Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга З.Энхболд ийнхүү тайлбарлав

553

 

 

Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга З.Энхболд ийнхүү тайлбарлав

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсвийн тухай  хууль болон дагалдан батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад бүхэлд нь тавьсан хориг тавиад буй. АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихээ илэрхийлсэн бол МАН-ын бүлэг, Төсвийн байнгын хороо хүлээн авахгүй гэх шийдвэр гаргаад байгаа юм. 

Тэгвэл Ерөнхийлөгч ямар шалтгаанаар төсөвт хориг тавьсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд төсвийн байнгын хорооны хуралдаанд ийнхүү тайлбарлалаа.

  • Төсөв батлахад Улсын Их Хурлын 33 гишүүн оролцоогүй
  • Төсвийн нийт зарлага 11.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9.6 их наяд төгрөг болж төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан "нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн "Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага, …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.2.1-ийн "Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчсөн. 
  • Олон жил давтагдаж байгаа "гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум төгрөг хүртэл өсгөн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт "авлига” мэтээр хуваарилж, зураг төсөлгүй олон барилга, байгууламж барихаар тусгасан. Энэ нь Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.11-д заасан "зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүй байх” шаардлагыг зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-ийн "хууль, Улсын Их хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн суурь зохицуулалтуудад нийцэхээргүй байна.
  • Нүүрсний экспортыг 42 сая тонн хүртэл өсгөн, уул уурхайн салбарын орлогыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 их наяд төгрөгт хүргэхээр тусгасан. Үүнийг Үндэсний аудитын газар биелэхээргүй хийсвэр орлого, эрсдэл болно гэж дүгнэсэн бөгөөд энэ нь мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-ийн "жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх” зохицуулалтад нийцэхгүй, зөрчилдөж байна.
  • Хоёр жилийн дараагаас төлөгдөж эхлэх ёстой гадаад өр, зээлүүдийн үндсэн төлбөрийн асуудлыг анхаараагүй, валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй орхисон, Засгийн газрын өрийн нийт хэмжээ 19.5 их наяд хүрсэн байхад сүүлийн гурван жилийн нийлбэрээр 7 их наядын алдагдалтай төсөв баталж Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүллээ. Энэ нь төсөв батлахад зайлшгүй харгалзан үзэж баримтлах ёстой "Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилтууд болон "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэхээргүй байна.
  • Төсвийн зарлагыг 11.5 их наяд байхаар баталсан хэрнээ ирэх онд инфляцийг 8 хувьд барих зорилт тавьсан нь огт авцалдахгүй, Монгол банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлж арилжааны зээл хумигдах, үр дүнд нь иргэдийн ажил эрхлэлт, орлогыг эрс хумих нөхцөл бүрдэх, хүний хөгжлийг тооцоолоогүй, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хэмжигдэхүүнийг тусгаагүй зэрэг засаж залруулах зүйл олон байна.
  • Улсын Их Хурлын гишүүдийг дэмжих сан гэж нэрлэгдэх хүртлээ үйл ажиллагаа нь гажуудан, гэмт хэргийн талбар болох болсон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон бусад зээл олгодог сангуудын зээлийг төрийн захиргааны байгууллагаас олгодог байдлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн таслан зогсоож, улсын төсөвт батлагдсан эх үүсвэрээ нээлттэй, ил тод, хүртээмжтэй бизнесийн зарчмаар зээлдүүлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг 2019 оны төсвийн тухай хуультай хамт өргөн барьж батлуулах шаардлагатай. Товчлон хэлбэл ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд жилийн 3 хувийн хүүтэй зээл авч болохуйц нөхцөлийг бүрдүүлэх ёстой. 
  • Мөн гадаад өр зээлийн асуудалд онцгой анхаарч алдагдалгүй төсөв батлах, хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, "аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх нь төсвийг шинээр батлах нэг том үндэслэл болж байна" гэлээ. 

Төсвийн байнгын хорооны хуралдаанд дэмжигдээгүй саналыг өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>