Чингэс хаан...

44

Чингэс хаан...

Найман зууны тэртээ язгуур угсаа, цэрэг эрс зэр зэвсгээр аархсан омог бардам Жамух өөрийн хор шарандаа шатаж мөхөж байхад харин өнчин өрөөсөн хэдэн дүүтэйгээ уулын мухарт ганц гэрт орогнох Тэмүжин Тэнгэрийн хүсэл сорилгод нийцсэн зөв итгэл сэтгэлийн улмаас Монгол хэмээх дэлхийн супер-гүрэн байгуулж, газрын хаан болж байсан түүхтэй.
Монголын Нууц Товчооны V бүлэгт: Тэр цагт Чингэс хаан, тэнгэр Эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч, тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив: "Эрэмгий сайнаар эзэн эс боллоо, би. Эрхт Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би. Эцэг Тэнгэрийн ачаар эсрэг дайснаа дарлаа, би.  Хамрагч сайнаар хаан эс боллоо, би. Хан Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би.  Хан Тэнгэр Эцгийн өршөөлөөр харь дайсныг дарлаа, би" гэж мөргөв хэмээн гардаг Чингэс хааны даруу зүрх сэтгэл итгэл бишрэл нь өнөөгийн бидний ч туурга тусгаар улсын үндэс болдог.
 
Дээр үед Багдадын ойролцоо алдарт Вавилон гүрний хаан Небухаднезар ордныхоо орой дээр гараад өөрийн хот улс гүрнийхээ тансаг сайхныг хараад "Би өөрийн сүр хүч жавхлан нэр алдраараа энэхүү агуу Вавилон гүрнийг босголоо" хэмээн омог бардам үгээ хэлж дуусаагүй байтал ухаан санаа нь самуурч галзууран удаж төдөлгүй улс гүрэн нь ганцхан шөнийн дотор хоёр хөршдөө дундуураа тас татагдан хуваагдан эзлэгдэж үүрд мөнх сөнөсөн гашуун түүх байдаг нь өрхийн ч төрийн ч тэргүүний үг үйлдэл бодол санаа бүхэн хойч үе бидэндээ сайн нь сайнаараа, муу нь муугаараа хэдэн мянган жилдээ ч бууж, ямар их нөр нөлөөтэй байдгийг дээрх хаадын түүхээс харж болно. Тухайн үедээ Вавилон хэмээх дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байснаа ийнхүү омог бардам ухаан мунхаг эзэн хаан, өнгө мөнгөнд баригдсан эрхэлсэн түшмэдээсээ болоод ганцхан шөнийн дотор газрын хөрснөөс үүрд арчигдан тухайн үедээ дэлхийн хамгийн баян тансаг үзэсгэлэнт гэгдэж байсан нийслэл хотынх нь тууринд өнөөдөр зөвхөн уйл шар шувуу үнэг хярс цөөвөр чоно л үүрлэх болтлоо гэсгээгдэжээ \зураг дээр Вавилон хотын туурь өнөөдөр
 
 
Өнгөрсөн зууны хорин нэгэн онд өвөг дээдэс маань ганцхан шөнийн дотор арван мянган гаминг бутцохиж туурга тусгаар улс үндэстэн болсон ч тусгаар тогтнолоо баталгаажуулах гэж долоон зуун сүм хийд далан мянган лам хараа хяргуулж дөчин жил зовсны эцэст ёстой нөгөө Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг Сайн хаан эцгийн нэр хүнд сүнс сүр сүлдээр даян дэлхийд тусгаар улс болж өдий зэрэгт хүрлээ.
Бидэнтэй хамт шахуу л зуугаад жилийн өмнөөс тусгаар тогтнолынхаа төлөө тэмцэлдэж эхэлсэн уйгур курд палестинчуудыг өнөөдөр ч Баруун, Зүүн, Орос Америк нь  ялгаагүй тэднийг зөвхөн өөрсдын явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэхэд ашиглаа л хаях нь хөөрхиийлэлтэй. Улс орны тусгаар тогтнол гэдэг нь тэр бүр үндэстэнд олдоод байдаггүй, азаар биш заяагаар өгөгдөх Бурханы ивээл юм. Дөчин таван онд Орос Англи Америк гурван улсын Яалтын гэрээгээр яалт ч үгүй ертөнцийн бүх үндэстэнүүдийн хувь заяаг дэлхийн хамгийн хүчирхэг гуравхан эр /Сталин Черчилль Рузвельт/ шийдэж байсан эгзэгтэй үе байв /зураг дээр/.
 
 
Хэдийгээр улаан коммунист ч гэсэн өөрөөс нь эхлээд Чингэсийг ч оруулаад газар дэлхийн бүх хаадууд ч, өнөө цагийн төр улсын тэргүүн лидерүүд ч азаар биш Тэнгэрээс соригдож ирдэг нэгэн гэдгийг Сталин гадарлах тул улс үндэстэнүүдийн хувь заяаг ялангуяа Монголын хувь заяаг яаж шийдэх ёстой гэдгийг тэрээр сайтар ухаарч байлаа.
Сталин өөрийгөө болд шиг хатаагдсан лидер (угаасаа л Сталин гэдэг нь сталь-болд гэсэн үгнээс гаралтай) гэж харуулах дуртай ч, Гитлер Москвад 25 км дөхөн ирсэн дөчин нэгэн оны Октябрын баярын өмнөх нийслэлээ нүүлгэж түүний зүрх нь түгшсэн тэрхүү аймшигт өдөр шөнүүдэд яахаа мэдэхгүй аргаа барахдаа өөрийн зөн совинд татагдан Москвагийн бүх Үнэн алдартаны сүмүүдийн тахилч нарыг хамаг нандин шүтээнийг нь бариулан Москваг тойруулан мөргөл үйлдүүлж авралыг хайж Гитлерийн давшилтыг зогсоож байснаараа нилээд сүсэглэг нэгэн байсан гэж үйл явдлыг нүдээр харсан оросын ахмад дайчдын амнаас сонсож билээ.
Мөн адил Монголын асуудал Яалтын хурлаар маргааш нь шийдэгдэх ёстой тэр шөнө Сталины сэтгэл санаа нь тавгүйтэж зүүрмэглэх зуур хэн нэгэн хүчирхэг нэгэн Миний хайртай монгол үндэстэн заавал тусгаар байх ёстой гэсэн хэн нэгний сүрт дуу хоолой чихэнд нь хүнгэнэх шиг болж Чингэс хаан түүний сүрт жанжнууд нүдэнд нь үзэгдэх шиг болоход байн байн давхийн сэрж зүрх нь дагжин чичэрч түүний нойр нь хулжсан шөнө байлаа.
Дэлхийн талыг эзлэж явсан, орос гүржээс эхлээд олон арван үндэстэнг зуу зуун жилээр эрхшээлдээ байлгасан монгол хэмээх агуу үндэстэн тусгаар байх нь зүйтэй гэсэн Сталины өдрийн наранд дахь өнгөцхөн бодол нь энэхүү шөнийн зүүд совингын дараа Монгол заавал тусгаар улс байх ёстой гэсэн хатуу байр сууриар солигдож, маргаашийнх нь Яалтын хурал дээр батлагдсан төдийгүй энэ нь явсаар Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо 1961 онд  дэлхийн тавцанд 100 хувь баталгаажуулсан дэлхийн улс төрийн шийдвэрийн үндэс болсон юм. Хэдийгээр бид Сталиныг тахин шүтэж долоох шахам байж тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан гэх боловч энэ нь яг үнэндээ түүний зүрх сэтгэлд дэхь Чингэс хааны нэр сүр, Монгол үндэстэнийг үнэлэх түүхэн үнэлэмжтэй салшгүй холбоотой бөгөөд бид Сайн эцгийнхээ нэрийг гурав худалдаж иддэг шиг Сайн хаан эцгийнхээ итгэлээр мянган үедээ ч дархлагдах болно.
 
Тэр цагт Тэмүжин хүү Тэнгэр Эцэгтээ мөргөе  хэмээн
Товцог өндөр дээр гарч тохмоо дэвсэн хүндэтгэл үзүүлээд
Бүсээ хүзүүндээ зүүж өвдөг сөхрөн тэнгэр өөд ширтээд
Бүхий л зүрх сэтгэлээрээ залбирсан  Тэр агуу нэгэн хэн байв?
 
Тэр бол Өүлэн эхэд мэргэн ухааныг өгдөг Тэнгэр Эзэн
Тэр бол өнчин Тэмүжинг газрын хаан болгодог Тэнгэр Эцэг
Тэр бол өстөн дайснуудыг нь тамтаг болгодог Агуу Нэгэн
Тэр бол үндэстэнг босгож хаадыг нураадаг  Тэнгэр Эзэн
 
Түүний нэрийг төрөөгүй хүүхэд ч мэднэ
Түүний сүрээр арслан бар ч амаа хумхина
Түүний үгээр орчлон тогтнож хүмүүн төрнө
Түүнд итгэснээр хаадууд тослогдож  үндэстэн сэхнэ
 
Нурсан Монголын боссон нууц нь Тэр байв
Нууц Товчоонд бичигдсэн учир нь Тэр байв
Азаар хэнийг ч хаан болгодоггүй нь Тэр нэгэн
Ард нь сорилтоор  анаж  байдаг нь бас Тэр нэгэн
 
Тэрхүү сорилтыг Тэмүжин хүү даваад гарсан
Тэнгэрийн ташуур болж түүхэнд мэндэлсэн
Тарсан улсаа алтан бумба шиг босгосон
Тамирдсан түмнээ атгасан шагай шиг хураасан
 
Тэмүжин хүүгийн бишрэх Тэнгэр Эзэнд мөргөмүү
Товцог өндрийн оройгоос  тохой дэлгэн мөргөмүү
Сэтгэл зүрхээ  хослон  хэлээ цөхөртөл мөргөмүү
Сэргэн мандлын төлөө өвдөг сөхөртөл мөргөмүү.
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Д.Эрдэнэцогт

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.