Мөсөн голууд хурдацтай хайлж эхэлжээ

600

 

Мөсөн голууд хурдацтай хайлж эхэлжээ

 

Олон улсын эрдэмтдийн баг 215 мянга орчим мөсөн голд судалгаа хийж, нийтдээ 158 мянган хавтгай дөрвөлжин км талбай эзэлж буйг тогтоожээ. Мөсөн голуудын нийт эзлэхүүн сүүлийн жилүүдэд 18 хувиар буурсан байна. Эрдэмтэд судалгаандаа Антарктик болон Гренландынхаас бусад дэлхийн бүх мөсөн голын мэдээллийг хамруулсан тухай Швейцарын Цюрихийн политехникийн /ETH Zurich/ сургууль даваа гарагт мэдээлжээ.

"ETH Zurich" болон Швейцарын Ой, цас, газрын нутгийн байдлын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн удирдлага дор явуулсан судалгаанд Герман, Австри болон Энэтхэгийн эрдэмтэд оролцсон байна. Тэд тоон загварчлалын тусдаа таван аргыг хослуулан судалгаа хийсний дүнд дэлхийн мөсний бараг тал хувь нь Арктикт төлөвлөрч, 75 мянга орчим хавтгай дөрвөлжин км талбай эзэлж байгаа болохыг тогтоожээ. Хэдэн жилийн өмнө хийгдсэн судалгаагаар энэ хэмжээ одоогийнхоос 18 хувиар илүү байсан байна.

“Шинэ судалгаа Азийн өндөр уулсын мөсөн голууд бидний урьд өмнө бодож байснаас илүү хурдан үгүй болж магадгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстойг харуулж байна” гэж мөсөн гол судлаач профессор Даниэль Фаринотти сэтгүүлчдэд мэдээлжээ. Эрдэмтдийн хийсэн шинэ дүгнэлтээс үзвэл, Гималай, Төвд болон Төв Азийн уулсын мөнх цэвдэг, мөсөн голуудын тал нь 2060-аад оны үед хайлж үгүй болох аж. Тэгвэл ийм үзэгдэл 2070-аад оны үед болно гэж өмнө нь үздэг байжээ. Азийн мөсөн голууд хайлж эхэлснээр тэдгээрийн үйлдвэрлэж буй усны хэмжээ энэ зууны эцэс гэхэд 24 хувиар буурна гэдгийг шинжээчид анхааруулсан байна.

Эрдэмтдийн судалсан 215 мянган мөсөн гол бүгд хайлбал дэлхийн далайн төвшин 30 см-ээр нэмэгдэх гэнэ. 1990-2010 оны хооронд мөсөн голууд хайлсны улмаас дэлхийн далайн төвшин 1.5 см-ээр нэмэгджээ.

 

 

ЖЕНЕВ. /TASS/.

МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>