Лу.Болд Оюутолгойн талаар дуугардаггүй нь ийм учиртай гэнэ

22

Лу.Болд Оюутолгойн талаар дуугардаггүй нь ийм учиртай гэнэ

 

Жижиг дундын сүрд олон ноцтой асуудал дарагдаж байх шиг байна. Улс орны, нам хөдөлгөөний, ер нь л хувь хувьсгалын том жижиг олон “хэрэг” нам жим болж байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган дээр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нэгэн ноцтой үг дуугарсан. Тэрээр  УИХ-ын гишүүн Лу.Болдыг бараг л “…Эх орноосоо урвасан” гээд хэлчихэв.

Утгачилбал, “…Оюутолгойн хамгаалагч” гэлээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “…Эх орноосоо урвадаг хүмүүсийг ардчилсан нийгэм бий болгох юм байна гэж бодоогүй шүү, Болд гишүүн ээ. Эх орноосоо урвах битгий хэл, жаахан хөрөнгө дутаасан хүн шоронд явдаг. Та ч гэсэн Болд гуай минь, Оюутолгойгоо хамгаалаагүй шүү. Оюутолгойг өгөхөд дэмжээд л дарсан. Та дуугараагүй, би мэдэж байна. Тэгсэн мөртлөө өнөөдөр гоё гоё юм яриад л. Ийм хулгайч нарыг хамгаалсны чинь төлөө өнөөдөр УИХ-ын нэр хүнд унаж байна. Оюутолгой буруу байна гэж таныг дуугарч байсныг би ёстой мэдэхгүй байна. Дубайн гэрээг эсэргүүцэж байсныг чинь ёстой мэдэхгүй юм. Битгий худлаа ярьж бай. Ард түмэн ой санамжтай, за юу” гэсэн юм.

УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Ц.Даваасүрэн сайд ингэж хэлснийхээ төлөө хэнээр ч шүүлгэхгүй.

Гэхдээ энэ үгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайд яагаад хэлсэн бэ гэдгийг ухах ёстой юм.  Эрж сурах нээ, Лу.Болд, Оюутолгойн гэрээ гэсэн хоёр үг яах аргагүй хоршиж сонсогдох хэмжээнд “дотно” юм байна.

Оюутолгойн гэрээг 2009 онд байгуулах үед Лу.Болд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд байсан. Гэрээг батлах бүх үйл явцад саналын эрхтэй оролцсон гэсэн үг. Тэр үед ямар эрх ашгийн үүднээс санал өгсөн нь эргэлзээтэй харагдаад байгаа юм.

Юутай ч Ц.Даваасүрэн сайдын хардсанчлан Лу.Болд Оюутолгойн талаар өнгөрсөн есөн жилийн турш дуугарч үзээгүй хүн юм байна.

Ийм байр суурьтай байж ирснийх нь шалтгааныг Оюутолгойд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийнхэн гаргаад иржээ.  Д.Тэрбишдагва гишүүний ахалж буй энэ ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болсон бөгөөд гишүүд нь гарын үсгээ зурах л үлдээд байгаа гэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэнд Оюутолгойн давхар даатгалын гэрээтэй холбоотой баримтууд хавсаргагдсан байгаа гэнэ.

Энэ тухай зарим хэвлэлд мэдээлсэн нь ч байна. Тэнд бичсэнээр бол Оюутолгойн 6.0 тэрбум ам.долларын зээлийн гэрээний давхар даатгалыг эрхэм гишүүн Лу.Болдын “Бодь даатгал” компани хийсэн гэж байна.

УИХ-ын гишүүн  Лу.Болдын хөрөнгө, орлогын мэдүүлэгт “Бодь даатгал” компанид хувь эзэмшдэг. Түүний төрсөн дүү нь “Бодь даатгал” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг гэж Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны цахимд байна.

Ингэхээр Ц.Даваасүрэн сайдын хардаад байгаачлан Лу.Болд гишүүн Оюутолгойн талаар үг дуугарахгүй байгаа нь ийм учиртай бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.