Б.Ундармаа “Капитал” банкдаа 2,3 тэрбумын зээл авчээ

818

М.Энхболдыг огцруулбал “ЖДҮ”-г уучлах юм уу? Ийм асуулт соошлаар их явж байна. Хариулт алга. Угаасаа манай төрийнхний “тэмээ” гэхээр “ямаа” ярьдгийн нэг тод жишээ сүүлийн нэг сард өрнөж байгаа ЖДҮ-ийн зээл тойрсон маргаан. Эхэндээ ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай өрнөж байсан яриа замаасаа хазайж 60 тэрбумын бичлэг, М.Энхболдын даргын газрын наймаа, хотын даргыг огцруулах асуудал луу хальтирлаа. Мартсанаас маргааш НИТХ хуралдаж, Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах эсэхийг шийднэ.

Сайн мэдээ гэвэл ЖДҮХС-гээс зээл авсан нөхөд зээлээ буцаан төлж эхэлсэн гэнэ. Сайн ч гэж дээ, хулгай нь баригдаад буцааж өгөхөөр хулгайч биш болчихгүй. Хэрвээ тэгдэг байсан гурван саяулаа хулгай хийе. Хууль дүрмээр ч яах юм.

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” компани 950 сая төгрөгийн зээлээ хүүгийн хамт буцаан төлж, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Ред стар” компани 732 сая төгрөг (үндсэн зээл 700 сая), Б.Солтан гишүүний “Монгол шаазан” компани 951 сая төгрөгийг (үндсэн зээл 950 сая) зээл болон хүүгийн төлбөрт төлсөн байна. Харин МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн “Тайшир өргөө” ХХК 291,8 сая, А.Сүхбат гишүүний дүүгийн “Түгээмэл түмэн хишиг” компани 140 сая төгрөгийг зээлийн хүүд төлжээ. Д.Амарбаясгалан 2015, 2017, 2018 онд “Тайшир өргөө”, “Агро технологи шижирт” компаниар дамжуулан тэрбум 650 сая төгрөгийн зээл авсан байна.

ЖДҮХС-нд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 6-ны хооронд буюу долоо хоногийн дотор УИХ-ын гишүүн М.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банк (тус банкны дүрмийн сангийн 99,9 хувийг “Бишрэлт холдинг” компани, 0,1 хувийн “Таван эрдэнэ” ХХК эзэмшдэг) нийт найман удаагийн гүйлгээгээр 872 сая төгрөгийг зээл болон хүүгийн төлбөрт төлжээ. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн 100 хувь эзэмшдэг “Доктор МЭИК” компани 2017 онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тухай мэдээлж байсан. Гэтэл үүнээс өмнө 2015 онд “Капитал” банк гурван удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээл авсан байна. Зээлийн хугацаа таван жил, хүү нь гурван хувь. Гэтэл арилжааны банкуудын иргэдэд өгч байгаа зээлийн хүү хэд билээ? Б.Ундармаа гишүүн дундаас нь хэдэн хувийн ашиг хийсэн байх вэ?

ЖДҮХС-гийн мөнгө банк бус руу ороод байна гэсэн нь бас л дутуу бодсон хэрэг байж. Банкууд ч бас ЖДҮХС-гаас санхүүждэг юм байна. Тодруулбал, 2015 онд буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ЖДҮХС-гаас 12 тэрбум 540 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг найман банкинд хувааж өгсөн байна. Харин иргэдийн гарт буюу ЖДҮ эрхлэгчдэд очсон зээлийн хэмжээ “0”.

Уг нь бид өнөөдөр энэ тухай л ярих ёстой байв. Төсвөөс (тодруулбал татвар төлөгчдийн мөнгөөр) санхүүждэг төрийн мэдлийн сангуудаа яах вэ? гэж. Олонхийнхоо боломжийг цөөнх нь хулгайлсаар байх уу? гэж. Гэтэл Ерөнхий сайдын “шударга ёсны сэлэм” ганц сайдын сахлын үзүүрт хүрээд нугарлаа. Сайдын суудлаас огцруулаад өнгөрсөн нь Б.Батзоригт бараг л шагнал болов. Ядаж л зээл авсан сайд нарынхаа асуудлыг оруулаад ирэх болов уу гэсэн чинь 60 тэрбумын бичлэг, М.Энхболдын газрын наймаа, хотын даргыг огцруулах юм болоод далийчихлаа. Хажуудаа авсан сайд нарынхаа шуналыг хазаарлаж чадахгүй байж хэзээ хийсэн газрын наймаа вэ, Ерөнхий сайд аа?

 

Baabar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>