Монголд В.Путин шиг хүчтэй удирдагч хэрэгтэй байна

655
 

 

Ерөнхийлөгч гэдэг албан тушаал хамгийн анх АНУ-д үүсэн бий болжээ.

Үүнээс өмнө дэлхий дээр гол төлөв эзэн хаад болон ноёд вангууд л улс орноо удирддаг байж. Түүнээс хойш цаг хугацаа улиран өнгөрч дэлхийн улс орнууд төрийн тэргүүнээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэдэг албан тушаалд сонгон тодруулж ажиллуулдаг болсон байна. Харин манай улсад бол уг албан тушаал 90 оноос хойш албан ёсоор хүчин төгөлдөр болсон. Аль ч улс оронд Ерөнхийлөгчийн албан тушаал бол улсын нэгдүгээр хүн буюу төрийн тэргүүн байдаг. Тийм болоод ч тэр үү дэлхийн улс орнуудад ихэнх гол гол шийдвэрүүдийг төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгч гаргадаг билээ. Харин манай улсын тухайд гэвэл Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш, парламентын засаглалтай улс. Түүнийгээ бид УИХ хэмээн нэрлэдэг. Гэхдээ Монгол улсын Ерөнхийлөгч гэхээр ямар ч эрх мэдэлгүй хүн гэж ойлгож бас болохгүй.

 Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагч, гадаадад суух элчин сайдыг томилох, эгүүлэн татах, улсын болон цэргийн дээд цол хүртээх, төрийн дээд одон медалиар шагнах, өршөөл үзүүлэх, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх зэрэг эрх, үүрэгтэй бөгөөд Ерөнхий прокурорыг томилох, мөн шүүх засаглалыг удирдах зэрэг эрхтэй байдаг. Ингээд бодохоор Ерөнхийлөгчийн албан тушаал нь тийм ч эрх мэдэлгүй албан тушаал биш гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна. Ард түмний мэдэж байгаагаар манай улсын анхны Ерөнхийлөгчөөс өнөөг хүртэл сонгогдсон хүмүүс бүгдээрээ жинхэнэ лидер удирдагч шиг байж чадаагүй. Тэгвэл дэлхий ертөнцөд байдал ямар байгаа билээ.

Хамгийн наад захын жишээг хэлэхэд манай хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путиний нэрийг энд дурдаж болох юм. Энэ хүний өмнөх Ерөнхийлөгчийн тухайд яриад байх юм бараг байхгүй гэж хэлж болно. Архичин согтуу Б.Ельцины үед Орос улс дааж давшгүй их өрөнд унаж, мафи, зохион байгуулалттай гэмт хэрэг цэцэглэн, олигархууд гэж нэрлэгдсэн хэсэг бүлэг луйварчин этгээдүүд энэ улс орныг гартаа оруулан удирдаж байсан билээ. Ийм л улс орныг В.Путин хүлээж авсан.

В.Путиний намтар гэвэл жирийн ажилчин гэр бүлд өсөж торнин, дараа нь хуульч мэргэжил эзэмшиж, амьдралынхаа ихэнх он жилүүдийг дэлхийд алдартай КГБ-ийн гадаад тагнуулын албанд ажиллаж өнгөрүүлсэн жирийн нэг сэхээтэн хүний намтар байдаг.

Харин тэрээр тухайн үед улс оронд нь үүсээд байсан нөхцөл байдлыг маш сайн ойлгож, Ерөнхийлөгч болонгуутаа аажмаар өөрийн үзэл бодлыг олон түмэнд хүлээн зөвшөөрүүлж, авлига хээл хахуультай тэмцэн, ард түмнээ асар богино хугацаанд ядуурлаас гаргаж, Орос гэдэг энэ аварга том орны алдар хүндийг дэлхийн тавцанд  дахин гаргаж чадсан ухаантай хүн билээ. Харин манайд бол бүх юм эсрэгээрээ байдаг.

Монгол улсад өнөөдөр хүчтэй, ухаантай В.Путин шиг удирдагч хэрэгтэй байна. Түүнээс биш идсэн ууснаараа гайхуулсан, ард түмний дунд нэр хүнд муутай тийм удирдагч бидэнд хэрэггүй. Монгол улс өнгөрсөн хугацаанд багагүй амжилтанд хүрсэн боловч өнөөг хүртэл жинхэнэ ардчилсан иргэний нийгэмтэй болох яагаа ч үгүй байна. Төр засаг нь тэр чигээрээ авилгад бүрэн идэгдсэн, эдийн засаг нь цөөхөн тооны олигархуудын гарт төвлөрсөн, дөрөв дэх засаглал болох хэвлэл мэдээлэл нь мөн хэдхэн улс төрийн нам хүчний гарт орсон цагт Монгол улс  хэзээ ч ардчилсан иргэний нийгэмтэй болж чадахгүй нь ойлгомжтой юм. Харин үүнийг яаж өөрчлөх вэ гэдэг нь та бидний шийдэх асуудал мөнөөс мөн. Ард түмэн өөрсдөө хүчтэй лидерийг сонгож, хүчирхэг удирдагчтай болсон цагт л Монгол улс жинхэнэ ардчилсан хүчирхэг улс орон байх боломжтой гэдэг нь тов тодорхой билээ.                      

 

Ж.Батдорж 

BOLOD.mn 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>