Бэлэггүй цагаалахыг ахмадууд дэмжихгүй л болов уу

517

Цагаан сарын баяр хаяанд ирчихлээ. Энэ жилийн хувьд Цагаан сар жаахан эрт болох нь. Тиймээс шинэ жил өнгөрмөгц л хүмүүс Сар шинийн баярын бэлтгэлээ базаагаад эхэлчихэж. Хаа сайгүй Цагаан сард зориулсан бэлэгнүүд худалдаалж, телевиз радио, цахим сүлжээгээр энэ төрлийн сурталчилгаа хөвөрнө. Одоо тэгэхээс ч яах вэ. Монголын үндэсний том баяр болоход 20 гаруйхан хоног үлдчихлээ.

Энэ баяр бол хол ойрын ахан дүүстэйгээ уулзаж, ахмад настантайгаа мэнд мэдэлцдэг үндэсний том баяр шүү дээ. Монголчууд Цагаан сараар шинэ дээл хувцас хийлгэн өмсч, идээ ундааны дээд бүхнээрээ ширээ засч, ирсэн зочдыг цайлж буцахад нь гарыг нь цайлгадаг ёстой, бас уламжлалтай.

Харин сүүлийн жилүүдэд Цагаан сар дөхөхөөр л “Бэлэггүй цагаалъя”, “Мөнгө бэлэглэе” гэх зэрэг уриалга гарган хүмүүс өөр хоорондоо мэтгэлцдэг боллоо. Энэ жил ч гэсэн энэ уриалгууд цахим сүлжээнд гарч, хүмүүс мэтгэлцээд эхэлчихжээ.

Энэ баярын утга учир нь бэл бэнчингээрээ өрсөлдөхдөө гол нь биш, гагцхүү орсон гарсан хүмүүсийн алгыг өөд харуулахад л орших учиртай. Тиймээс бэлэггүй цагаална гэдгийг хүмүүс дэмжихгүй л болов уу. Өндөр настай өвөө эмээ маань ч тэр дургүйлхэх биз. Аягүй бол зарим нь жилд ганц удаа ахан дүүсээрээ бүрэн дүүрэн цугладаг баяраар ах дүү, ач зээг минь хоосон гаргалаа гээд үр хүүхдүүдээ гомдох байлгүй. Ёсоо ч бодвоос өндөр настай өвөө эмээ, аав ээжийнхээ нэрийг ч бодвоос зочдынхоо гарыг цайлгах нь зүйтэй гэж бодож байна. Цахим сүлжээн дэх хүмүүсийн олонхи нь ийм л байр суурьтай байгаа нь ажиглагдав.

Монголчуудын амьдрал хүнд байгааг мэдэж байна. Монголчууд ядуу байна. Гэхдээ шинэ сар гарах гэж байна. Алийн бүр мууг ярьж, эвэр хошуулж суух вэ. Жилдээ ганц тохиох үндэсний том баяраараа бэл бэнчингээрээ өрсөлдөхдөө гол нь биш, их бага нь хамаатай юу сэтгэлийн бэлгээрээ ирсэн зочдоо баярлуулаад гарах хэрэгтэйг ухаарч жаахан ч гэсэн бэлгээр хүүхэд хөгшдийг баярлуулан гаргаарай гэж захимаар байна.

Харин бэлгээ сонгохдоо л ухаалаг хандах нь зүйтэй болов уу. Бэлэг гэхээр нь эрээний “хог”-нууд нүдэндээ харах хэрэггүй шүү дээ. Амьдралд олон сонголт байдгийн адил, бэлгэнд бүр олон сонголт бий. Ингэхдээ үндэсний үйлдвэрлэлийг сонгоно уу, бэлэн мөнгөө өгнө үү тэр таны сонголт. Юутай ч аав ээжид тань хүндлэл үзүүлэхээр зорьж ирэх ах дүүс найз нөхөд, хамаатан саднаа хоосон битгий гаргаарай гэж захих байна.

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

http://mminfo.mn/news/view/21121

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>