Ямар хүмүүс удаан өтөлдгийг эрдэмтэд тодруулжээ

13

Ямар хүмүүс удаан өтөлдгийг эрдэмтэд тодруулжээ

 

Зарим хүн жилийн дотор гурван насаар өтөлж байхад заримынх нь хувьд цаг хугацаа яаралгүй аажуухан урсах шиг. Хэргийн учир ихэнхдээ удамшилд байдаг хэдий ч эсийн хийгээд бүхий л бие организмын идэр залуу төлөв байдлыг хүн өөрөө уртасгаж болох аж.

Хүн бүр харилцан адилгүй хөгширч өтөлдөг

 

Дьюкийн их сургууль, Иерусалим дахь Еврейн их сургууль, Лондон дахь Хааны коллежийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын баг Шинэ Зеландын Данидин хэмээх жижгэвтэр хотод 1972-1984 оны хооронд төрсөн 1000 орчим оршин суугчдын талаарх мэдээ баримтыг 2015 онд шинжлэн судалсан байна. Тухайн үед туршилтад оролцогчид 26-38 хүртэлх насныхан байжээ. 12 жилийн турш тэднийг анхааралтай ажиглаж судалсан аж. Судалгааны эхэнд герантологичид туршилтад оролцогчдоос эсийн хуваагдал бүрийд богинохон болж, улмаар организм хөгширч өтлөх гол шалтгааны нэг болдог хромосомын төгсгөл хэсэг дэх биеийн хэмжээсний (теломера) уртыг хэмжиж тэмдэглэсэн байна. Дараа нь хэдэн арван жилийн турш 18 био маркераар (артерийн даралт, бодисын солилцооны хурд, холестролын төвшин, элэг, уушги, бөөрний үйл ажиллагаа болон бусад) туршилтад оролцогчдын биологийн нас болон организмын хөгшрөх хурдыг тооцоолдог байв. Үүнээс гадна туршилтад оролцсон бүх сайн дурынхан 38 насандаа сэтгэл зүйн нас тодорхойлох сорилд орсон байна.

Туршилтад оролцогчдын зарим нь бусдаасаа гурав дахин илүү хурдтайгаар хөгширч, нэг жилийн дотор гурван нас нэмсэнтэй адил болж байжээ. Бусад нь харин эсрэгээр “нэг жил”-ийн амьдралыг 16 сар хагаст багтаан өнгөрүүлж байв. Судалгаанд оролцогчид 38 нас хүрэхэд тэдний биологийн нас 28-61 насны хооронд хэлбэлзэж байжээ.

Судлаачдын бодлоор туршилтад оролцогчдын хөгшрөх хурд генетикээс дөнгөж 20 хувь хамаарч байгаа аж. Спортоор хичээллэх, зөв хооллох, эрүүл мэндийн шинжилгээ, оношилгоонд тогтмол хамрагдах, мөн тамхинаас татгалзахын ач холбогдол өндөр байв. Сэтгэл зүйн насжилт жирийн жам ёсны хурдаа гүйцэж түрүүлсэн тохиолдолд хүн илүү хурдан хөгширч байжээ.

 

Хөдөлгөөн бол амьдрал

 

Мэргэжил нэгтнүүдийнхээ дүгнэлтийн заримыг Калифорнийн их сургуулийн биологичид давхар нотолсон байна. Тэд 64-өөс дээш насны 1500 гаруй эмэгтэйн амьдралын хэв маягийг ажигласны үр дүнд хөдөлгөөн багатай хүмүүс илүү хурдан хөгширч өтөлж байгааг тодруулжээ. Хоногт арваас дээш цагийг суугаа байдалд өнгөрүүлдэг хүмүүсийн эсийн биологийн нас илүү идэвхтэй хөдөлгөөн хийдэг үе тэнгийнхнээсээ найман насаар ахиу байжээ. Өндөр насанд хийсэн биеийн тамирын дасгал, идэвхжилийн өндөр төвшин ДНК-ийн молекулын төгсгөлийг гэмтэхээс сэргийлж хамгаалдаг NFR1 генийг идэвхжүүлдэгтэй холбоотой байж болохыг Бельгийн эрдэмтдийн судалгаа харуулсан байна.

Үүнээс гадна спортоор хичээллэснээр гол эсүүд Т-лимфоцитууд болж хувирдаг булчирхай тимусын идэвхжилийг сайжруулдаг ажээ. Нас ахихын хэрээр энэ эрхтэний хэмжээ багасдаг боловч спортоор хичээллэгсдийнх харин хэвийн байдаг болохыг Британийн судлаачид харуулсан байна. Спортоор хичээллэдэг хүмүүсийн тимус өндөр насандаа ч залуу хүмүүсийнхтэй адилаар дархлааны тогтолцооны эсүүдийг бий болгодог. Цусан дахь холестеринийн хэмжээ спортоор хичээллэдэггүй үе чацуутнуудаас бага байдаг ажээ. Үүнээс гадна тамирчин эрчүүдэд тестостероны агууламж өндөр хэвээр байдаг гэнэ.

 

Чихрийг багаар, самрыг ихээр

 

Англи, Германы генетикчдийн үзэж байгаагаар залуу төлөв байдлаа удаан хадгалах хамгийн найдвартай арга бол чихрийг аль болохуйц бага хэрэглэх явдал гэнэ. Тэд жимсний ялааг (дрозофила) сахар ихтэй хүнсээр дагнаж хооллосноор хөгшрөлттэй холбоотой FOXO генийн үйл ажиллагаанд нөлөөлдөг болохыг олж тогтоосон байна. Жимсний залуу ялааг хоёр хэсэгт хуваажээ. Нэг дэх хэсгийг сахар хэвийн агуулсан хүнсээр, нөгөөг нь хэвийн хэмжээнээс найм дахин их сахартай хүнсээр хооллосон байна. Гурван долоо хоногийн дараа бүх шавьжийг жирийн хүнсээр хооллосон байна. Идэр залуудаа сахараар хэт хооллосон ялаа хяналтын бүлгийнхээс түрүүлж үхэж байжээ. Сахар ихээр хооллосон шавьжийн эрт үхэх эрсдэл 50 гаруй хувь байсан бөгөөд жирийн хүнсээр дахин хооллосон ч амьд явах магадлал дээшилсэнгүй.

Судлаачдын үзэж байгаагаар сахарын илүүдэл хөгшрөх үйл явцтай холбоотой FOXO генийн идэвхжилийг бууруулдаг ажээ. Эрдэмтэд сахарын оронд уролитинээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нэгдэл грек самар, анар, гүзээлзгэнэд агуулагддаг.

Чийгийн улаан хорхойг уролитинээр тарихад төрлүүдээсээ дунджаар 45 хувь удаан амьдарч байсан бол лабораторийн ердийн хулганууд 42 хувиар илүү тэсвэр хатуужилтай болж байжээ. Алколоид капсаицин агуулсан перец чили амьд явах хугацааг уртасгадаг. Тэрээр өөхлөлтийг сааруулснаар зүрх судасны болон уушгины өвчлөл газар авах эрсдэлийг багасгадаг.

 

Гол нь уурлаж бухимдахгүй байх

 

Хүн хэдий чинээ уурлаж уцаарлахгүй байх тусам тэр хэрээр удаан хөгширдөг хэмээн Америкийн генетикчид үзэж байна. Сэтгэлийн гутрал депресс, хямрал стресс эсийн мембраны оршин тогтнолыг хариуцдаг ANK3 генд өөрчлөлт оруулдаг. Хэвийн тохиолдолд нас ахих тусам энэ генийн идэвхжил аажуу явагдаж, бие махбодь мөн аажмаар өтөлж хөгширнө. Гэхдээ амиа хороох оролдлого хийх хүртэл сэтгэлийн хямрал, гутрал амссан хүнд залуу насанд нь ч ANK3-ын өндөр идэвхжил ажиглагддаг, үр дүнд нь тухайн хүн эрт хөгширдөг. Судлаачдын үзэж байгаагаар урт наслахын гол түлхүүр чухамдаа энэ генд байж болох ажээ. Нематод Caenorhabditis elegans-аас энэ генийг салгаснаар тэдний амьд байх хугацаа эрс уртассан. ANK3-ын идэвхжилийг бууруулж, чийгийн улаан хорхойн амьдралыг уртасгасан антидепрессант миансерин ч мөн ийм маягаар үйлчилсэн байдаг.

Эх сурвалж: РИА Новости

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ЭНХЭЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.