Оюунлаг зэрлэгшил

523

 

Нэг сайхан ерөнхийлөгч маань 90-ээд оны эхээр “хүмүүнлэг, энэрэнгүй нийгэм” байгуулна гэж сүр зартайгаар тунхаглаж билээ. Гэтэл 20 жилийн дараа ердөө “ОЮУНЛАГ ЗЭРЛЭГШИЛ”-д хүрэв. Товчхондоо оюунлаг төрхтнүүдийн “зэрлэг” харилцаа. Бүр товчхондоо “ХАРААЖ, ХАШГИРАГЧДЫН НИЙГЭМ” л байгуулжээ. Гоё сайхан эд хэрэглээнийхээ цаана хүрэл зэвсгийн үеэсээ ч илүү зэрлэг хүмүүс нуугдаж байна. Олон сургууль соёлын мөр хөөсөн ч улам зэрлэгшээд байгаагийнхаа учрыг олж ойлгосон нь цөөрсөөр. Учир нь тэр олон сургууль соёлд нь зэрлэгшлийн хамгийн том шалтгаан “шунал”-ын л тухай заадаг гэдгийг ойлгохгүй байна. Шунал энэ нийгмийн хамгийн том хөдөлгөгч хүч. Түүнээс ургаж соёолсон үнэ цэнэ, мөнгө, ашиг, бодит орлого гэсэн хэдхэн үгэнд амьдралынх нь хамаг утга учир багтсан гаднаасаа гялалзаж гэрэлтсэн эртний сэтгэгчдээс ч оюунлаг төрхтэй “хиймэл дүрт” хүмүүсийн “хар яр” хийсэн хэрүүлийн хатуу харилцааг урлаг, уран зохиолоос өөр юу ч зөөллөхгүй мэт санагдах болсоор удлаа. Олох идэхийн тэмцэл дунд олон зүйлээ мартаж байна. Уран яруугаар сэрж сэтгэх одоо олон хүний хувьд “мартагдсан дууль” болжээ. Алсдаа ийм “оюунлаг зэрлэгшил”-ээрээ явсаар бид юунд хүрэх вэ?

Хамгийн түрүүнд үндэсний утга зохиолынхоо “будаалганд” очицгооно. Дараа нь “монгол хэл”-ээ оршуулж, овоолсон шороон дээр босгосон чулуун дээр хятад ханзаар “энд монгол хэл нойрсож байна” гэж бичнэ. Тэгээд зэрлэгээр хашгиралдсаар найр тарна. Гүйцээ. Түүнээс цааш өөр юу ч байхгүй. Геннесийн номонд хэдэн нүцгэн бөх барилдсан хийгээд хөлстэй морьд уралдсан түүх бичигдэж хоцорно. Ийм аймшигт, нэн гутамшигт ирээдүйг монгол эхийн сүү хөхөж, монгол эцгийн цус судсаар нь лугшиж байгаа нэг ч хүн хүсэхгүй. Харин энд тэндээс хольцоотой, эрээвэр хурааварчууд л хүсэж байхыг үгүйсгэхгүй. Тэдэнд цөөхөн хэдэн монголчууд “оюунлаг зэрлэгшил” рүүгээ улам бүр шунан тэмүүлж, дасан дурлаж байвал хожмын хэрэг явдалд нь тустай биз. Энэ цөөхөн хэдэн монголчууд эд хөрөнгө, гял цал, шил толь, өнгө гэрлийн төлөө хашгиралдаж, цаана нь жинхэнэ оюунлаг төрхөө гээж байвал сайхан байдаг биз. Тэгж ч бусдын хөнгөн зууш, хөөсөн гамбир болмооргүй байна. Тэгвэл одоо яах вэ?

Монгол хэлт, үндэсний утга зохиолын талаар баримтлах төрийн бодлого байна уу? Ер нь энэ төрд урлаг, утга зохиолын талаар баримтлах ямар бодлого байна вэ? Хичнээн удаа хоолойгоо цахиртуулан асуугаад нэмэргүй. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юм даанч алга. Арай хэдэн зуун сая хүнтэй, хэдэн зуун сая хүн нь өөр өөрийнхөө оюуны “хэмжээнд” уншдаг улс үндэсний утга зохиолтой харьцуулж хөгжлийнх нь зүй тогтол, оюуны багтаамжинд нь найдаж зөнд нь хаяж орхино гэж боддоггүй л байлтай. Жижиг улс үндэстэнд хэл соёл, утга зохиолынхоо талаар баримталдаг том бодлого байдаг гэдгийг мэдмээр юм. Хэдийгээр би “жижиг” улс үндэстэн гэдэг үгэнд дургүй ч энэ удаа хэрэглэхээс өөр арга байсангүй. Үнэндээ “жижиг” улс үндэстэн гэж байдаггүй юм билээ. Харин жижиг сэтгэдэг улс төрчид, “жижиг” бодолтой “сэжиг” бүхий удирдлагууд л байдаг юм. Жижиг биш бас дээр нь сэжиг бүхий биш төрийн “толгой” үндэстнийхээ хэл соёл, утга зохиолын жинхэнэ шилдгүүдийг /жинхэнэ шүү?/ багтаасан төрийн бодлогын зөвлөл байгуулж, үндэсний утга зохиолоо түгээн дэлгэрүүлэх, орчуулах ажлыг эрхлэн явуулдаг юм билээ. Өнөөдөр бидэнд тийм бодлого байтугай бодол ч алга. 
Гэтэл муулж сайлдаг боловч өмнөх социалист төрд тийм бодлого байсан учраас л богинохон хугацаанд ард түмнээ “харанхуй бүдүүлгээс” нь хагацааж, үндэсний утга зохиол хөгжсөн тал бий. Хөгжсөн гэдэг чинь өмнөхөөс ахисан үгүй бол өмнөхөөсөө лав ухраагүй гэсэн үг. Гэхдээ ямар замаар будаа тээснийг одоо хэн ч хэнээр ч хэлүүлтгүй мэдэх болжээ. Гэвч хэрэг болгож хэдхэн жишээг дурдах уу?

Үүнээс гадна монголын зохиолчдын байгууллага 1973 оны тавдугар сард “Олон улсын утга зохиол шүүмжлэгчдийн холбоо” /МАЛК/-д гишүүнээр элсэж үйл ажиллагаанд нь оролцож байна. /”Хөгжлийн шинэ замаар” 1988,46-р тал/ 
Одоо шүүмжлэгчдийн олон улсын холбоонд элсэх нь битгий хэл утга зохиолын мэргэжлийн шүүмжлэгч ховорджээ. Тэр үед төр бодлоготой байж, тэр бодлогын хүрээнд утга зохиолын судлал шүүмжлэл хөгжиж байсан гэвэл хуучнаа дурсаж, эргэж буцах гэсэн явдал болох юм болов уу? Үгүй л болов уу? Өнөөдөр утга зохиолын шүүмжлэл ор тас орхигдсоноос мэргэжлийн үнэлэлт бус хувь зохиолчдын хувийн үнэлэлтэнд нийгэм итгэчихдэг болов. Хүн өөрийгөө үнэлэх гэдэг хэзээ ч бодитой байдаггүй. Нэрт зохиолч, суут зохиолч, гарамгай төлөөлөгч, сонгодог яруу найрагч гэсэн үнэлгээг дурын зохиолчийн номон дээрээс уншиж болох цаг юм. Цагийн ханш дагаад уран зохиол нь биш урнаар зохиогчдын бүтээлүүд толгой дээгүүр хийсэх нь ахиад л монголын утга зохиолын талаарх төрийн бодлого үгүйлэгдэж байгааг харуулна. Бас дээр нь улс үндэснийхээ оюун санааг уран зохиолоор дамжуулан “зэрлэгшилээс” аврах төрийн тодорхой бодлого л гээд байгаагаас биш өнгөрсөн цагийн “главлит” нэхэж мунхаглаагүй гэдгээ хэлмээр байна. 
“Монголын утга зохиолын номын сан” 16 боть ЗХУ-д хэвлэгдэж эхэлсэн нь манай утга зохиолын ололт дэлхий дахинаа түгэх бас нэгэн шинэ алхам нээгдэв. /”Хөгжлийн шинэ замаар” 1988,49-р тал/ 
Өнгөрсөн цагт монгол хэлт уран зохиол үзэл санаа нэгтэй улсууд төдийгүй үзэл санаа харш улсуудын хэлээр ч чамгүй орчуулагдаж хэвлэгдсэн. Орос хэлээр дамжиж дэлхийн соёлт уншигчид ч боломжийн хэмжээнд танигдсан. Гурван жилийн өмнө жуулчлалаар ирсэн өвгөн канад л лав “Монголын нууц товчоо”, “би уншсан, би уншсан” гээд гайхуулаад байсан юмдаг. Бас болоогүй Чингис хаан, Жамуха гээд архины шил заагаад толгой сэгсрээд байв даа? Зарим нэг хэт гоочлогчид “цүнхний академиуд” гэж нэрлэдэг ч сүүлийн үед монголын утга зохиолыг орчуулах сурталчлах ажлыг мэр сэр тэд л хийж байна. Юу үнэн, тэр үнэн. Түүнээс бус үндэсний утга зохиолын сонгодог өв сангаасаа орчуулах ажлыг төрийн зүгээс санаачилж, санхүүжүүлсэн гэж би л дуулаагүй. Дэлхий дахинд монголын хэл соёл, утга зохиолыг сурталчлах ажлыг бодлоготой хэрэгжүүлэх бодлого үгүйлэгдэнэ. Өнөөдөр гадаад хэлний өндөр чадвартай залуучууд гадуур дотуур дүүрэн л байна. Тэдний эрдэм чадлыг ашиглаж улс үндэснийхээ оюуны дархлааг сайжруулах бодол ухаан л дутаад байна. Монгол зохиолч Нобелийн шагнал хүртэх өдрийн модны үндэс нахиалсан гэдэгт би итгэдэг. Хэдхэн хүний хөөр хөөцөлдлөгөөнд найдах бус хэрэг зориг болгож хийх ажил монголын төрд байна. Бүгдийг тэнгэрээс унаад ирэхийг, төрөөс хайрлахыг хүсээд байгаа юм бас биш, ээ. Зөвхөн ухаад байгаа уул уурхайгаасаа жаахан мөнгө, ухуулаад байгаа зар сурталчилгаанаасаа жаахныг л монголын уран зохиолд зарцуулахыг хүсээд байгаа юм. Нийгэм нийтээрээ “оюунлаг зэрлэгшил”-д нэгмөсөн унахгүйн тулд шүү дээ?

1987он. Улаанбаатар хотод монгол утга зохиол орчуулагчдын “утга зохиолын орчуулга улс түмний найрамдал, энхийн үйлсэд” сэдэвт олон улсын уулзалт анх удаа болов. Энэ уулзалтанд Орос, Америк зэрэг хориод орны орчуулагчид оролцов. /”Монголын зохиолчдын эвлэлийн түүхийн товчоон” 2004,97-р тал/ 
Юун “Монголын утга зохиол орчуулагчдын олон улсын уулзалт” зохиох, цаана чинь “Монгол судлал” Бээжинд жасаалах болоод олон оныг үдлээ. Оросын Монгол судлал хэрхэн нүдэн дээр нь унтарч байгаа тухай монголын утга зохиол судлаач орос эмэгтэйн ярилцлагыг уншаад харамсах сэтгэл хаврын салхитай хамт хаалга балбаж байлаа. Яагаад гадаад дахь монгол судлал, монголын уран зохиол судлал хүрээ нь хумигдаж бараа нь алдрав. Хамаг учир нь ойрхны танил дотно нэрсээ дурдахад М.П. Петрова, Simon Wickham-Smith, Кимура Аяако гуравт монголын утга зохиолыг судалж, сурвалжилж орчуулсаных нь төлөө байлж шагнадаггүй юмаа гэхэд баярлалаа гэж манай төр хэлээгүй юмдаг. Тэгэхээр аргагүй хүрээ нь хумигдаж бараа нь тасрах дээрээ тулаад байгаа юм. Ядаж урд хөршийнхөн л гэхэд хятад хэл соёлыг түгээн дэлгэрүүлснийх нь төлөө цалин шагнал хангамжаар гадаадын эрдэмтдийг “булдаг” юм билээ. Ийм ойрхны жишээг бодохоор л бидний “оюунлаг төрхтэй зэрлэгшил” биднээс атлаа биднээс биш шалтгаантай нь мэдрэгдээд байдаг юм. Чухамдаа алгын чинээ газар дээр ирээдүйд “оюунлаг зэрлэгүүд”-ийн унах тансаг машины гараш барих уу? эсвэл ухаалаг ирээдүйнхнийхээ “шунал”-аас бусдыг сурах сургууль барих уу? Яг ийм асуултын зааг дээр бид амьдарч байна. Гараш уу? Сургууль уу?

Эцсийн шахуу асуулт надад байна. “Оюуны зэрлэгшил” монгол утга зохиолыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, гадаад хэлээр орчуулан сурталчлахтай ямар сэжмээр холбоотой вэ? Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай гэдэг шиг ямар нэг хэмжээгээр тэд биднийг ойлгодог болчихвол бид ч өөрсдийгөө илүү ихээр танин мэдэх боломжтой. Уран зохиол асар их зүйлийг өөртөө тээгч гайхамшигт урлаг. Тэр дотор нь улс үндэстний оршин тогтнох хувь заяа ч багтаж байдаг юм. Хариулт хангалттай бизээ. 
Одоо монголын төрөөс бид юу хүсэх ёстой вэ? Эх орны хишиг энэ тэр бишээ. Зэрлэгшлээс салгах бодлого. Харин би хувьдаа юу хүснэ вэ?

ОЮУНЫ ЗЭРЛЭГШЛЭЭС НИЙТЭЭРЭЭ ХАГАЦАХ 
ОМОГ ТӨГӨЛДӨР ӨДРҮҮДИЙГ ҮЗЭХИЙГ ХҮСНЭМ

 

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>