Түлэнхийн төвийн зарим газар яасан бэ, Д.Сарангэрэл сайд аа

54
 

Түлэнхийн төвийн зарим газар яасан бэ, Д.Сарангэрэл сайд аа

 

Эрүүл мэндийн салбар улс орны хувьд оршин тогтнох, ирээдүйгээ батлан хамгаалах, хөгжих, улс орны хөгжлөөс хоцорч бус түрүүлж хөгжих учиртай.

Гэвч манай улсын хувьд энэ салбар улс орны хөгжлөөс хэд дахин хоцорч, өөрийн гүйцэтгэх үүргээ умартсан сайд дарга нарын балгаар улам ухарч, хоцрогдсоор байгаа билээ. Магадгүй есөн шидийн хөтөлбөр хэрэгжүүлээд ч урагш явахаа байсан Засгийн газрынхаа үйл ажиллагааг хэд, хэдэн сайдаа золигт гарган байж сайжруулах оролдлого хийж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим цаашид нэг их хол явахгүй ч байж мэдэх юм.      

 Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим дотроос ажлаа хийдэггүй, хэл ам таталдаг, салбартаа дарангуйлал тогтоосон гэдэг үзүүлэлтээрээ  өдгөө ЭМЯ тэргүүлж байгааг хэн хүнгүй хэлдэг бөгөөд тус яамны сайд Д.Сарангэрэл гэгч нь уг байдлыг сайжруулах биш харин ч улам ихээр өөгшүүлж байгааг ард түмэн сайн мэднэ. Тэрээр саяхан хүүгийнхээ найзыг ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар тавьсан нь нийгэмд ихээхэн шуугиан тарьсан бөгөөд өдгөө уг асуудал АТГ-т шалгагдаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээлж байгаа билээ.  

 Д.Сарангэрэл сайдын энэ мэт хууль завхруулсан олон үйлдэл нь илчлэгдсэн ч өдгөө эрхэм сайдтай хэн ч хариуцлага тооцоогүй байгаа нь туйлын гайхалтай. Тэр үүднээсээ өнөөдөр Монгол улсын эрүүл мэндийн салбар тулгамдсан олон асуудлын гарц шийдлээ олохгүй, зөв гольдролдоо орж чадахгүй олон жилийн нүүрийг үзэж байгааг юутай холбон тайлбарлах вэ? 

 Тэгвэл ЭМЯ-ны шинэ сайд Д.Сарангэрэл өнгөрсөн хугацаанд юу хийв. Халаа сэлгээ, эмч нарыг солих зэрэг томилгоо л түүний өнгөрсөн хугацаанд хамгийн их хийж чадсан ажил нь байлаа.

 Д.Сарангэрэл сайдад хандаж хэлэхэд өнөөдөр улсад хамгийн чухал хэрэгтэй байгаа Түлэнхийн төвийн барилгын ажил зогссоноор тус төвийнхөн өдгөө хувийн эмнэлгийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгааг та эрхбиш сайн мэдэх учиртай.

 Түүгээр ч зогсохгүй 2002 онд 16400 ам.метр талбайн зөвшөөрөлтэй байсан Түлэнхийн төвийн газрын зай талбай нь жил ирэх тусам багассаар өдгөө 7339 ам.метр болоод байгааг та хэрхэн тайлбарлах вэ? Өөрөөр хэлбэл, хэсэг бүлэг сувдаг шунахай этгээдүүд Түлэнхийн төвийн барилга барих гэж дунших хооронд багагүй хэмжээний газрыг нь хулгайлаад авчихсан байна.    

 Үүнд "Саммит медикал сервис” ХХК-д 930 ам. метр газрыг 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд барилга барих зөвшөөрөлтэйгөөр, "Алтайн тулга” компанид 2011 онд 4024 ам. метр талбайг эмнэлэг барих зориулалтаар өгсөн гэдэг. Ийнхүү Түлэнхийн төв газрынхаа ихэнхийг алдаж, одоо үлдсэн жаахан газар нь хэзээ, хэний мэдэлд очихыг ёстой л цаг хугацаа харуулах болчихоод байна. Өдгөө Эрүүл мэндийн яамныхан Түлэнхийн төвийн газрын болоод эмнэлгийн барилга хэзээ барих талаар мэдээлэл өгөхөөс зугтдаг болов.

 Тэгвэл Түлэнхийн төвийн 9061 ам.метр газар хаачсан бэ гэж өмнөх сайд нараас асуух эрх ард түмэнд бий.   Гэтэл манай улсад түлэнхий, хөлдөлтийг эмчилдэг ганц газар нь энэ. Санамсаргүй тохиолдлоор осол эндэгдэлд орсон хүмүүсийг хүлээн авдаг газраа Эрүүл мэндийн яам яагаад олигтой анхаарахгүй байна вэ?  

 Бидний олж сонссоноор Түлэнхийн төвөөр өдөртөө 30-40 хүн эмчлүүлж ачаалал ихтэй ажилладаг ба уг нь 120 хүнийг эмчлэх хүчин чадалтай ч өвлийн тэсгим хүйтний улиралд 160-аас хол давж, тасаг бүү хэл хонгилын орон зай ч олдоход бэрх болдог гэнэ.

Түүнчлэн нэг өрөөнд нэг өвчтөн 8-10 метр квадрат газарт хэвтэн эмчлүүлэх стандарт хэмжээтэй байтал тус төвд нэг хүний хэвтэх зайд гурван өвчтөн хэвтэн эмчлүүлдэг байна. Түлэнхийн төвд жилдээ түлэгдсэн, хөлдсөн мянга гаруй хүн эмчлүүлдэг бөгөөд Монгол нутгийн тэсгим хүйтнийг дагаад өвөл бүр ч их ачаалалтай болдог гэнэ. Энд эмчлүүлдэг хүмүүсийн 70 хувь нь хүүхэд. Тэдний бараг 90 хувийг 0-5 насныхан эзэлдэг аж.

Өнөөдөр тус эмнэлэгт эмчлүүлэгсдийн эрх ашиг маш ихээр хөндөгдөж байгааг энд дурдах нь зүйтэй гэж бодож байна. Нэг үгээр хэлбэл "Бухын доодохыг харж үнэг турж үхнэ" гэдэгтэй адил Эрүүл мэндийн яамнаас хэзээ байшингаа ашиглалтад өгөхийг нь хүлээж суусаар байтал  өвдсөн зовсон олон түмэн таныг хүлээсээр "шаналсаар" байна, Д.Сарангэрэл сайд аа. Та хэзээ үүнд анхаарал хандуулах вэ?   


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.