“ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” Ч ИРГЭДИЙН АВАХ ЧАДВАР ХЭР БАЙХ ВЭ

38

“ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” Ч ИРГЭДИЙН АВАХ ЧАДВАР ХЭР БАЙХ ВЭ

 

Сар шинэ өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Үндэсний уламжлалт баяраараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, монголчуудынхаа урласан эд зүйлсийг худалдан авахыг уриалсан жил байв. Бэлэг бол бэлгэдлийнх болохоос хэрэгцээ хангах зүйл ч биш гэж үздэг. Гэхдээ айлчин хийгээд зочлоод ирсэн хүний алга дээш харуулна гэдэг сайхан бэлэгшээлтэй зүйл.

Сүүлийн жилүүдэд монголчууд урд хөршийн хог буюу хэрэгцээгүй бараанаас татгалзаж, хэрэгтэй зүйлийг нь бэлэглэхийг эрхэмлэдэг болжээ.

Тиймээс ч бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө буюу өөрт нь хэрэгтэй гэсэн зүйлийг хүн өгдөг болсон нь сайхан.

Гэвч хэрэгтэй зүйлийг нь буюу үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бэлэг өгье гэхээр хэтэрхий үнэтэй санагдаад байна. Ялангуяа ноос ноолуур, эсгий, арьс, нэхийгээр урласан зүйл хэтэрхий үнэтэй санагдсан. Харахад их энгийн нэхий хантааж 500-600 мянган төгрөгийн үнэтэй. Харин зүгээр нэг эсгий түлхүүрний оосор 9500 төгрөг. Өнгө үзэмжийн хувьд тийм гоё биш. Арьсан түрүүвч 35000 төгрөг, арьсан тэлээ 50-100 мянгын хооронд гэх мэтчилэн үнэтэй. Ноос ноолуурын хувьд ч ялгаагүй. Тэмээний ноосон оймс гэхэд 5000 төгрөгөөс дээш үнэтэй болоод явчихна. За тэгээд, цагаан сарын гол хэрэглээ бол цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан үнэтэй. Авахгүй байхын аргагүй юм.

Монгол Улс 70 гаруй сая толгой малтай байж цагаан идээ, мах, сүү нь дээд цэгтээ тулсан үнэтэй байхыг гайхаад учрыг үл олно. Бараа бүтээгдэхүүн нь хэтэрхий үнэтэй болохоор улс орон хөгжихгүй гэсэн яриа ч бий. Эх орны үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ үгүйсгэж байгаа юм биш. Үнэ, өртгийн хувьд эдийн засаг нь хэцүү, хэтэвч нь нимгэн иргэдийн хувьд худалдан авалт нь хэр байх бол.

Энэ жил Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж импортыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах зорилгоор “Эх оронч худалдан авалтын жил” болгон Засгийн газраас зарласан байгаа.

Энэ хүрээнд Засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч, хэрэглэхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриалах болсон.

Эх оронч худалдан авалт хийхэд төрийн байгууллагууд чухал хувь нэмэр оруулах учиртай гэдгийг ч Засгийн газраас онцолсон юм.  2017 онд улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 1,2 их наяд төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж 1,1 их наяд төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулж 93.1 тэрбум төгрөгийн хэмнэлттэй гарчээ.

Үүнээс төсвийн 22 ерөнхийлөн захирагч дотоодод үйлдвэрлэсэн 12 төрлийн бараанаас 47 тэрбум гаруй төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Энэ нь нийт худалдан авалтын дөрвөн хувийг эзэлж байгаа нь чамлалттай үзүүлэлт юм.  Харин 2018 онд хэдэн төгрөгийн худалдан авалт хийснийг Сангийн яам нэгтгэн Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байгаа аж.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдан авалтыг уриална гэж байгаа юм. Тэгвэл иргэдийн чадал, чадвар нь хэр билээ. Дотооддоо бараагаа “шахахаас” илүүдээ гадаад зах зээл рүүгээ түлхүү анхаарч гаргавал, гадныхан монголын брэнд хүнс, ноос ноолууран бүтээгдэхүүн, арьс, эсгий, нэхий урлалыг ихэд сонирхдог юм билээ.

Энэ жил Өвөрмонголчууд гэхэд манайд ирж цагаан сарынхаа бэлтгэлийг базаагаад буцсан байх жишээний. Ингэх нь эдийн засгийн эргэлт хөрөнгө ч наашаагаа урсаж, аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой гэсэн зураглалыг холбогдох газруудаас гаргасан байгаа юм.

Тиймээс дотооддоо гэхээс илүүдээ гадагшаа үндэсний үйлдвэрлэлээ гаргаж, зах зээлийнхээ хүрээг томруулж ажиллах нь илүү их ашиг, үр өгөөжөө өгөх байх даа. Мөн нөгөө талаар бүтээгдэхүүнээ боломжийн үнэтэй зарвал хэн ч худалдаж авна. Түүнээс хэтэрхий үнэтэй, өнгө үзэмж, эдэлгээ муутай бараа бүтээгдэхүүн "шахах" гээд дайраад байвал хэн ч тоохгүй шүү дээ. 

О.Гэрэл
Оллоо.mn 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.