“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаас татгалзаж эх оронч санаачлага гаргах уу, иргэд ээ

623

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаас татгалзаж эх оронч санаачлага гаргах уу, иргэд ээ

 

Цагаан сарын баяраа сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Одоо ажил хэргээ ярьцгаах уу, хүмүүс ээ. Монголчууд газрын баялгаасаа хувь хүртэх боломж бодитой болж байгаад бүгд баяртай байгаа. Тэр нь Эрдэнэс Тавантолгойн хувьцааны ногдол ашиг хуваарилах болсон тухай таатай мэдээ. Монголчууд  бараг бүгдээрээ энэ компанийн хувьцаа эзэмшигч гэдэг утгаараа энэ мэдээг чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрөөхгүй нь тодорхой.

Монголын төрийн өмчит компаниудаас “Эрдэнэс Тавантолгой” компани шиг үр ашигтай ажиллаж байгаа нь бараг  үгүй байх. Өнгөрсөн 2018 онд 720  тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан, түүнээс гадна  улсын төсөвт оруулсан хувь хэмжээ үлэмж их буюу 530 тэрбум  төгрөг гэсэн тоо яригдаж байна.  Хамгийн чухал нь одоо тус компани гадаад  дотоодод  ямар нэгэн өр төлбөргүй, Чалкогийн зээл хэдийнэ баяртай болсон.

Мөнгө төгрөг хэрэггүй хүн гэж хаана билээ. Гэхдээ эхний удаад энэ ногдол ашгаа Эрдэнэс Тавантолгойнхоо хүлээгдэж буй бүтээн байгуулалтад шингээе гэж байгаа юм

Энэ бүхний үр дүнд  хувьцаа эзэмшигчддээ ногдол ашиг хуваарилах эдийн засгийн боломж нөхцлийг бүрдээд байгаа нь энэ аж.

Монгол  улсын иргэд Эрдэнэс Тавантолгойнхоо 14.5 хувийг эзэмшдэг. Өнөөгийн байдлаар 1072 хувьцааг 2511000 иргэн эзэмшиж байна. Иргэд энэ хувьцаагаа амилахыг хүлээж цөөнгүй жил болсон. Гэхдээ огт амилаагүй гэх нь ч бас  хаашаа юм. Тухайлбал, хувьцаа гаргаснаас хойш дөрвөн удаа арилжаа хийсэн байдаг. Эхнийх нь иргэд тэтгэврийн хэлбэрээр 1072 хувьцаагаа борлуулаад, мөнгөө авсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаагаа зарж, мөнгө авсан. Оюутнууд сургалтын төлбөрөө төлөх зорилгоор хувьцаагаа арилжаалсан. Хамгийн сүүлд иргэд 300 мянган төгрөгөөр 300 хувьцаагаа зарсан. Тэгэхээр 1072 хувьцааг огт амилаагүй, үр шимээ өгөөгүй гэж хэлэхэд учир дутагдалтай  гэсэн үг.

Гэхдээ  хувьцаа маань жинхэнэ утгаараа ашгаа хэзээ өгөх бол гэсэн хүлээлт биеллээ олох цаг ирж байна. Ямартай ч 1072-ынхоо ид шидийг энэ жилээс хүртэхээр боллоо.  Харин яг цаг нь болоод баялгийн өгөөж хишиг хаалга тогшоод хатавчаар цухалзаад  ирсэн чинь  олон хүний эх оронч сэтгэл  оргилж байгаа нь анзаарагдлаа.

Ерөөс хуримтлагдсан ашгаа хувааж хүртэхээсээ өмнө Тавантолгойнхоо урд байгаа асуудлыг ардаа гаргая гэж олон хүн цахим орчинд уриалж байна.  Зарим эдийн засагчид тооцоолчихож. Энэ жилийн хувьд гэхэд 1072 хувьцааны ногдол ашиг 27500 төгрөг гээд.  Тэгэхээр энэ ногдол ашгаа авалгүйгээр улсдаа үлдээе гэсэн санаачлага гарчихжээ.

  Мөнгө төгрөг хэрэггүй хүн гэж хаана билээ. Гэхдээ эхний удаад энэ  ногдол ашгаа Эрдэнэс Тавантолгойнхоо хүлээгдэж буй бүтээн байгуулалтад шингээе гэж байна.Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг  цагаан сарын үеэр дэвшүүлсэн мэндчилгээндээ  “Шороон гахай жилд бид ... УИХ, ЗГ-аас өгсөн чиглэл, хуваарийн дагуу олон улсын хөрөнгийн биржид IPO гаргана. Энэ ажлыг амжилттай хийснээр нүүрс угаах үйлдвэр, туузан дамжуургын систем, усан хангамж, кокс химийн үйлдвэр, Тавантолгой- Гашуун сухайт чиглэлд авто болон төмөр зам барих гэх мэт томоохон  төслүүдийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, их бүтээн байгуулалтын ажлууд эхлэх юм” хэмээжээ.

Тэгэхээр  хийх ажил бол их байгаа юм байна. Энэ бүхэнд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Ялангуяа Тавантолгойн-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа барьчихвал монголчууд энэ байтугай орлого олно.

Хувьцааны ногдол ашгаасаа татгалзах  өөр нэг шалтгаан бол бид чинь Баялгийн сантай болох том амбицтай байгаа шүү дээ. Энэ сан гэдэг чинь монголчууд бидний дундын хадгаламж цаашилбал үр хойчдоо үлдээх хөрөнгө зоорь  гэсэн үг.  Тиймээс энэ сандаа хэсгийг нь байршуулж ахиухан хүүтэйгээр арилжааны банкинд хадгалчихвал  өснө үү гэхээс дундрахгүй. 

За ер нь мөнгө хөрөнгө нь байвал утаанаас эхлээд  нийтийн тээвэр, метро, давхар зам, дагуул хот гэхчлэн хийх ажил, хэрэгжүүлэх зорилт юу эс мундах билээ.

Хамгийн эрүүл ухаанаар бодоход  олсон жаахан ашгаа яаран сандран хувааж авах нь яавч зөв шийдэл биш. Харин энэ хуримтлалаараа  эхний ээлжинд улс орондоо хэрэгтэй нэг асуудлаа шийдье гэвэл  иргэд маань дэмжинэ гэдэгт эргэлзэх юмгүй байна.

 

 

Г.Хантулга

http://www.zaluu.com/read/2hde820ga

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>