Д.Сарангэрэл: Ё.Баатарбилэг гишүүн хариуцлагагүй мэдэгдэлдээ уучлал гуйх ёстой!

351

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асууж хариулт авах үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Дарга цэрэг, албан тушаал ярихаараа цугладаг шигээ цуглаж, ажлаа хиймээр байна. Гадуур томуугийн халдвар их байна, халдварын улмаас хүүхдүүд олон тоогоор эндэж байна. Цэрэг бурхан боллоо. Нийгэмд асар их хариуцлагагүй зүйлс болж байна, энэ асуудлуудад анхаарал хандуулах байх гэж найдаж байна" гэлээ.

Ё.Баатарбилэг гишүүнийг эрүүл мэндийн салбарт томуугийн дэгдэлт их байгаа талаар байр сууриа илэрхийлсний дараа ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл үг хэлж, мэдээлэл өгөв.

Тэрээр "Би улстөрийн асуудалд эрүүл мэндийн салбар, хүүхдүүдийг хутгаж байгаад үнэнхүү дургүйцэж байна. ЖДҮ-ийн зээл 950 сая, нас барсан хүүхэд 950 гэж сошиал орчинд тарсан. Хэрвээ томуу, томуу төст өвчнөөр хүүхэд олноороо эндсэн бол Эрүүл мэндийн салбар нуухгүй, тийм эрх байхгүй. Одоогийн байдлаар H1N1 вирусийн улмаас нэг ч хүүхэд эндээгүй. Үүнийг нэн сайн гэж бодож байна. 2017, 2018 онд хатгалгааны эсрэг вакцин хийсэн нь үр дүнгээ өгч байна гэж харж байна. Өнөөдөр 20, 30 жил УИХ-д ажиллаж байгаа гэж гайхуулан ярьдаг хүмүүст хандаж нэг үг хэлмээр байна. Агаарын бохирдлыг бууруулахад 500 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ лээ. Ганц сайжруулсан түлшний үйлдвэр, хүүхдүүддээ хүрэлцээтэй ортой эмнэлэг барьчихгүй дээ. Үүний дараа бол улстөр хийж болж байна.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өдөр, шөнөгүй ажиллаж байж томуугийн дэгдэлтийг цурманд оруулаад байна. Энэ салбарынхны хөдөлмөр зүтгэлийг доромжилсон Ё.Баатарбилэг гишүүн уучлал гуйх ёстой.

Өнөөдрийн байдлаар H1N1 вирусийн улмаас улсын хэмжээнд насанд хүрсэн долоон хүн нас бараад байгаа. Улаанбаатарт дөрөв, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь аймагт тус бүр нэг иргэн томуугийн вирусийн халдвар авч нас барсан. Эрүүл мэндтэй холбоотой асуудлыг улстөржилтөнд бүү оруул, тэр тусмаа хойч ирээдүй болсон хүүхдүүдийг бохир улстөртэй бүү хутга." гэлээ. 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>