮМЭН АДУУ

 

Монгол Улсыг зорих жуулчдын урсгал таваас есдүгээр саруудад эрс нэмэгддэг бол өвлийн улиралд жуулчдын тоо эрс багасдаг. Үүнд цаг уурын эрс тэс байдал, дэд бүтцийн асуудал, хүйтний улирлын үеэр жуулчдад зориулсан арга хэмжээ хомс байдаг зэрэг нөлөөлдөг байна. Иймд өвлийн улиралд жуулчдыг татах сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байдаг.

Олон улсад эвент арга хэмжээг байнгын тогтмол зохион байгуулснаар жуулчдын сонирхлыг татаж олон улсад танигддаг байна. Жишээ нь: Үндэсний их баяр наадмыг 1921 оны Ардын хувьсгалаас хойш өргөн тэмдэглэж эхэлснээр эдүгээ дэлхийд танигдсан Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой эвентүүдийн нэг болж чадсан. Мөн 2000 оноос эхлэн зохион байгуулагдаж буй олон улсад танигдсан “Бүргэдийн баяр” арга хэмжээг сонирхохоор энэ аравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Баян-Өлгийн аймгийг 1200 гаруй жуулчин зорьжээ. 

Манай улсад хүйтний улиралд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлал хөгжин гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болох ач холбогдолтой юм.

Энэ амралтын өдрүүдэд адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Батноров суманд тав дахь жилдээ “Талын Түмэн Адуу” арга хэмжээ зохион байгуулагдана.

 “Талын Түмэн Адуу”-н төвөргөөнд улс, аймгийн зэрэг цолтой уяачид, залуу адуучид авхаалж самбаагаа сорихоос гадна Өвөр Монголын Өөртөө Засах Орны адуучид хүрэлцэн ирнэ. Энэ жилийн арга хэмжээнд ӨМӨЗО-ны “Монгол Одон” ТВ, “Шилийн Гол” ТВ болон Бээжин хотын соёл урлагийн сувгийн сэтгүүлч, зураглаачид хүрэлцэн ирж Монголын тал нутгийн адуучдын өв соёлын мэдээллийг БНХАУ-ын 50 сая үзэгчдэд хүргэнэ.

Арга хэмжээний үеэрх уран дархадын урласан эмээлийн гөлөм, дэвс, гутал болон мөнгөн эдлэл ташуур, уурганы хуйв зэрэг адууны эдлэл хэрэглэлийн худалдаа нь сумдын малчдын амьжиргаа, орлогод эерэгээр нөлөөлдөг байна. Дашрамд дурдахад Монгол Улсад 2017 онд 3,9 сая адуу тоологдсон байна. Харин Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров сум нь 30 мянга гаруй адуутай юм гэж Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Хөтөлбөрт дараах арга хэмжээ багтаж байна:

  • Адуучдын хээрийн цайллага, адуун туувар
  • ТОРГОН ТАР богино зайн бооцоот уралдаан
  • Нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга
  • Адууны зүс нэршлийн танилцуулга
  • Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа
  • Морьтон хүүхдийн парад
  • Хэнтийн Брэнд хүнсний үзэсгэлэн худалдаа
  • Уран уургач шалгаруулах Шургуу 2018 тэмцээн
  • Эмнэг булгиулах тэмцээн
  • Малчдын өвөлжөөтэй танилцах аялал
  • Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
  • Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлагийн үзэсгэлэн
  • “Талын Түмэн Адуу” фото зургийн үзэсгэлэн
  • Баяр наадмын зочдод зориулсан урлагийн тоглолт

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>