Г.МӨНХБААТАР: АХЫГАА БАРИМАЛ БОЛГООД СУУХ Ч ГЭЖ ДЭЭ ГЭЖ СЭТГЭЛ ИХ ШИМШИРСЭН

79

Г.МӨНХБААТАР: АХЫГАА БАРИМАЛ БОЛГООД СУУХ Ч ГЭЖ ДЭЭ ГЭЖ СЭТГЭЛ ИХ ШИМШИРСЭН

 

Олонд “Морины Мо” нэрээр танигдсан СТА, зураач, барималч, яруу найрагч, уран бичлэгийн багш Г.Мөнхбаатар ихэнх цагаа урлангийн жижиг өрөөндөө өнгөрөөдөг. Монголын зохиолчдын эвлэлийн байрны 301 тоот өрөөнд байрлах түүний энэ өрөөнд зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж конторлодог байжээ. Урлангийн босгоор давах тэр мөчөөс он цагийн хэлхээсээр зорчих мэт эгэлгүй сэтгэгдэл төрүүлэх нь ярицлагыг минь улам хөгөлсөн юм. Ингээд “Морины Мо” буюу зураач Г.Мөнхбаатартай цөөн хором ярилцсанаа хүргэе.
 
-Таныг хүмүүс “Морины Мо” гэж авгайлдаг юм билээ. Тантай танилцаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Морь зурдаг болохоор нь ингэж нэрлэсэн юм болов уу гэтэл үгүй бололтой. Ямар нэг нууц бий юу?
-Ямар юмных нь нууц байх вэ. Монголжингоо гэдэг нэрнээс болсон юм. Оюутан байхдаа үеийнхээ нөхөд дундаа монголжуу хувцасладаг байсан. Зураач, урлагийн хүн гээд гэзэг үсээ ургуулж сур, шагай зүүж, хадны сүг зурагтай хүрэм өмсөнө. Тухайн үед их этгээд харагддаг байсан байх. Одоо бол хэвийн үзэгдэл болж. Тэгж хувцаслахаар үеийнхэн маань “Монголоо”, “монголжингоо” гэх зэргээр дуудна. Сүүлд “Мо” болж товчлогдсон доо. Яахав, хүнд цаанаас нь тохирсон хоч заяадаг юм шиг. “Морины Мо” гэж дуудуулах их дуртай. Энэ нэрэндээ ч хайртай.
-Та морь голчлон зурдаг. Яагаад заавал морь зурдаг юм. Өөр бусад зүйл зурж болохгүй гэж үү?
-Бага байхын л харандаа барингуутаа морины толгой зурчихдаг байлаа. Тэгээд ч багаасаа морь унаж өссөн. Өвөө аав маань уяач хүн  байсан. Тийм болохоор сэтгэлд минь хамгийн ойрхон байдаг. Яагаад голчилж байна гэхээр төрийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг төсөл маягаар зурж “Сувдан хөлс” нэртэй үзэсгэлэн гаргасан юм. Түүнээс  хойш дараа дараагийн үзэсгэлэнгийн хүлээлт үүссэн учраас морин дээрээ тулгуурлах болсон. Яг үнэндээ хэнд ч хэлээгүй, бас үзүүлээгүй нууцаа хэлэх үү.
-Гэргийдээ ч хэлээгүй нууц гэсэн үг үү?
-Манай хүн аль хэдийнэ таамагласан байх. Гэхдээ найзууддаа ч хэлээгүй нууц гэж хэлж болно. Саяхнаас морь оролцуулаагүй уран бүтээлүүд хийж эхэлсэн. Гэхдээ ямар урсгалын ямар бүтээл гэдэг нь нууц.
-Удахгүй үзэсгэлэн гаргана гэж ойлгох уу?
-Тэгж хэлж болно.

-Зураач хүн бүрт бүтээлээ хийх тогтмол цаг гэж байдаг. Дийлэнх зураачид анир чимээгүй гэж шөнийн цагийг сонгодог юм шиг ээ. Таны хувьд?
-Уран бүтээлч хүний сэтгэл санаа өдрийн цагаар тогтож өгдөггүй юм шиг санагддаг. Зөвхөн зураач гэлтгүй яруу найрагчид ч гэсэн ихэвчлэн шөнөөр сууж уран бүтээлээ хийдэг. Миний хувьд ч тийм. Гэхдээ хааяа өглөө эрт суух үе бий. Ерөнхийдөө шөнийн 00.00 цаг хүртэл сууна. Заримдаа халуураад шөнийн 3-4 цаг хүртэл суучихдаг. Одоо бодох нь ээ, аниргүй цагийг их сонгодог юм байна.
-Та бага байхын морь зурж байсан гэлээ. Энэ урлагт хэрхэн шимтсэн юм бэ. Гэрийнхэн тань нөлөөлөв үү. Эсвэл амьдрал өөрөө ингэж зурсан юм болов уу?
-Гоё асуулт байна. Амьдрал өөрөө зурсан гэж хэлбэл илүү итгэл үнэмшилтэй сонсогдох байх. Яг үнэндээ манай удамд урлагийн хүн байхгүй ч уран хүн олон бий. Ер нь авъяас, мэдрэмж гэдэг ганц үзүүртэй зүү шиг санагддаг. Түүнийг хааш нь хөрвүүлэхээс бүх зүйл шалтгаалдаг юм шиг. Би урлагт дурлаж, шимтсэн нь өвөө аавын морь уядгаас болсон гэж боддог. Хүлгийг шинжих, мэдрэх сэтгэлийн болон нүдний ур  өнөө цагт  гараар минь дамжаад бүтээл болдог гэж боддог. Ингэхээр амьдрал миний ирээдүйг зурсан болж таарч байгаа биз.
-Надад ч гэсэн тэгж санагдлаа. Та саяхан “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-очир агсны цээж баримлыг урласан. Тэр баримлыг ажиглахад дороос нь харж буй мэт дүрсэлсэн байна лээ. Учиртай л байхдаа?
-Талийгаачийг дурсч цээж баримлыг нь хийхэд сэтгэлд үнэхээр хүнд байлаа. Аливаа уран бүтээлийг хийхэд сэтгэлийн таашаал, баяр хөөр байх ёстой атал тэр бүтээлийг хийхэд ямар их гуниглал төрсөн гээ. Муу ахыгаа баримал болгоод сууж байх  гэж дээ гэж эрхгүй бодсон. Миний бүтээсэн ихэнх баримал өөдөөс харсан байдалтай байдаг юм. Харин ахын баримлыг зориудаар жишүү өнцгөөс бүтээсэн.  Талийгаач маань их амарлингуй, харц даруу хүн байсан. Бурхны мэлмий шиг харааны өнцөгтэй хүн л дээ. Тэгээд зориудаар тийм өнцгөөс хийхдээ үс нь салхинд сэвэлзэж буйгаар хийхийг хичээсэн дээ.
-Ажиглаад байхад аливаа зураачид эхнэр, нөхрөө нүцгэнээр нь зурсан тохиодол цөөнгүй бий. Танд ийм санаа төрж байв уу. Эсвэл аль хэдийн биелэлээ олсон асуулт асуучихав уу?
-Арай ч биелэлээ олоогүй ээ. Санаа бол бий. Тамирчин хүн өдөр бүр дасгал хийдэг шүү дээ. Түүн шиг өдөр болгон таталбар хийх ч шаардлага гардаг. Тэр утгаараа зориуд нүцгэн таталбар хийе гэж боддог л юм. Ганц нэг тийм таталбарууд ч бий. Тэр болгонд уран бүтээл болгочихъё гэж боддог боловч амжихгүй л байна. Хэтдээ эхнэрийнхээ залуу сайхан насыг бүтээл болгож үлдээе гэсэн бодол бий. Гоо сайхан мөнх байхгүй шүү дээ. 

-Таны бүтээлүүдээс “Парисын дарь эхийн сүм”-ийг морьдоор дүрсэлсэн зураг сонирхол татсан. Яагаад заавал морь гэж вэ. Та мориор дагнаж зурдаг болохоор тэр үү?
-Яахав. “Blue Mon” арт галерей жил бүр Францын төвтэй хамтарч уралдаан зарладаг юм. Тэр уралдааныг сонсоод бүтээл хийхээр шийдсэн юм. Тэгээд энэ том бүтээлийг сонгож зурахаар болсон. Урлаг өөрөө гоо сайхан шүү дээ. Сохор доголон хүн зурлаа гэж бодоход “Парисын дарь эхийн сүм” байна гэж харах боловч урлаг болохгүй юм шиг санагдсан. Морь дагнадаг уран бүтээлчийн хувьд заавал хүн зурах албагүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд Квазимодогийн царай муутай дүрийг гаргах биш харин түүний дотоод гоо сайхныг дүрсэлж хангал хар азарга болгож зурсан. Харин түүний бэрхшээлийг зурахдаа өнөөх азарганыхаа өрөөсөн хөлийг богочтой зурсан. Эсмеральдаг цагаан мориор дүрсэлсэн. Дээрээс нь ламтны хорон санааг зориудаар  орилж байгаа хар хэрээгээр төлөөлүүлсэн. Харин хотын ард түмнийг шаазгайгаар дүрсэлсэн. Олны хэл ам гэсэн үг л дээ.

-Таны энэ бүтээлийг хараад өнөөгийн нийгэм тэр чигээрээ байна гэсэн бодол эрхгүй төрсөн.
-Баярлалаа
-Үзэсгэлэнгээ яагаад “Сувдан хөлс” гэж  нэрлэсэн юм бэ. Өмнө нь “сувдан хөлс” гэж сонсож байгаагүй юм байна?
-Хурдан морийг сойж эхлээд шавар хөлс гардаг. Дараа нь давсгүй болж тунгалагшдаг. Бүр уяа нь орохоороо тув тунгалаг, шүүдрийн дусал шиг бөнжигнөн хөлөрдөг. Тийм хөлстэй морийг уяа нь ханасан гэж ярьдаг шүү дээ. Энэ утгаар нь бэлэгшээж өгсөн нэр л дээ. Нөгөө талаасаа уяа нь ханасан  морь шиг чанартай уран бүтээл хийх далд утгаар энэ сайхан нэрийг өгсөн. 
-Таны зурагнуудад бэлгэдлийн зүйлүүд их ажиглагдлаг. Тухайлбал үнэг, шувуу, ирвэс, гөрөөс зэргийг морьтойгоо хослуулсан байдлаар олон зурсан байна лээ?
-Зүгээр л нэг “Моно Лиза”-гийн хөрөг шиг энгийн зураад явах бол нэг хэрэг.
-Уучлаарай. Леанардо да Винчигийн хамгийн алдартай бүтээлийн нэг. Дэлхий нийтэд гайхагддаг бүтээл шүү дээ?
-Үүнтэй хэн ч маргахгүй. Миний хэлэх гэсэн санаа бол дэлхий дахинд үнэлэгдсэн зүйлийг бид давтах учиргүй л дээ. Харин Монгол ёс уламжлал, бэлгэдэл шингэсэн зүйлийг уран бүтээлдээ өвөрмөцөөр тусгах нь зөв гэж боддог. Жишээлбэл, хүүхэдгүй хурдан морь зурж болохгүй. Муу ёр шүү дээ. Хүүхэд нь унасан юм шиг харагдана. Хүүхэд зурахаар бас болохгүй. Тийм учраас  хүүхдийг шувуу, хадаг зэргээр төлөөлүүлдэг. Жолоонд нь хадаг уяатай байвал хүмүүс бас ойлгоно шүү дээ. Дээрээс нь ирвэс, гөрөөс зэрэг амьтдын хувьд морины язгуур шинжийг харуулах гэж зурсан. Ирвэсийг морьтой хамт зурахдаа ирвэсний амыг нь хадгаар боосон байгаа биз. Амыг нь боохгүй зурчихвал бас  гажуудалтай болчих гээд байгаа юм. Амьд байгальдаа нэг нь нөгөөгөө барьж иддэг шүү дээ. Иймээс л ирвэсний амыг хадгаар боож зурсан. Уран бүтээлч хүний хувьд хөнөөлгүй оршоох, араатан ч бай хайрлах сэтгэлийн үндсэн дээр бэлгэдлийн дүрслэлийг бүтээлдээ оруулдаг. Би зургаа зурж байхдаа үргэлж сайн сайхан зүйл боддог. Муухай зүйл бодвол тэр сайхан хүлэгт маань муу мууха бодол оршино гэж эмээдэг юм.
 -Та зургийнхаа уран бичлэг хийдэг юм байна. Монгол үндэсний бас нэгэн том соёл шүү дээ. Танд шавь бий юу?
-Уран бичлэгийн хувьд олон шавьтай. Шавь нар маань уран бүтээл туурвиж байгаа. Долоо наймдугаар ангийн хүүхэд ч бий. Өндөр настангууд ч бий. Ер нь олон шавьтай хүн дээ, би.

-Та бас дуулдаг, шүлэг бичдэг. Хэтэрхий олон авьяас надад заяаждээ гэж бодож байв уу. Уг нь энэ авьяасууд хүнд тус тусдаа заяах учиртай юм шиг ээ?
-Би өвөг дээдэстээ л их баярлах юм даа. Бас урьд насны үйлийн үр гэж байдаг шүү дээ.Магадгүй лам хуварга  хүн байсан юм болов уу гэж боддог. Дээр нь өвөг дээдсийн минь буян хишгээр авьяасын захтай, солгой буруу хоолойгүй төрсөн байх. Гэхдээ олон юм хийх нэг талдаа дэмий. Учиргүй их яруу найраг бичээд явбал зургаа зурж чадахаа болино. Дан ганц зургаа зураад байвал яруу найргаар дутаад дотор үймрэх үе гарна. Хамгийн гол нь эдгээрийг зохицуулж чаддаг байх хэрэгтэй. Тийм ч юм чаддаг, ийм ч юм хийж чаддаг гээд юм болгон руу далдагнавал байвал буруу болно. Өөрийгөө цэгцэлж сурах нь хамгийн чухал юм байна лээ. Ер нь алинаар нь ч бай халтуурдсан юм хийхгүй, чанартай уран бүтээл хийхийг л хичээдэг дээ.
Л.Сайнбаяр

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.