Мөнгө санхүүгийн орчны тогтвортой байдлын талаар хэлэлцлээ

78

Мөнгө санхүүгийн орчны тогтвортой байдлын талаар хэлэлцлээ

 

Монгол Улсын Их Хурал, Монголбанк хамтран “Think Thank –Мөнгө санхүүгийн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнгөрсөн хугацаан дахь Мөнгөний бодлогын хэрэгжилт, санхүүгийн тогтвортой байдлын төлөө Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа. Түүний хэлсэн үгэнд Мөнгө, зээлийн зохистой өсөлтийг хангаснаар инфляци зорилтот түвшнээс бага буюу 7.3 хувьтай, харин эдийн засаг 6.9 хувиар өсч, сэргэлт эрчимжсэн. Монголбанкнаас эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 oны эцэст 16.9 хувь болж өмнөх онтой харьцуулахад 2.5 нэгж хувиар буурсан. Зээлийн хүүний бууралтын нөлөөгөөр банкуудын бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад өндөр хувиар өссөн. Энэ нь бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болсон зэрэг эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүдийн талаар  дурдагдлаа.

Хэлэлцүүлэгт Монголбанкнаас мөнгөний бодлого, валютын захын нөхцөл байдал,  хүүний тэнцвэрт байдлыг хэрхэн тодорхойлох, экспорт импортын эрэлт болон финтекийн хөгжил, эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн хэлэлцүүлэгт эдийн засагч Р.Амаржаргал “Гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө, нэвтрүүлэхэд тохиолдох эрсдэлийг бууруулах арга зам” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Баттөмөр Монголбанкнаас хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажлууд үр дүнтэй байгааг онцлоод яамд дэргэдээ суурь судалгааг өргөн хүрээнд хийж байх шаардлага бийг хэлж байлаа.

Оролцогчдын зүгээс эдийн засгийн өсөлтөө хадгалж үлдэхийн тулд уул уурхайн бус салбарыг дэмжсэн бодлогын дорвитой шийдвэрүүд гаргах, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх тухай асуудлуудыг голлон хөндлөө.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.