Онцгой байдал номер нэг агентлаг болох зорилт тавив

663

Онцгой байдал номер нэг агентлаг болох зорилт тавив

 

Онцгой байдлын албаныхан жилдээ нэг удаа хот, хөдөөгүй цуглардаг уламжлалаараа оны эхэнд ийнхүү чуулж байна. Энэ жилийн стратегийн цугларалтад ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100-аад удирдах ажилтан хамрагдаж байгаа юм. Энэ үеэр бүтэн жилийн алдаа, оноогоо ярилцаж,  сургамж, туршлагаа хуваалцдаг. Мөн хариуцсан ажилдаа эзэн болсон газар, хэлтэс, албан хаагчдыг нэрлэж урамшуулдаг онцлогтой.

Ээлжит цугларалтын нээлтийн үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин ”Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарсантай холбогдуулан шинэчлэх, өөрчлөх дүрэм, журам, зааврыг 2018 онд бүрэн баталж, эрх зүйн орчны шинэчлэлтийг бүрэн хийлээ. Мөн  Засгийн газрын тогтоолоор Онцгой байдлын байгууллагын 10 анги, салбарыг орон нутагт шинээр байгууллаа. Цаашид ч Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг ард иргэддээ хүртээмжтэй хүргэх талаар Засгийн газраас ихээхэн анхаарч ажиллана” хэмээн онцолсон юм.

Харин  газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнгөрсөн онд ажил үйлсээрээ манлайлсан газар хэлтэс, үйл ажиллагаа, төлөвлөгөөг 100 хувь биелүүлсэн тэргүүний албан хаагчдад бүрэлдэхүүний өмнө баяр хүргээд  “Албаны хэмжээнд өнгөрсөн онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг зохион байгуулж байна. 2018 он Онцгой байдлын байгууллагын хувьд албаны болон алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хууль, эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүд хийгдэж, Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын хүрсэн ололт амжилтыг Азийн улс орнуудад таниулж Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан амжилт бүтээлийн жил байлаа.

Тухайлбал, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд  Засгийн газрын  хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг,  Шадар сайдын  тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг болон ерөнхий газрын даргын тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг батлан гаргаад байна” гэлээ. Мөн 2020 онд онцгой байдлын байгууллага Монгол Улсын номер нэг агентлаг болохын төлөө ажиллая. Үүний тулд ажлын хариуцлага, албаны нэр хүндээс эхлээд бүх зүйлд хариуцлагатай, манлайлагч байх ёстой гэсэн юм. Үүнээс гадна 2019 онд цэргийн албыг хэвшүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэсэн зорилтыг дэвшүүллээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өнгөрсөн онд улсын хэмжээнд тохиолдсон нийт 4367 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 1125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

 

Энэ үеэр Ховд, Дорноговь аймагт өвөлжилт ямар байгаа талаар тодрууллаа.

 

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт:

-Өнгөрсөн жил баруун аймгуудад өвөлжилт хүндэрсэн. Мөн зун үер ус, Отгонтэнгэрт болсон осол гээд багагүй сургамж авч, дадлага туршлага хуримтлууллаа. Баян-Өлгий, Ховд аймагт болсон үерт 3000-4000 иргэн өртсөн. Арваннэгдүгээр сард манай аймагт хүчтэй цасан шуурга болсон. Энэ бүгдээс гамшгаас хамгаалах арга тактикыг өөрчилж ажиллах талаар салбарын хэмжээнд зөвлөлдөж байна. Манай аймагт эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулагдсан. Ховд аймагт өвөлжилт хэвийн байгаа. Баян-Өлгий, Завханы зарим суманд өвөлжилт хүндэрч магадгүй байна.

 

 

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням:

-Манай аймаг хоёр хөршийг холбодог босоо тэнхлэгийн хамгийн урт замтай. Өмнөд хөршийн дөрвөн аймагтай хил залгаа, уул уурхай ихтэй учраас гамшгийн эрсдэл өндөр.  Өнгөрсөн жил Айраг суманд их хэмжээний үер буусан зэргээр тэрбум гаруй төгрөгийн хохирол гарсан. Үер уснаас хамгаалах, аврах ажиллагааны багаж хэрэгслээр хангасан. Ирэх онд Говийн чоно  олон улсын дадлага сургуулилт манай аймагт болохоор төлөвлөсөн.Аймгийн хэмжээнд өвөлжилт хэвийн байна. Цас бага орсон.

 С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>