Бид ямар орлогоороо баяр тэмдэглээд байна вэ?

75

Бид ямар орлогоороо баяр тэмдэглээд байна вэ?

 

Хүн болгон олон юм яримааргүй байна. Мунхаг иргэд төөрөлдөж бүр учраа олохоо болино. Цагаан сар бол төр ёсны баяр биш. Нүүдэлчдийн шинэ оныг угтах баяр. Эв нэгдэлсэх юу байх вэ дээ.

 

Зүгээр хоорондоо мэнд солилцож харилцан баярлаж буй жирийн л нэг нийтийн ёслол шүү дээ. Монголчууд одоо бага ч гэсэн соёл иргэншилд нүд тайлагдсан. Элдэв эсээр туйлшрах хэрэггүй.

Бид бусдын л адил баяр ёслолоо хэв ёсны дагуу тэмдэглэж сурах хэрэгтэй байна. Өвөрмонголчууд бол өөр. Тэдний марзан хэлбэрдэлт нь цаанаа өөр учир шалтгаантай. Цөөхөн хэдэн өвөрлөгчид их үндэстэнд уусан алга болох эцсийн шатандаа явж байгаа учраас өөрсдийнхөө ялгарах шинж чанарыг зүйл бүрээр лоббидож хамаг чадлараа хичээж байна.

Торонд баригдсан загас мултрахаар цовхчдог шиг.

Даанч үүнд үр дүн үгүй. 50 жилийн дараа тэд аажмаар устана. Харин бид өөр. Одон тв-ээр явдаг марзан шоунуудыг дуурайх ямар ч хэрэгцээ бидэнд үгүй. Бидэнд маш том боломж байгаа нь барууны баримжаатай орчин үеийн нүүдэлчдийн шинэ соёл иргэншлийг бүтээх. Анзаарч харвал бид үүний үндсийг нэгэнт тавьчихаад байна. Ганцхан бидэнд өөрсдийн барих чиглэл алга. Энэ нь нүүдэлчин заншилтай холбоотой. Адаглаад бид хуучинтайгаа зууралдах хэрэггүй. Монгол бичиг, монгол бахархал, хүрээ соёл гэх мэтээр элийрэхээ болих хэрэгтэй.

Тэнгэр заяа, нармай үзэл, Чингисизмээ бүрэн орхих хэрэгтэй. Бидэн дунд угсаатны ялгарал дээр суурилсан нийгмийн том зөрчил алга. Салан тусгаарлах үзэл нийгэмд үгүй байна. Шашины мөргөлдөөн, тэрслэх бүлэг гэж алга. Үүгээрээ бидэнд давуу тал маш их байна. Үүнийгээ л гол нь ашиглах хэрэгтэй.

Бид баяр наадам, зугаа цэнгэлд дэндүү их ач холбогдол өгөх юм. Ерөөсөө үйлдвэрлэгч биш ард түмний шинж л энэ юм шиг байна. "За энүүгээр л нэг тодроё” гэсэн хүмүүсээр нийгэм дүүрчихсэн. Бидэнд ерөнхийлөн барих жанжин шугам, баримжаа гэж алга. Үүнийг юу гэж үзэх вэ? Энэ юунаас угтай вэ? Хятад хүнийг аваад үзье. Өглөө гараад тариа будаатайгаа, газартайгаа зууралдан ноцолдох нь нэг л үндэстэй.

Энэ нь амь амьдралтай нь холбоотой. Мэдээж тэр нийгэмд амар хялбараар амьдрагч хэсэг цөөнгүй байгаа. Гэхдээ үлэмж дийлэнх нь амьдралын төлөө, үмх талхны төлөө үзэлцэж шар нар бор хоногийг өнгөрүүлдэг.

Энэ тэмцэл Дундадын нийгэмд дэндүү нийтлэг үзэгдэл. Хэрэв тэгэж зүтгэхгүй бол чи харсаар байтал хүний нүдэн дээр өлбөрч үхнэ. Монголчууд ганцхан хүн чанаргүй, адгуус араатанлаг биш л дээ. Дундад иргэн улсын нийгэмд хүний ертөнцийн харгис хууль газар сайгүй үйлчилнэ. Тэр хүн өлбөрөөд унаж байхад ажиг ч үгүй дээгүүр нь алхаад гарах зарчим тэр нийгэмд хадаастай. Манайд ч угтаа ижил.

Улаанбаатарын хүн ам 3 сая хүрч нийгмийн хөгжил өдийгөөс нэг их дэвшихгүй бол бид тийм үзэгдлийг өдөр тутамдаа кино шиг үзэх вий.

Хэн ч тоож, эмзэглэхгүй болно. Өнөөдөр нэг муу оюутан хүүхдээ гаргаад хэнэг ч үгүй хогийн саванд орхиж байгаа цаг үе шүү дээ. Тэхээр ингэж дуусахгүйн тулд хэдэн зуун, мянганыг үдсэн туршлагадаа тулгуурлан тэр их үндэстний эс ширхэг бүр үйлдвэрлэх, босож зүтгэх, хөдөлмөрлөхийн төлөө борви бохисхийхгүй тэмүүлдэг байна.

Хэдэн зуун, мянганы туршид явагдсан амьдралын хэмнэл заншил, зуршил, иргэншил болон төлөвшжээ. Харин бидэнд юу өвлөгдөн үлдэж вэ? Бид юм л бол эзэн Чингисээр гайхуулах дуртай. Гэтэл тэр бол нүүдэлчин уламжлалаараа хүний юм дээрэмдэж өсөн хөлжсөн нөхөр шүү дээ. Ард түмэн нь бас тэгэж хүчирхэгжсэн. Бэлээхэн үйлдвэрлэгч үндэстнийг тонох боломж байхад өглөө бүр, өдөр бүр нэг зүйлээ дагнан хийж амьдрах, үхэр шиг зүтгэх хэвшлээс татгалзсан. 13-р зууны монголчуудын тэр хүчирхэгжлийн дэргэд 5000-ны түүхтэй суурьшмал иргэн улсын ололт агуу байсан учраас өнөөдөр бид хог дээр үсрэхэд ойрхон иржээ. Бодит баримт гэвэл энэ л байна. Бид яагаад өөд нарны бараа харахгүй байгаагийн учир энэ л байна. Яагаад иргэд нь ядуу амьдарч, түшээд нь улсаа тонож байдгийн учир ийм л байна.

Бид Чингисизмийн балгаар өнөөдөр Ждүчдийг, Ломбардчидыг, 60 тэрбумчдыг хулгай хийх боломжийг нь нөхцөлдүүлж, гэмт хэргийг нь өөгшүүлэн даврааж байдаг шалтгаан энэ л байна шүү дээ. Засгийн гишүүдийнх нь талаас илүү нь улсаа тоносон байхад бид хүлээн зөвшөөрч суудгийн цаад шалтгаан ердөө энэ л байна.

Нөгөөдүүл нь бүр давраад биесийнхээ хэн нь илүү идсэнийг баримтаар нотлох гэж дайрахдаа цаанаа бол илүү их бялууны хэрчим хүртэхээр зүтгэж буй цор ганц зорилготой л байдаг. Энэ бол Монгол үндэстний хүн нэг бүр дээрэмчин сэтгэлгээг хүлээн зөвшөөрч байдагтай холбоотой.

Дээрэмчид яадаг юм бэ? Тэд бэлэн олз олж өөрийнхөө хүч нөлөөг тэлэх цор ганц зорилготой байдаг. Үүнийгээ зөнгөөрөө л хийдэг. Ингэхийн тулд бусдад гайхуулж хүлээн зөвшөөрүүлэх. Юухнаар ч гэсэн бусдыг ангайлгаж тэднийг байлдан дагуулах үзэл бидний цусанд бугшаастай. Ердөө хүн төрөлтний шалихгүй нэг мэдлэгийг өөрийн болгосондоо эрдэж үүнийг нь огт мэдэхгүй өөр бусдад гайхуулах. Тэднийг алмайруулах. Монгол хүний инстинкт ердөө энэ зарчмаар ажилладаг. Монгол хүн амьдралын утга учир, тасралтгүй үргэлжлэх зарчимд туйлын бага ач холбогдол өгдөг. Өнөөдөр л чи амжихгүй бол хожим үгүй. Өнөөдөр л чи бусдыг ангайлгахгүй бол хожимдоно. Цаана нь ямар эрсдэл байх сонин биш. Чадаж байгаа цагтаа… Гэх мэтээр философи нь үргэлжилнэ.

Үүний нэг илрэл нь жишээлбэл фэйсбүүк. Эсвэл баяр ёслол. Энэ баяраар хэн нь сайхан худлаа ярьж, амныхаа хөөсийг цахартал чалчиж, таазандаа тултал боов өрж, цаанаас нь өөрийнх нь нүүр харагдах аргагүй том сүүлтэй иргэний ууц таваглаж, данх шиг хөөргөөр тамхилна тэр л өнгөлөх нигууртай.

Ердөө монгол хүндээ бас байгаа биш юм. Сэтгэлгээний доройтолд орсон үндэстэн бүр иймэрхүү аягтай байх нь түгээмэл. Африкийн зарим омгийнхон манайхантай тун төстэй аяглана. Нэг хүнд оногдох ДНБ нь чадан ядан 4000 доллар болж байгаа юу үгүй юу. Амжиргааны баталгаажих түвшин жилийн 4-5 сая төгрөг. Гэтэл зөвхөн цагаан сараар л гэхэд дундаж өрх 1,500,000 төгрөг зарцуулдаг статистик байна.

Ямар орлогоороо бид баяр тэмдэглэж байна аа?

Хулгайгаар уу??? Дундаж төрийн түшээ цалингаасаа хэдэн мянга давсан их өв хөрөнгөтэй. Цалингаараа ийм баялгийг бүтээх боломжтой юу? Засгийн тэргүүн нь үнэтэй байраа тайлагнаж чаддаггүй орон шүү дээ. Хүн нэг бүр энэ нүсэр баяруудыг тэмдэглэх бичигдээгүй хуультай. Тэмдэглэхгүй бол гадуурхагдана. Бараг л гаж буруу этгээд гэж сэрдэгдэнэ. Хамаатан садан нь гоочилж эхэлнэ. Муу ёрын, бэлэг дэмбэрэлгүй, арчаагүй хоосон амьтнаараа дуудагдана. Хэрэв чи цагаан сараар төсвийн мөнгө хумслаад машинаа сольчихвол танилууд чинь чамайг сэрдэх биш хийморьтойг чинь бахдаж туршлагыг чинь судлах гэнэ. Гайхалтай. Нүүдэлчин хүнд хорио цээр гэж байдаггүй.

Ямар ч шашин шүтэж түүнийгээ оймс шигээ сольж болно. Ашиг орлого олох тал дээр яг энэ зарчим үйлчилнэ. Чи хийж болсон юм чинь би яагаад хийж болохгүй гэж? Хэрэв би хулгайч бол чи ч бас хулгайч, хамт унанаа хө. Хэрэв чи адуугаа хулгайд алдсан бол өөрийгөө хохирогч гэж яаран үзэхгүй. Харин тэр хулгайлаад байгаа сүлжээнд орж өөртөө ашиг олох л сонин санагдана. Тэгээд л бусдын адууг шуудхан зөрүүлээд л хусна. Зарчим ердөө л энэ. Ингээд бодохоор бидний асуудал системдээ ч биш, хуульдаа ч биш бидэнд өөрсдөд маань л байна аа даа?

ИРГЭН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.