ЖҮҮДИЙН НҮҮДЛИЙН ИХ ДАВАЛГАA АЙСУЙ

68

ЖҮҮДИЙН НҮҮДЛИЙН ИХ ДАВАЛГАA АЙСУЙ

 

Судлаачийн үг

Brexit Европт их гай тарина гэх шүүмжлэл, дайралт нэн их тааралдах боллоо. Европт антисемитизмын (еврейн эсрэг үзэл) шинэ, хүчирхэг давалгаа үүсгэж, тэр нь жүүдүүдийн Европоос дайжихад хүргэж мэднэ хэмээн Европын жүүдийн номлогчдын зөвлөлийн дарга, Москвагийн ерөнхий раввин Пинхас Гольдшмидт мэдэгдлээ. Тэрбээр Европарламентад энэ талаар сэтгэл түгшим мэдэгдэл хийж, энэ тив бүх еврей нараасаа хагацах нь ээ хэмээн сүрдүүлэв.

Соёлжиж гэгээрсэн XXI зуунд жүүдүүдийг хөөж туух дээрээ тулна чинээ европчууд муухай санаалаагүй байх. Тэднийг үндэстний хувьд үзэн ядаж, үй олноор нь цээрлүүлэн зургаан сая хүний аминд хүрсэн нацистуудыг бид мартаагүй байна. Тэгтэл өнөө цагт тэр нь амилаад ирж буй бололтой. Байр нь солигдчихож. Одоо бол нацистууд бус, ерөөсөө европчууд ч биш, Европын мусульманчууд тийм нүгэл үйлдэнэ гэнэ. Жүүдүүдийг жигшин зэвүүцэж хөөж туух, алж хядах, хор хүргэх явдал бүр хэдэн мянганы түүхтэй үзэгдэл болох талаар түүхэн аялал хийе.

“Еврейские погромы” гэх (хомроголон хядах – Anti-Jewish pogroms) орос нэршил XIX-XX зууны зааг үед Орост ихээхэн дэлгэрчээ. Армянчуудыг түрэгүүд хядсанаас дутахгүй үзэгдэл, гэм нь ганц нутагт, нэг хотод бус Хаант Орос даяар өрнөжээ. Томхон хядлагууд өмнө нь дундад зуунд Англи, Герман, Франц, Чех, Швейцарь гэхчлэн Европын томхон орнуудад явагдаж байв.

Гэхдээ ХХ зууны эхээр Хаант Орост болсон хядлага хамгийн том, хамгийн жигшим нь. Харин түүхэн судруудад бичсэнээр бүр анх манай эрин дөнгөж эхлээд 0038 онд Александриад, 1066 онд Гранадад явагдаж, түүний дараа жүүдүүд үй олноороо Европ руу дүрвэж, анхлан Аль-Андалуст христианчуудын газар нутагт хүрчээ. Тэгэхээр Европын жүүдийн түүх XI зуунаас яригдах болж байна. Гэвч хядлага үргэлжилсээр. Тэдийг жигшин зэвүүцэж, хөөж туусан, алж хядсан Европын анхны погром нь Загалмайтны анхдугаар аян дайн 1096 онд Рейн мөрний сав газар дэгдэж, 12000 жүүд илд мэсний бай болжээ. Дараа нь 1189-1190 онд Англид шинэ Хаанаа ширээнд нь залах үеэр жүүдийн эсрэг погром дэгджээ.

1320 онд Испани, Франц даяар жүүдүүдийг авлаж, жүүдийн 120 сууринг түйвээн бусниулсан байна. 1348-1351 онд Франц, Германд тахлын үеэр жүүд нарын 50 том, 150 жижиг сууринг устгаж бусниулжээ. 1391 онд Испанид 4000 жүүдийг нэг амиар хөнөөсөн хэрэг гарчээ. Испанид суурьшсан жүүдүүд Португал, Алжир, Марокко руу дүрвэв. 1648 онд Польшид 100 мянган жүүд алуулж, Польш, Украин дахь жүүдийн суурин дүүргүүдийн 30 гаруй хувь нь үгүй болжээ. 1819 онд Германд жүүдүүдийг айхтар гэсгээж байв гэхчлэн “Яасан ч заяагүй, хөөрхийлөлтэй ард түмэн бэ?” гэмээр мөрүүд хөврөөд байх нь тэр.

Раввин Гольдшмидтийн ярьснаар Их Британи Европын холбооноос гарсны дараа энэ тив тогтворгүй болж, харин исламистууд, радикал барууныхан хүчээ авах гэнэ. Жүүдүүд тэгснээрээ хоёр галт тэрэгний завсарт хавчуулагдан дайрагдана, тэр хоёр нь хоёр талаасаа асар хурдтай явж байгаа хэмээн зүйрлэв. Нэг галт тэрэг нь радикал ислам, исламын терроризм; нөгөө галт тэрэг нь хуучин Европын антисемитизм, хэт барууныхан. Хоёр поезд хоёулаа Европын жүүд нарт бодит аюул занал, иймд хоёр поездыг хожимдоогүй дээр нь үтэр түргэн зогсоох ёстой хэмээн жүүдийн шашны “их хамба” Гольдшмидт айлдав. Гольдшмидтын үзэж байгаагаар, бүр уриалж байгаагаар Европт цагаачлан ирэгсэд бүгдээрээ Европын үнэт зүйлийн тогтолцоонд бүрэн дасан зохицож, Ойрхи Дорнодоос тээж ирсэн тэр антисемитизм, радикализмаасаа бүрэн ангижирсан байх ёстой болох нь ээ!

Гэтэл өнөөгийн Европт жүүдүүд сэтгэл тайван аж төрж, суурьшиж, ажиллах нөхцөл хумигдаж байгаа хэмээн энэ раввин хэлж байна. Тэдний 22 хувь нь иудын шашны баяр ёслол, арга хэмжээнд очихоос айж балмагддаг. Учир нь тэнд аюулгүй байдал нь баталгаагүй. Францын жүүдийн шашны 1200 томхон төлөөлөгчийн 40 хувь нь шашны бэлгэ тэмдгээ ил зүүж явахаас айдаг, Бельгид 36 хувь нь мөн тэгдэг гэж байна.

Дөрвөн настай жүүд хүүхэд рүү хээв нэг буудчихаад бахархсан

Гольдшмидтийн зовнил үнэний ортойгоор барахгүй бүр батлагдана. Ганц баримт. Европт одоо бугшиж буй XXI зууны лалын экстремизм, өнгөрсөн зууны нацизмын хоорондын адил талыг олж харж ажигласан Ришар Праскье гэж франц зүтгэлтний тайлбар. Тэрбээр Францын жүүдийн байгууллагуудын зөвлөлийн дарга. Радикал исламизм, нацизм хоёр ингэж дуу дуугаа авалцах гэж дээ хэмээн шогширч ирээд л бичсэн нь буй. Тэрбээр Елисейн ордонд 2012.10.07-нд очиж, Ерөнхийлөгч Франсуа Олландад энэ үгээ хэлсэн байх ба цаадах нь тэгтлээ шимтээгүй бололтой. Биднийг үхэл рүү хөтлөх үүрэг бүхий маш олон идэвхтнүүдээс бүрдсэн лалын үүр хороод Франц даяар унтаж байна шүү хэмээн тэрээр бүр анхааруулж байжээ.

Орчин үеийн антисемитизм буюу жүүдүүдийг үзэн ядах үзлийн тодорхой жишээ нь ХАМАС-ын Харти дахь дараах үгс: “Цаг нь болоогүй байна. Мусульманчууд жүүдүүдийг хараахан ялаагүй байна. Жүүдүүдийг алж эхлээгүй байна. Гэвч тэднийг мөшгөсөөр байх болно” гэх нь антисемитизм өнөөдөр радикал исламизмын гол үзэл суртал, өнгөрсөн үед нацизмын гол үзэл суртлын залгамж болсны илэрхийлэл бус уу? Нацистууд жүүдүүдийг жоом, харх, бактери нян, хордуулагч гэж нэрлэж байсан бол өнөөдөр радикал исламистууд жүүд, христианчуудыг хамтруулаад сармагчин, гахай, илжиг, нохой гэх нь юуны ялгаа байна хэмээн Праскье асууж байжээ. Ерөнхийлөгч Ф.Олландад ингэж хандсаар байтал цаадах нь налайж байж байгаад террорист халдлагыг өмнүүрээ гаргачихав. Алжир гаралтай франц залуу Мухаммад Мера Тулуз хот дахь жүүдийн коллежийн багш, сурагчдыг буудаж хөнөөсөн ба тэр үед нь Иерусалимаас очсон явуулын номлогч суманд нь өртжээ. Мухаммад Мера дөрвөн настай жүүд хүүхэд рүү тулгаж байгаад хээв нэг буудчихаад аллагаараа бахархсан. Лалын сайтуудад олзуурхан бичсэн. Өмнө нь Мухаммад Мера гурван цэргийн алба хаагчийг буудаж алсан нэгэн байв. Хэрэг үүсгээд мөрдөх явцад энэхүү Мера нь Аль-Кайдагийн гишүүн, “Фурсан аль-изза” гэх бүлгийн дайчин байлдагч болох нь тогтоогджээ. Энд Мера гэдэг залууг сурталчилж байгаа бус түүгээр төлөөлүүлэн Баруун Европт иймэрхүү ажил эрхэлдэг, тархиа угаалгачихсан, юунд ч бэлэн байгаа мянга мянган “Мера”-г дүрслэн үзүүлмээр байна. Мухаммад Мера дунд сургууль төгсөхдөө л цагдаад 18 гэмт хэрэг бүртгүүлчихсэн, 2000-аад онд Афганистан, Пакистанд зөндөө оччихсон, 2007 онд Кандагарт баривчлагдаад гурван жилийн ял авчихсан, 2008 онд Талибаны босогчид Кандагарын шорон руу дайрах үеэр 1200 хоригдол оргосны дотор энэ франц эр цохиж явсан аж. Радикал исламизмын үзэл суртлаар тархиа нэвт цэнэглэсэн залуу Францдаа эргэж очоод “Фурсан аль-изза”-д элсчээ. Тэгэхээр ийм этгээд Европын олон хотуудад лалын хорооллуудад бүгж байгаа, дээрээс нь “Арабын хавар”-ын хөлөөс дайжин дүрвэгч нэрээр хэдэн мянгаараа Европт оччихсоныг нэр заасан Ришар Праскье, мөн Пинхас Гольдшмидт нар анхааруулж буй хэрэг бус уу?

Их Британид “British Еxit” гэх санал асуулга болоход 51.9 хувь нь Европын холбооноос гарахын төлөө санал өгсөн. Ирц 72 хувьд хүрч, 33.5 сая хүн санал өгсний бараг 100 хувь нь цагаачлал, дүрвэгчдийн урсгалын эсрэг байсан. Хэрэв Францад Марин Ле Пен хатагтай Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал “French Exit” явагдахгүй гэх баталгаа байхгүй. Өөрөө яг тийм референдум явуулна хэмээн амалсан.

Шинэхэн баримт. Унгар нь Сербитэй залгаа хил дээрээ урт өндөр хашаа босгож байна. Дүрвэгсдийн урсгалаас сэргийлнэ. Хилийн дагуу гахайн толгой өлгөж, лалын дүрвэгсдийг айлгая гэдэг дээрээ тултлаа туйлширлаа. Унгараас Европарламентад суугаа депутат Дьёрдь Шопфлин Европын Парламентын индрээс улайм цайм тэгж хэлж байв. Унгарт референдум явуулаад үзтэл 95 хувь нь лалын голдуу дүрвэгсдийг нутагтаа оруулахгүй гэсэн дүн гарчээ.

Жүүдүүд төдийгүй жирийн европчууд мусульманчуудаас нүүр буруулж байгаа нь тэр юм. Хэрэв байдал эсрэгээр эргэж, Европын ардчилал, хүний эрхийн өгөөмөр зан хөдөлж хаалгаа нээвэл мянга мянган “Мухаммад Мера” орж ирээд жүүдийн байгууллага, синагог, суурин, хорооллуудыг түйвээх нь гарцаагүй. Тэгж гэмээнэ ээлжит “Алия” (хөрвүүлбэл сэргэн мандалт, сэрэлт, босож өндийх гэсэн үг) нүүрлэнэ. Энэ нь Израиль руу үй олноороо дүрвэн очихыг хэлж байна. Тийм түүхэн үзэгдэл хэд хэдэн үе шаттай өрнөж байжээ. “Алия” гэдэг нь сионизмын үндсэн бүрдэл, Израилийн “Эргэж ирэх тухай” хуулиар хуульчлагдсан үйл явц юм. “Алия” нь Сионд эргэж очих жүүдүүдийн хүслээс үүдэлтэй. Түүх сөхвөл анхны “Алия” 1882-1903 онд Европ дахь их погромын үед тохиожээ.

Францын жүүдийн шашны 1200 томхон төлөөлөгчийн 40 хувь нь шашны бэлгэ тэмдгээ ил зүүж явахаас айдаг, Бельгид 36 хувь нь мөн тэгдэг гэж байна.

Хоёр дахь нь 1904-1914 онд дэлхийн нэгдүгээр дайны өмнөх их бужигнааны үед, гурав дахь нь 1919-1923 онд Оросын хувьсгал, ард иргэний дайны дараа, дөрөв дэх нь 1924-1929 онд Орос дахь яргалал, өлсгөлөн, хамтралжуулалтын сүүдэр дор, тав дахь нь 1929-1939 онд нацистууд засгийн эрх авсан, Европ их дайны босгон дээр ирсэн үед өрнөжээ. Дэлхийн II дайн бол жүүдийн их холокастын үе юм. Их сүйрэл хэмээн буулгана. “Алия Бет” гэх түүхэн шилжилт хөдөлгөөн 1933-1948 онд үргэлжилжээ. Ийнхүү Израилийн үндсэн хүн ам зовсон ертөнцийн өнцөг булан бүрээс Сион нутагтаа цугларчээ. Израиль улс 1948 онд байгуулагдаад л маргаашаас нь арабчуудтай дайтаж эхэлсэн. 1950-иад онд энэ улс цэгцрээгүй, дайны байдалд байхад дараагийн “Үй олны Алия” тохиосон ба хожмоо улс улсаас репатриац (эх орон руу нь буцаах) маягаар Алия өрнөж байв. СССР-ээс 1970-аад оны турш жүүдүүдийг, Этиопоос “Моше”, “Шломо” ажиллагаагаар үй олон жүүдиийг явуулсан гэхчлэн. СССР нурсны дараа 1989-2004 онд сүүлчийн “Алия” түүхнээ бүртгэгдээд байна. “Алия” гэдэг нь буянтай үйлс, эх орон элгэн саднаа гэсэн жүүд цустай хүн бүхэнд дуудлага болон очно гэж үзээд “Алия” нэртэй улс төрийн нам (Исраэль ба-Алия буюу Yisrael BaAliyah, англиар утгачилбал Israel on the up) хүртэл байгуулагдан Израилийн парламентад төлөөлөлтэй болж, бүр Засгийн газарт хэд хэдэн сайдаа суулгаж байв. Орос хэлтэн жүүдүүдийн эл нам 1996-2003 онд Израильдаа үлэмж нөлөөтэй байснаа одоо Ликуд намд нэгдэж оржээ.

Жүүдүүдээр их оролдож, байнга дарамтлан, ад шоо үзүүлсэний шан удахгүй Европоос дараагийн Алиягаар нөхцөлдөх нигуртай. Израиль улсыг хүний урсгал дарна, харин бэхжүүлэх л байх даа?

Олхонуд Баярхүү Олон улсын харилцааны профессор

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.