Орос улс хятадуудыг монголоор айлгаж байна

334

 

Орос улс хятадуудыг монголоор айлгаж байна

 

Монгол Улс Оросын хийг өөрийн нутгаар дамжуулах замаар ашиг олохоор тооцоолж байна. Саяхан Ерөнхийлөгч В.Путин Монголын нутгаар дамжуулан хийн хоолой барих санааг дэмжсэн юм. Гэхдээ хий нийлүүлэх асуудал дээр Хятадад хөндлөнгийн оролцоо огтхон ч хэрэггүй бөгөөд Орос-Украины хийн асуудлаарх маргаан шиг зүйл Хятадад тохиолдоосой гэж тэд хүсэхгүй байна. Тэгвэл бодит байдал дээр Орос улс тэс өөр санаа агуулж байгаа аж.
Монгол Улс Оросоос өөрийн газар нутгаар дамжуулан Хятад руу хийн хоолой тавих асуудал дээр хамтран ажиллахад бэлэн байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорнын эдийн засгийн форум дээр мэдэгдсэн. Тэрээр манай талын саналыг дэмжсэнд ерөнхийлөгч В.Путинд талархал илэрхийлээд энэхүү саналыг БНХАУ-ын дарга Си Жиньпин мөн дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. "Бид энэхүү төслийг хэрэгжүүлэх эрх зүйн тогтвортой орчинг бий болгоход бэлэн байна” гэж Монгол улсын төрийн тэргүүн нэмж хэлсэн байна.
 
Өнгөрсөн 6-р сард Ерөнхийлөгч Владимир Путин Х.Баттулга болон Си Жиньпин нартай уулзахдаа Орос улс Хятад руу Монголын газар нутгаар дамжуулан газрын тос болон хий дамжуулах хоолой барих Монголын талын саналыг дэмжиж буйгаа мэдэгдсэн бөгөөд тэрээр "Бид энэ саналыг бүхэлд нь дэмжиж байна. Энэ бол сайхан санаа. Гэхдээ мэдээж хэрэг энэ тохиолдолд ТЭЗҮ-г сайтар боловсруулах хэрэгтэй хэмээн хэлжээ.

 

 

Энэ төсөлд ирээдүй байгаа юу?

 

Өнөөг хүртэл Орос улс хэн нэгний оролцоогүйгээр Хятад руу хий нийлүүлсээр ирснийг бид бүхэн мэднэ. 2014 онд Москва дорнын чиглэлийн гэх тодотголтой "Сибирийн хүч” хийн хоолойгоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх түүхэн гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээний дагуу Орос улс Дорнод Сибирийн ордуудаас /Якутын Чаяндинск, Эрхүү мужийн Ковыктинскийн орд газрууд/ олборлосон хийг оросын дотоодын зах зээл болон Хятадад нийлүүлэх бөгөөд өдгөө хийн хоолойн хэсгийн 40 км шугамын хэсгийг л гагнах үлдээд байгаа ажээ. Анхны нийлүүлэлтийг 2019 оны сүүлээр хийхээр төлөвлөж байгаа ба энэхүү гэрээ ёсоор 30 жилийн турш 400 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 38 тэрбум куб метр хийг жилд нийлүүлэх юм байна. Тухайн үед л баруун чиглэлийн "Сибирийн хүч-2” хийн хоолойг Хятад руу тавих асуудал яригдаж эхэлсэн бөгөөд энэ нь Ямало-Ненецкийн автономит тойргоос Алтайн хязгаараар дамжуулан Хятадын баруун хойд хэсэгт жилд 30 тэрбум куб метр хий нийлүүлэх тухай асуудал байв.
Гэвч энэ асуудлын хүрээнд хий нийлүүлэлтийн хэмжээг тохиролцох асуудал сунжирсан ба талууд уг гэрээнд өнөөг хүртэл гарын үсэг зураагүй байгаа ажээ. ОХУ-ын Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн тэргүүлэх шинжээч Игорь Юшков энэ талаар хэлэхдээ "Бээжин үнийн асуудлаар ширүүн наймаалцаж байна, хийн үнэ өртөг одоогоор яригдаж буй цорын ганц асуудал болж байна гэсэн байна.
Угаасаа хий дамжуулах хоолойг Монголоор дамжуулах үлгэр мэт төсөл хөтөлбөр нь "Сибирийн хүч-2” төслийн этгээд хувилбаруудын нэг юм. Юшковын хэлж байгаагаар "Ерөнхийлөгч Владимир Путин хийн хоолойг Монголоор дамжуулахыг дэмжсэн явдал нь "Хэрвээ та нар хийн хоолойг манай баруун хилээр шууд дамжуулан барихыг хүсэхгүй бол Монгол улсын газар нутгаар дамжуулая” гэсэн санааг Хятадуудад ойлгуулах гэсэн далд санаа бөгөөд ийм тохиололд зүүн эргийн хятадуудад хий хэрэгтэй байгаа учир хоорондох зай нь хамаагүй богиносох боломжтой юм байна.
Тэгвэл өөр нэгэн санал нь хийн хоолойг Монголоор дамжуулах нь Хятадад ямар ч хэрэггүй зүйл бөгөөд хэрвээ Монгол Улс Украин шиг дуулгаваргүй хий дамжуулагч болвол "Москва, Бээжин хоёрт крантыг чинь хаана” хэмээн дарамтлах маягаар, хийн дайныг өдөөж болох талтай гэж хятадууд үзэж байна. Тэр утгаараа Оросын хийн хоолойг Монголоор дамжуулах энэхүү хувилбар нь Москвагийн зүгээс Хятадыг Газпромтой идэвхтэй яриа хэлэлцээ хийхэд нь түлхэц өгөх гэсэн оролдлого гэж үзэж болох юм.
Хятадуудын зүгээс анхнаасаа Оросын хийн үнийг бууруулхыг эрмэлзэж байсан ч харин Газпромын зүгээс ямар нэгэн буулт хийгээгүй юм. Юшковын хэлснээр Газпром Хятадын зах зээлд Европт хий нийлүүлсэнтэй адилаар хийгээ нийлүүлэхийг хүсч байгаа бөгөөд яагаад гэвэл түүхий эдийн бааз нь "Баруун Сибирь” гэсэн нэг л бааз байгаад учир нь оршиж байгаа ажээ.
Хятад улсад гаргаж буй хийн экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулхад 35 хувь өсч 58.4 тэрбум куб метр болж өсчээ.
Монгол улсад мэдээж хий дамжуулах транзит улс болж ямар нэгэн өөр эх үүсвэр хайлгүйгээр Оросын хий худалдан авах нь ашигтай ч тус улсаар хий дамжуулах энэхүү төсөл нь одоогоор биелэх ямар ч боломжгүй хэвээр байна. Тэр тусмаа Дорнын эдийн засгийн форумын үеэр Орос, Хятад хоёр "Сибирийн хүч-2”-ын талаар хэлэлцээ хийж энэ нь дуусах шатандаа орсныг зарлачихсан гэдгийг Veta шинжээчдийн группын зөвлөгч Илья Жарский өгүүлжээ.

Нөгөө талаас дээрх санал санаачлага нь Монгол улс саяхныг болтол Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барихаар төлөвлөж тэр нь экологийн үнэлгээ хийсний эцэст Байгаль нуурын экосистемийг эрсдэлд оруулж болзошгүйгээс үүдэн Оросоос тус улсад тавьж буй өөр нэгэн хувилбар байж болох ч магадлалтай юм байна.
 

 

Оросын "Взгляд” сониноос Ж.Батдорж товчлон орчуулав.


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.