Налайхын зам ашиглалтад ортол нэлээд тэвчээр хэрэгтэй болно доо...

47

Жаран жилийн тэртээ тавигдсанаасаа хойш олигтой арчилгаа авч үзээгүй Налайхын зам энэ жил төрөл арилжсан мэт шинэчлэгдэнэ. Хятадын Экспорт, импортын банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн багцад уг замыг шинэчилж, дөрвөн эгнээ болгох бүтээн байгуулалт багтсан юм. Улмаар Гачууртын уулзвараас Налайх хүртэлх 20.9 км автозамыг энэ онд багтаан дуусгахыг Засгийн газар үүрэгдсэн. Нэгэнт дээд газраас чиглэл өгсөн учраас холбогдох байгууллагууд яаж ийгээд амжуулах байх. Ерөнхийдөө 4-11 дүгээр сард замын ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм. Ингэснээр Монгол Улсын нийслэлээс зүүн болон зүүн өмнө зүг рүү явах гол замын нэвтрүүлэх чадвар сайжирч, энэ замд олон цагаар түгжирдэг, байнга шахам осол гардаг байдал алга болно гээд давуу тал их.

БАЯНЗҮРХИЙН ТОВЧООГООР ӨДӨРТ 6-10 МЯНГАН МАШИН НЭВТЭРДЭГ

Гэхдээ сайхан замтай болж, жаргалдаа умбахаас өмнө туулах зовлон гэж бас бий. Өөрөөр хэлбэл, зам баригдах долоон сарын хугацаанд түүгээр нэвтэрдэг их урсгалыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал өдгөө шийдвэр гаргагчдын толгойны өвчин болоод байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зам ашиглалтад орох хүртэл хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонхор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Харин Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэх юм. Энэ үед л асуудал ундарч эхэлнэ дээ.

Чухам энэ замаар зүүн гурван аймаг болон Дорноговь, Гомьсүмбэр гэсэн өмнө зүгийн аймгуудтай холбогддог. Мөн Налайх, Багануур, Багахангай дүүрэг орох хүмүүс энэ хэсгээр дайрч гарахаас аргагүй. Үүнээс гадна Тэрэлж, Цонжин Болдог гээд аялал жуулчлалын гол бүс  нутаг руу хүрэхийн тулд мөн л Налайхын замаар дамжих болно.

Баянзүрхийн товчоо угаас хамгийн их ачаалалтай дамжин өнгөрүүлэх төв. Энэ хэсгээр өдөрт 6-10 мянган машин тогтмол нэвтэрдэг гэсэн статистик бий. Харин цагаан сар, наадам зэрэг томоохон баярын өдрүүдэд дээрх тоо 70 мянгад хүрч байв. Тэгвэл одоо энэ их урсгал Төв аймгийн зам руу шилжинэ гээд төсөөл дөө.

Хотын зүүн хэсэгт амьдардаг хүмүүс Тэрэлж орохдоо шууд Налайхын замаар явдаг байсан бол зам хаагдсаны дараачаас эхлээд баруун тийш Нисэх хүрч, тэндээсээ Төв аймаг ороод улмаар цааш давхисаар Налайх хүрнэ гэсэн үг. Энэ хэрээр хотын төв хэсэг, Энхтайвны гүүр, Нарны гүүр болон Яармаг, Төв аймгийн замын ачаалал эрс нэмэгдэх нь хэнд ч ойлгомжтой.

Уг нь албаны хүмүүс уг замыг он дамнуулан барихаар төлөвлөж байсан юм билээ. Эхний жилд нь хоёр урсгалаа тавьж, нөгөө хэсгээр нь зорчих хөдөлгөөнөө явуулна гэж тооцож. Гэтэл энэ онд багтаан ашиглалтад оруулах үүрэг өгсөн тул бүгдийг нь нэг дор хаахаар шийджээ. Ингэснээр зорчих хөдөлгөөнийг Төв аймгийн нутгаар явуулахаас аргагүйд хүрсэн байна.

Бүтээн байгуулалт аялал жуулчлалд тодорхой хэмжээгээр нөлөөлнө

Туслах зам тавих зэргээр асуудлыг иргэдэд чирэгдэл багатай шийдэх боломж байсан эсэхийг Нийслэлийн ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодруулахад “Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба гээд холбогдох байгууллагууд энэ асуудлыг нухацтай ярилцсан. Үнэнийг хэлэхэд Төв аймгийн нутгаар иргэдийг явуулахаас өөр гарцгүй болчихоод байна. Хэрэв хажуугаар нь зам тавибал байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их. Мөн замын хоёр талын хэсэг тэр чигээрээ барилга байгууламж, ажил үйлчилгээ шигүү болчихсон учраас чөлөөлөх боломжгүй байна. Хэрэв чөлөөтэй байсан бол тавьж байгаа замынхаа хажуугаар шороон зам гаргаж болно. Гэвч энэ нөхцөлд ямар ч арга алга. Бид барих замынхаа хэсгийг л арай гэж чөлөөллөө шүү дээ” гэсэн юм. 

Хотын захиргаанаас зам баригдах газрыг бүрэн чөлөөлөөд буй. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, үүний нөхөн төлбөрт нэг тэрбум гаруй төгрөг өгсөн юм.

Харин Төв аймгийн зам энэ ачааллыг даах эсэх, тухайн хэсэгт түгжрэл их үүсэхээр байвал яаж зохицуулах талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодруулахад “Хөдөлгөөн зохион байгуулалтыг ингэж хийнэ гэсэн албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд судалж байгаа” гэсэн юм.

“Бид аль болох иргэдэд хүндрэл учруулахгүйгээр шийдэхийг хичээж байна. Гэхдээ юуны өмнө аюулгүй байдлаа бодох ёстой. Хүмүүсийг холуур тойруулахгүй гээд улаан тоосон дундуур давхиулж, хооронд нь мөргөлдүүлээд байж болохгүй биз дээ” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Хасбаатар ярилаа.

• Гачууртын уулзвараас Налайх хүртэлх 20.9 км замыг 4-11 дүгээр сард барьж дуусгахаар төлөвлөж байна.

• “Хүмүүсийг холуур тойруулахгүй гээд улаан тоосон дундуур давхиулж, хооронд нь мөргөлдүүлээд байж болохгүй биз дээ” гэв.

• Налайхын замыг хааснаар хотын төв хэсэг, Энхтайвны гүүр, Нарны гүүр болон Яармаг, Төв аймгийн замын ачаалал эрс нэмэгдэнэ.
 

ТЭРЭЛЖИЙГ ЗОРИХ ЖУУЛЧНЫ ХӨЛ ТАТРАХ УУ


Албаны хүмүүсийн тайлбар ийм байна. Тэгэхээр бид зам хаасан долоон сарын хугацаанд хүссэн ч, эс хүссэн ч Төв аймгийн нутгаар тойрч давхисаар зүүн тийш зүглэх нь. Гэхдээ манайхан хууль дүрэм биелүүлэхдээ тун хойрго улс. Яаж ийгээд л шинэ зам гаргаж мэднэ. Тэгээд нөгөөхөөр нь өдөрт хэдэн мянгаар тоологдох машин цуваад байвал Богд уул, Туул голын нэгээхэн хэсэг яаж талхлагдаж, ямар их шороо тоос босохыг төсөөл дөө. Тиймээс замын цагдаа болоод бусад холбогдох албаныхан хяналт шалгалтаа маш сайн тавих шаардлага давын өмнө тулгарна. Эс бөгөөс Лүнгийн зам нэг хэсэг яаж талхлагдсан, яг тийм хувь тавилан хүлээх болно.

Нөгөөтэйгүүр замын бүтээн байгуулалт аялал жуулчлалд тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна. Бяцхан тооцоолол хийгээд үзье л дээ. Хотын төвөөс Налайх хүрэхэд 30 хүрэхгүй км явна. Харин Төв аймгаар дайрч, Богд уулыг ороовол 100 орчим км болж байна. Нэг ёсондоо туулах зам гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хэрээр бензин тос, цаг хугацаа урсаж өгнө. Тиймээс хүмүүс Тэрэлж явж амрахын тулд Төв аймгаар дайрч өөртөө түвэг удахыг хүсэхгүй л болов уу.

Тэрэлжид 20 жилийн өмнө 30 гаруйхан жуулчны бааз байсан гэдэг. Харин одоо бол энэ тоо 10  дахин нэмэгдэж, 360 хүрчээ. Мөн Цонжин Болдогийг тойроод олон жуулчны бааз үйл ажиллагаа явуулж буй. Чингис хааны хөшөөт цогцолбороор гэхэд өдөрт 300-400, баяр наадмын үеэр 3000 хүртэл хүн үйлчлүүлдэг.

Гэвч туулах зам уртсаж, бөглөрөл түгжрэл нэмэгдэх хэрээр иргэд тойрч очихоос төвөгшөөн өөр тийш хүлгийн жолоо залах магадлал өндөр. Тиймээс зүүн зүгт байрлах жуулчны баазууд ирэх зундаа ашиг орлого багасна гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад илүүдэхгүй.

Үүнийг бичихдээ ойрын хэдэн жил хийгдээгүй том бүтээн байгуулалтыг харлуулах гэсэнгүй ээ. Дөрвөн эгнээ бүхий орчин үеийн стандартад нийцсэн энэ зам баригдахыг хүн бүр хүсэн хүлээж байгаа. Зам ашиглалтад орсноор хамгийн их ачаалалтай хэсгийн зорчих урсгал сайжирч, иргэдийг бухимдуулдаг байдал арилна. Мөн осол аваар ч тодорхой хэмжээгээр буурах нь баараггүй. Гэхдээ зам ашиглалтад орох хүртэлх хэдэн сарын хугацаанд амаргүй нөхцөл байдал хүлээж буйг сануулах гэсэн юм. Ялангуяа зүүн зүг рүү их зорчдог хүмүүст багагүй хүндрэл гарна. Тиймээс хаа хаанаа тэсэх л хэрэгтэй болох нь дээ!

Эх сурвалж: zgm.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.