С.ЭРДЭНИЙН АЛДААГ МАН-ЫНХАН ДАВТАХ УУ

583

С.ЭРДЭНИЙН АЛДААГ МАН-ЫНХАН ДАВТАХ УУ

 

Чоно, туулай хоёрын онигоо байдгийг уншигч та мэдэх биз. Туулай нэг удаа малгай өмсчихсөн явж байсан чинь чоно тааралдаад “Чи муу туулай наашаа хүрээд ир, яах гэж малгай өмсөөд явж байгаа юм” гээд зодчихдаг. Маргааш нь чоныг харангуутаа туулай өмсөж явсан малгайгаа авчихсан чинь чоно “Чи муу яахаараа малгайгүй явж байдаг юм бэ” гээд бас зодчихсон. Яг ийм үзэгдэл улс төрд хүчээ авч байна. Намын удирдлагад таалагдахгүй бүхнийг балбасаар хөөж явуулах үйл явц. 

Өнгөрсөн хугацаанд парламентын гишүүд хоёр хуваагдаж, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүнээ огцруулах гэж үзэлцээд УИХ-ын үйл ажиллагаа таг зогссон. Эцэст нь Засгаа авч үлдэн, УИХ-ын даргаа үдэж мордуулав. Энэ “тулаан”-д сөрөг хүчин ч багагүй хохирол амссан. Өнгөрсөн сонгуулиар ард түмнээс хатуухан үнэлгээ авч УИХ-д дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудлыг авсан АН эрх баригч хүчнийн зодооны улмаас бүлэггүй боллоо. С.Эрдэнэ “Манай нам лидерийн араас хөөцөлдөхгүй. Тэднийг урьж залж, хүндэт индэрт суулгадаг цаг өнгөрсөн” хэмээн ам гарсан. Тэр энэ амандаа хүрч өөрт таалагдахгүй хэн бүхнийг “намын дүрэм зөрчсөн” гэх шалтгаанаар хөөж, туусаар байна. Эцэстээ УИХ-д бүлэггүй сул гишүүдтэй нам болж хувирав. 

Харин одоо энэ алдааг МАН давтаж байна. Өчигдөр МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Ингэхдээ С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын шинэчилсэн дүрмийг зөрчсөн гэж үзсэн байна. 

 Ц.Сандуйг  "60 тэрбум"-ын асуудлаар төрийн эрхийг булаах гэсэн ёс зүйгүй үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзжээ. Харин С.Мөнхчулуун болон түүний  хамаарал бүхий этгээд ёс зүйгүй үйлдлүүдэд нэр холбогдсон гэж үзсэн байна. Ийнхүү МАН нэрээ цэвэрлэх нэрийдлээр С.Сандуйг явуулах шийдвэр гарчээ. Угаас М.Энхболд, С.Сандуй нар 60 тэрбумын “үйл лай”-гаа үүрэхээс өөр аргагүй. Ингэж байж МАН ирэх сонгуульд нэг ч гэсэн муу гуншингаасаа сална. Харин С.Мөнхчулууныг дүүгээ хүмүүжүүлж чадаагүй, намын Удирдах зөвлөлөөс зөрсөн “үндэслэл”-ээр МАН-аас явуулахаар боллоо. 

Ийнхүү МАН АН-ын Удирдлагууд нэгэн адил гишүүдээ намын бодлого шийдвэр, дүрмээс өөр шийдвэр гаргасан гэх үндэслэлээр нэг нэгээр сугалж эхэллээ. С.Эрдэнэ даргын толгойлсон АН-ын хувьд энэ үйл явцын дараа УИХ-д бүлэггүй болж үлдсэн. Харин У.Хүрэлсүхийн тэргүүлсэн МАН хийгээд Засгийн газар өөрт таалагдахгүй хэн нэгнээ хүчээр явуулж эхэллээ. МАН бол төрийн өмнө, ард түмнийхээ өмнө хүлээсэн асар том үүрэг хариуцлагатай улс төрийн хүчин. Гэхдээ нам доторх зодоон, намын даргын ноёрхол  МАН-ыг тал бүрээрээ цуурч, салж унагахад хүргэх үйл явцын эхлэл болчих вий гэхээс болгоомжлох гишүүд олон байна. 
 

П.ГОО

Оллоо.мн

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>