У.ХҮРЭЛСҮХ ард түмний бус албан тушаалын төлөө ТЭМЦЭГЧ үү

48

У.ХҮРЭЛСҮХ ард түмний бус албан тушаалын төлөө ТЭМЦЭГЧ үү

 

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн төрийн гурван өндөрлөг хагаралдсаар удлаа. Уг нь Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийг эрхэмлэж, парламент хууль сахиулах үүргээ гүйцэтгэж, Засгийн газар хэрэгжүүлэгч үүргээ гүйцэтгэж байх ёстой.

 

Өнөөдөр парламентад  МАН үнэмлэхүй олонхи 64 суудал авсан, сөрөг хүчийн цөөнхийн цөөх суудлыг эзэлж, шаардлага, мэдэгдэл хүргүүлэх  төдий үүрэг гүйцэтгэж байгаа энэ үед  төр, засаг тогтворгүйтгэх нөхцөлгүй. Өмнөх парламентын үед, тухайлбал  олон суудал авсан олон намын төлөөлөлтэй парламентад  хэн нэг хууль санаачлагчийн гарын үсэг цуглуулснаар сайдын огцорч, хамтарсан Засгийн газрын аль нэг улс төрийн хүчний удирдагч чуулганы индэр дээрээс мэдэгдэл хийх төдийхнөөр Засаг огцордог байлаа. Харин энэ удаагийн парламент  тэртээ 2000 онынхтой агаар нэгэн  бүхэлдээ нэг нам үнэмлэхүй олонхи болсон, цөөнх хүч үл хүрэх харьцаатай.  Гэвч  парламент байгуулагдсанаас хойш эрх баригч хүчнийхэн хагаралд, бүрэн эрхийн хугацаа гурав дахь он руугаа дөхөж байгаа ч албан тушаал, эрх мэдлийн төлөө тулаан нь зогсоогүй,  намжих бус ширүүссээр байна.  

 

2000 оны парламентад  намын дарга Н.Энхбаярын /тухайн үеийн МАХН/ тэргүүлсэн Засгийн газар дөрвөн жил тогтвортой ажиллаж, УИХ-ын ажлын алба  ч ирц бүрдүүлэх "толгойны өвчин”-гүй,  72-уулаа ярайтал зэрэгцэн суучихаад ярсхийтэл гараа өргөн асуудлаа баталдаг байлаа.  Харин өнөөдрийн парламентад тээр жилийн  "Чимээгүй парламент”-ын төрийг тогтвортой байлгах чадамж дутлаа.

 

Сонгогч төрийг тогтвортой, түмэн олныг амгалан байлгах гэж нэг улс төрийн хүчинд, тэр дундаа МАН-д итгэж, үнэмлэхүй олонхийн суудал өгснийг эрх баригч хүчнийхэн мэдэж байгаа ч эрх мэдлийг илүүд үзлээ.

 

Тиймээс ч эрх баригч хүчин өнгөрсөн хугацаанд "60 тэрбум”, ЖДҮ-ийн асуудалд холбогдлоо. Өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдал хүлээхэд нөлөөлсөн гэсэн шалтгаар огцруулж, дараагийн Засгаа байгуулсан. Өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар огцрох нөхцөлөө бүрэн хангаад байгаа.   Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх парламентын гаднах эрхэм. Түүнд хууль санаачлах мэдэл байхгүй ч, эрх баригч хүчний даргын хувьд хууль тогтоогчдод нөлөөлөх бүрэн эрхтэй. Гэвч өнгөрсөн жил гаруйн хугацаанд эрх баригч хүчний дуусаагүй хагарал,  Засгийн газарт үүссэн асуудал У.Хүрэлсүхийг удирдагч биш тэмцэгч нэгэн гэдгийг олон нийтэд харууллаа.

 

Өнгөрсөн долоо хоногт эрх баригч хүчин, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг "намын бүлгийн эв нэгдлийг хангаж чадаагүй” гэх үндэслэлээр огцруулсан.  ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг томилох, 2019 оны улсын төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэн шийдвэрлэх байсан ч хойшлогдлоо. 64-ын бүдүүн бүлэг өнөөдөр байнгын хорооны ирцээ ч бүрүүлж чадахгүй төрийн хямраасныг өнгөрсөн бямба гаригийн хуралдаан илтгэнэ.

 

Тиймээс ч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Засгийн газрыг огцруулах санал гаргаж, гарын үсэг зураад эхэлсэн бол гишүүн Ж.Мөнхбат  УИХ-ыг тараах санаачлагыг бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж, энэ долоо хоногоос гарын үсэг цуглуулна” гэдгээ мэдэгдээд байна.  Эрх баригчид  татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг ЖДҮХС болон бусад сангуудаас өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа тэрбум тэрбумаар нь мөнгө хуваарилж олон нийтийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн энэ өдрүүдэд  нуруундаа гэмтэл авсан гэх МАН-ын дарга У.Хүрэлсүх  Засгийн газраа цээжээрээ хамгаалан, огцруулахын эсрэг гудамжны тэмцэл хийх нь гэсэн бор шувуу нисэн бууж байна.

 

Ер нь У.Хүрэлсүх  төр, ард түмэнд бус албан тушаал, эрх мэдэлдээ аминаасаа илүү хайртай нэгэн аж.  Асуудал цааш хэрхэн хөврөхийг таашгүй.

Н.Энхбат

 
Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.