Махны экспортод хориг тавья

33

Махны салбарт сэтгэл эмзэглүүлэм үйл явц өрнөж байна…

1999 оноос хойш Монголын мах махан бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулж буй жирийн мэргэжилтний хувьд нүдэнд харагдаж, сэтгэл эмзэглүүлж буй зүйлсийн талаар зориглон бичихээр шийдлээ. Монгол хүн эх орондоо ая тухтай амар тайван ажиллаж хөдөлмөрлөн, эрүүл хүнсээр хангагдах учиртай. Манжийн дарлалын үед ч өлсгөлөн гэдэг зүйлийг үзэлгүй, буянт мал сүргийнхээ хүчинд өнөөдрийн зэрэгт хүрсэн Монгол түмний минь хувьд нэгэн шинэ сорилт тулан ирлээ. Ер бусын тэсвэр тэвчээртэй ард түмэн гэж гайхагддаг Монгол хүний хамгийн амин чухал хэрэгцээ бол мах, гурил. Энэ л хэрэгцээ нь хангагдсан байхад улстөр хямарч, төр сүйрч байсан ч бид тоодоггүй. Гэтэл татвар төлөгч, хөдөлмөр эрхлэгчдийн орлогыг хуу хамагч өнөөх аюултай бирд ТӨР нь энэ салбарууд руу “шунаглан дайрлаа”. Өөрийн мэдэх махны салбарт өрнөж буй үйл явцыг товч сонирхуулъя.

Монгол Улсын мал сүргийн тоо жилээс жилд өсч 2017 оны жилийн эцсийн тооллогоор 66 сая толгойд хүрсэн. 2018 оны мал тооллого одоо ид явагдаж байна. Сүүлийн 5 жилийн статистик судалгаа харахад Монголчууд бид жилд 10-12 сая толгой малыг мал аж ахуйгаас хүнсэнд нийлүүлсэн байна. Хүнсэнд бэлтгэсэн малын тоог нийт малын тоонд харьцуулахад хонь 23%-ийг, ямаа 21%-ийг, үхэр 16%-ийг, адуу 10%-ийг, тэмээ 7%-ийг тус тус эзэлдэг. Мал аж ахуйд хэрэгжүүлж буй мал сүргийн товарлаг байдлыг өсгөх үүднээс хонь, ямаан сүргийн 25-аас доошгүй хувийг, үхэр, адуун сүргийн 15-аас ихгүй хувийг, тэмээн сүргийн 3-аас ихгүй хувийг тус тус хүнсэнд хэрэглэх бодлогыг хэрэгжүүлдэг юм.

ХХААХҮЯ-наас өгч буй тоон мэдээллээр жилд экспортлох махны тоо хязгаартай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн баталсаны дагуу жилд:

– Хонь 3.412.400 толгой буюу маханд шилжүүлсэнээр 61.4 мян.тонн,
– Ямаа 3.132.900 толгой буюу маханд шилжүүлсэнээр 47.0 мян.тонн,
– Үхэр 214.200 толгой буюу маханд шилжүүлсэнээр 27.9 мян.тонн,
– Адуу 291.000 толгой буюу маханд шилжүүлсэнээр 43.6 мян.тонныг тус тус экспортонд гаргаж байна.

Гэхдээ үүгээр зогссонгүй. Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлыг үндэсний зөвлөлийн 2017.11.29-ний өдрийн хурлаар 2017-2018 онд хонь, ямааны махны экспортын тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүйгээр тус тус шийдвэрлэж орхисон.

Тоо баримтаас харахад мах гадагшаа улс орон луу худалдах маш ашигтай. “Малчид мөнгөжин, зах зээл тэлж байна” хэмээн ТӨР мэдэгдэнэ. Гэвч бодит байдал тэс ондоо буйг энэ салбарын компаниудын үйл ажиллагаа, дотоодын худалдааны зах зээл харуулж эхэлсэн. Одоо махны чиглэлийн компани бүр Хятад Улс руу экспорт хийхээр ХХААХҮЯ, МХЕГ /мэргэжлийн хяналт/, ГЕГ /гааль/-ыг тойглох болов. Валютын орлого огцом олдог бизнес тул улстөрчид ч компани байгуулан олноор орж эхлэв. Малын өвчин тасралтгүй гардаг тул Европын холбоо, Япон г.м 3-дагч улс орнуудад экспорт эрс бага. Энэ бүх таатай боломж дээр Хятад бизнесмэн, Хятадтай хамтарсан компаниуд хөдөлж эхэлсэн. Тэд маш богино хугацаанд Монголын махны салбарт ноёрхолоо тогтоож чадлаа. Хуучин хэдэн ченж нараа шүүмжилдэг байсан бол одоо экспорт нэрийн дор орон нутгийн махны худалдаа бүхэлдээ Хятадуудын гарт оров. Дотоодод махны зохиомол хомсдол бий болж ҮНЭ эрс өслөө.

Өнөөдөр үхэр, адуу, хонь г.м өргөн хэрэглээний махны үнэ түүхэн рекорд тогтоон нэмэгдчихээд байхад санаа зовох хүн алга. Бүгд улстөрийн хэрүүл үзэн УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын талд хуваагджээ. “Махны үнэ өсөх нь зах зээлийн жам”, “Махны экспорт Монголын хөгжил” г.м-ээр шүүмжлэх ухаантангууд олширсон. Гэвч тэдний хэн нь ч энэ салбарын ард өрнөж буй шударга бус тогтолцоог хэлж, ярьдаггүй. Мөн мэдэхийг ч хүсдэггүй. Нэгэн үеээ бодвол Монголд үхэр өсгөдөг фермүүд бий болсон. Монгол хүний хамгийн амин чухал хэрэгцээ бол үхрийн мах тул олонхи иргэд талархдаг. Гэвч энэ тансаг зэрэглэлийн чанартай мах дотоодын зах зээл буюу жирийн иргэдэд очдоггүй. Тун бага хэмжээгээр тансаг зэрэглэлийн ресторан, хувь иргэдэд худалдаалагдана. Их хэмжээгээр зах зээлд нийлүүлэх боломж нь ч хязгаарлагдмал. Бүтэн 2 жил арчилан өсгөж байж 1 сайн махны чиглэлийн тарган үхэр бий болдог болохоор аргагүй. Ийм байхад ард түмэн Монголын махны салбарын гадагшлах үйл явцад эмзэг хандах учиртай. Иргэдийн орлого буурч, компаниуд санхүүгийн сахилга батад шилжсэн өнөө цагт өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүн махны үнэ тогтвортой байх ёстой.

Манай сэхээтэн давхаргын цөөнгүй хэсэг “малын махны үнэ нэмэгдэх сайн. УБ хотын ажилгүй иргэд орон нутаг руугаа буцан явж мал маллах, ашиг орлого олох нөхцөл бүрдэнэ” гэж онолддог. Гэвч бодит байдал дээр “сард 1 сая төгрөгийн цалин өгөөд ачаалал даагаад ажилла” гэхэд ажилтан олдохгүй байна. Халамжийн бодлого он удаан жил хэрэгжүүлсэний эмгэнэлтэй үр дүн. Хэрвээ махны экспорт дэмжсэн бодлого цаашдаа ч үргэлжилсээр байвал Монгол орны хүнсэнд нийлүүлэх мал сүргийн тоо аюул дагуулах хэмжээнд очихоор байна. 4-хөн сая үхэр сүрэгтэй мөртлөө экспорт хийн таахалздаг, махны дотоодын хэрэглээгээ хямруулчихаад валютын орлого гэж суудаг орон хэд байдаг бол. 2018 оны намар “өвлийн идэш”, “мах бэлтгэл”-ээр орон нутгийг зорьсон хүмүүс “ажигласан” гэдэгт итгэлтэй байна. Монгол орчуулагч дагуулсан Хятад бизнес эрхлэгчид 60 тонны автомашинтай аймаг, сум бүрт оччихсон аль өнгөтэй, өөдтэй гэсэн мах бүрийг сорчлон түүж хадгалсан, экспорт хийн гаргасан. Түүхий мах хилээр гаргах квоттой тул том том саванд гал өрдөн “чанасан мах” мэт өнгө хувиргаад л хил гаргах болсон. Энэ гажиг бизнес дотоодын зах зээлд хомсдол мөн огцом үнэ өсөх уршиг авчирлаа. Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат гуай хууль хяналтын байгууллага, Монгол төр энэ асуудлыг анхааралдаа аваач гэсэний төлөө шүүмжлүүлж буйг хараад сэтгэл өвдөнө. Иргэн та бидний идэх махны төлөө л тэр хүн үгээ хэлж, сэтгэлээ чилээж сууна.

МАХНЫ ЭКСПОРТОНД ХОРИГ ТАВИХ ЦАГ БОЛСОН…

Хүнсний технологич Г.Цэрэндулам

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.