Бүлгийн даргыг огцруулах эсэхээс өвлийн улс төрийн чиг гарна

41

 

 

Бүлгийн даргыг огцруулах эсэхээс өвлийн улс төрийн чиг гарна

 

Намар улс төр халуун өрнөж байсан нь элбэг болохоос энэ удаагийн шиг өвлийн эхэн сарын үүр цүүрээр улс төр ингэж "дүрэлзэж" байсан нь ховорхон.

Товчоор хэлбэл, ЖДҮХС-тай холбогдон цахим орчинд өрнөсөн дуулиан савнаасаа хальж Засгийн ч юм уу, УИХ-ын даргын ч юм уу хүзүүг "ороох" дээрээ туллаа. Тэрбум, тэрбумаар эхнэр хүүхэд, танил талдаа тохой татсан гишүүдийн урт цуваа өдрөөс өдөрт нэмэгдэж нийгмийн бухимдал дээд цэгтээ тулах нь тэр. Арга ч үгүй биз. 60 тэрбумыг босгох яриа, 60 хол гарсан тэрбумаар нь бодитой "хуссан" хоёр газар тэнгэр шиг ялгаатай зүйл байх.

ЖДҮ-тэй холбоотой "гал" өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл дээр дүрэлзэж Су.Батболд болон бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцруулах шийдвэрээр үргэлжлэв. Хотын даргын асуудлыг НИТХ-ын хурлаар хэлэлцэнэ. Ерөнхийдөө бол дараагийн хотын дарга хэн байх вэ гэдэг асуудал нам доторх өрнөөд эхэлчихсэн, асуудал шийдэгдсэн гэсэн үг.

Харин бүлгийн даргаа чөлөөлөх эсэх нь өөр нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл, өглөө хуралдах байсан МАН-ын бүлэг 15 цагаас болж хойшилсон нь Д.Хаянхярваа даргын асуудал Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэртэй яг цав нийцэхгүй байна гэсэн үг. Үүнийг ч илтгэж бүлгийн дарга нь өнөөдөр өглөө Засгийн газрыг огцруулах бичгийг боловсруулж гишүүдээс гарын үсэг цуглуулаад эхэллээ. Энэ бичигт АН-ын 9 тэргүүтэй, хоёр сул гишүүн, дээр нь нэмээд гомдогсод гарын үсгээ зурчихвал Засаг дуусаа. Гомдогсод зурж, кнопддоггүй юм аа гэхэд огцруулах чуулганаас мурих нь тодорхой. Ингээд бодоход асуудал улам л адармаатай, ээдрээтэй болж байх шиг. Одоо хэн нь сэргэлэн байж улс төрийн тохироогоо хийж чадна тэр нь "уснаас хуурай гарна".

Тиймээс хожил хоёр тийшээ болох арай болоогүй гэж дүгнэхээр байгаа юм. Бүлгийн даргыг огцруулах уу, авч үлдэх үү гэдгээс шалтгаалж энэ өдрүүдэд МАН дотор өрнөөд буй улс төрийн "тоглоом"-ын хариу гарна. Улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж буйгаар хэрвээ Д.Хаянхярваа гишүүнийг бүлгийн даргаас нь чөлөөлчихвөл асуудал Ерөнхий сайдын талд шийдэгдэнэ. Цаашлаад хоёрдугаар хүний асуудлыг УИХ хэлэлцэх байх гэсэн таамаг байна. Хэрэв бүлгийн гишүүд даргаа авч үлдэхээр санал өгвөл Засгийн газрын ирээдүй бүрхэг болох магадлалтай аж.

 Ямартаа ч улс төрийн хүрээнхэний таамаглаж буйгаар асуудлын зангилаа өнөөдөр үдээс хойш 15 цагаас хуралдах бүлгийн хурлын дараа ерөнхий чиг шугамаа гаргах бололтой.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.