Түшээгээс төрийн албан хаагч болсон эрхмүүд

205

                                         

                                            Уншигч танд түшээгээс төрийн албанд шилжсэн эрхмүүдийг танилцуулж байна.

 

УИХ-ын гишүүн асан Ж.Батсуурь өмнө нь хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдаар ажиллаж байсан ч сайдын ажлаа удаан хийгээгүй юм. Учир нь түүнийг салбараа удирдлагаар хангаж чадаагүй гэдэг шалтгаанаар огцруулсан билээ. Ж.Батсуурь нь сайдын ажлаа өгснөөс хойш Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн асан А.Тлейхан нь өмнө нь хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Тэрбээр амьдралын ихэнх он жилүүдийг эрчим хүчний салбартай холбожээ. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Д.Мураттай өрсөлдөж ялагдсан билээ. Харин одоо Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн асан Б.Болор эдийн засагч мэргэжилтэй. Өмнө нь 2008-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан бол 2012 оны УИХ-ын сонгуулиар гишүүнээр сонгогдсон билээ. Харин 2016 оны УИХ-ын сонгуулиар өвдөг шороодсон тэрбээр одоо Орос гуравдугаар сургуулийн 3, 5, 10, 11 дүгээр ангид эдийн засаг, тооны хичээл зааж байгаа юм байна. “Өөрийнхөө төгссөн сургуульд багшилж, хүүхдүүдэд хичээл заах, дүн тавих бас амаргүй байна шүү” хэмээн фэйсбүүктээ сэтгэгдлээ хуваалцсан байдаг. Сангийн сайд асан Б.Болор хүүхэд байхаасаа багш болохыг мөрөөддөг байсан бөгөөд багшлах боломж олдсонд сэтгэл хангалуун яваа аж.

УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн геологич мэргэжилтэй. Тэрбээр 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. Ардын их хурлын депутатаар 1991 онд сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцаж байсан. Харин 2016 оноос “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байна.

Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Багабандитэрбээр 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын Бүлгийн даргаар ажиллаж байсан. Ингээд 1997-2005 онд Монгол Улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан юм. Харин одоо “Оюутолгой”-н Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн асан З.Энхболд УИХ-ын дарга, Ардчилсан Намын даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2005-2008 онд УИХ-ын гишүүн,  2008-2012 онд УИХ-ын гишүүн,  2012-2016 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын даргаар ажиллаж байв. Мөн 2014 оны арваннэгдүгээр сараас 2016 оны долдугаар сар хүртэл Ардчилсан Намын дарга байсан. Ингээд 2016 оны сонгуулиар МАН-ын гишүүн Д.Лүндээжанцанд “өвдөг шороодсон” ч одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг нь Монгол Улсын 27 дахь ерөнхий сайд юм. Физикч мэргэжилтэй тэрбээр 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 1998 онд Монгол улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан. 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд Монгол Улсын тэргүүн шадар сайдаар ажиллажээ. Ингээд 2008 онд Ардчилсан намын тав дахь даргаар томилогдсон билээ. 2009 оны аравдугаар сарын 28-нд Ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр 1 хоног ажиллаж байв. Харин 2012 оны УИХ-ын сонгуульд түүний удирдсан Ардчилсан нам амжилттай оролцож, хамгийн олон суудал авснаар тэрээр Ерөнхий сайдаар томилогдсон ч 2014 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж байжээ. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ын гишүүн Н.Цэрэнбатад ялагдсан тэрбээр одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байна.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.