Таван тивийн 74 улс Монголын экспортын 3.5 хувийг бүрдүүлдэг

36

Манай улс Африкийн орнуудад 303 мянган ам.долларын экспорт хийжээ

Монгол Улс дипломат харилцаатай гурван улс тутмын нэгд нь бараа бүтээгдэхүүн борлуулан, орлого олж байна. Гэхдээ найрсаг хамтын ажиллагаатай гурван орон тутмын хоёроос нь бараа, таваар авч, гадагш валют урсгажээ. Хэдийгээр Монгол Улс гадаад худалдаанаас сүүлийн жилүүдэд ашиг хүртэх болсон ч экспорт эмзэг хэвээр байна. Хилийн чанадад нийлүүлж буй барааны чанар, төрөл, борлуулж буй улсын тоо импортынхоос хамаагүй доогуур. тухайлбал, Монгол Улс дэлхийн 159 улсаас бараа, бүтээгдэхүүн худалдан авдаг атлаа үүнээс хоёр дахин цөөн буюу 77 улсад л борлуулалт хийж, орлого олдог байна. Дайран дээр давс гэгчээр, цөөхөн улсыг жагсаасан экспортын цөмийг мөн л гарын таван хуруунд хүрэхгүй худалдан авагч бүрдүүлдэг. Гаалийн ерөнхий газрын мэдээлснэээр 2018 онд манай нийт экспортын 92.8 орчим хувийг зөвхөн өмнөд хөрш бүрдүүлсэн бол тус улсын араас жагсаж буй Их Британи, ОХУ-ын дүнг нэгтгэвэл нийт хувь нь 96.5-д хүрнэ. Нийт экспортын үлэмж хэсгийг ердөө гуравхан улс бүрдүүлсэн бол үлдэж буй 3.5 хувийн экспортыг дэлхийн 74 улс руу хийжээ. Тэгвэл өмнөд болон хойд хөрш, хаа холын их Британийн илүүрхэлд дарагдсан ямар сонирхол татам үзүүлэлт манай экспортод нуугдаж буйг сонирхъё.

 

АФРИК ДАХЬ МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ТҮНШ НЬ ЕГИПЕТ

 

Эхлээд бидний тэр бүр мэддэггүй Африкийг чиглэсэн Монголын экспортыг сөхье. Манай улс 2018 оны эцсийн байдлаар тус бүс нутагт 303 мянган ам.долларын экспорт хийжээ. Үүний дийлэнхийг буюу 235 мянган ам.долларын арилжааг Египет улсад хийсэн байна. Хойд Африкт орших энэ улс биднээс хивс, ноолууран эдлэл болон малын өлөн гэдэс худалдан авсан байна. 2017 онтой харьцуулахад тус улсыг чиглэсэн Монголын экспорт бараг хоёр дахин буурчээ.

 

Тэгвэл Египетийн араас Африкийн томоохон улсын нэг болох Судан бичигдэж байна. Цэнхэр дуулгатай монгол эрсийн энхийг сахиулж буй энэ улсад манай улс 2018 онд 64.8 мянган ам.долларын борлуулалт хийсэн нь сүүлийн жилүүдэд ажиглагдаагүй өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Тус улс Монголоос ашигласан дугуй, олгой хаймар, толь, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги зэргийг худалдан авчээ. Үүнээс гадна Зимбабве улс тэжээлийн анхдагч элемент, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс лабораторийн реактив, сүлжмэл эдлэлийн эд анги худалдан авсан байх юм.

 

Ер нь тус тивийн орнууд биднээс эд анги, тоног төхөөрөмж түлхүү худалдан авчээ. Гэхдээ Африкаас Монголыг чиглэх валютын урсгал 2016 онтой харьцуулахад гурав дахин буурч, биднээс бараа бүтээгдэхүүн худалдан авдаг Африкийн орнуудын тоо ч цөөрсөн байна. Тухайбал, 2016 болон 2017 онд дээр дурдсан улсаас гадна Ангол, Кени, Уганда, Этиоп зэрэг улс Монголоос экспорт хийдэг байжээ. Ялангуяа, сүүлийн хоёр жилд Африк дахь бидний хамгийн том экспортлогч болох Ангол (280 мянган ам.доллар), Кени (604 мянган ам.доллар) Монголоос худалдаа хийхээ больжээ.

 

БАХРЕЙН УЛС АМЬТНЫ ЭКСПОРТОД ГАР ТАТДАГГҮЙ

 

Ази болон ойрх Дорнодтой хийж буй экспортын өнгийг БНХАУ тодорхойлж, БНСУ, Япон, Сингапур зэрэг улс түлхэц үзүүлж байна. Эдгээрээс гадна хэмжээ, орлогын хувьд их биш ч сонирхол татам бараа бүтээгдэхүүнийг хэд хэдэн улс биднээс худалдан авчээ. Тухайлбал, дэлхийн хамгийн хаалттай улсын нэг болох хойд Солонгос Монголоос үхрийн хөлдүү мах, навчин болон янжууран тамхи нэг сая ширхгийг худалдан авсан байна.

 

Персийн буланд орших Бахрейн улс Монголоос зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүнийг 125 мянган ам.доллараар худалдан авсан нь амьд мал, амьтны экспорт байв. Тэгвэл бид Балба улсад тэмээний ноос зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүн худалдаад 260 мянган ам.доллар олсон бол Бутан улс Монголоос 250 килограмм бяслаг импортолж, 0.6 мянган ам.доллар төлжээ. Үүнээс гадна бидэнтэй харьцангуй ойр орших Йордан, Ливан, Оман зэрэг улс Монголын экспортын зах зээлийн жагсаалтыг зузаатгаж байна. Эдгээр улс мах, арьс шир зэрэг малын гаралтай бүтээгдэхүүн худалдан авчээ.

 

Бүс нутагтаа тансаг хэрэглээтэйд тооцогддог Арабын Нэгдсэн Эмират улс амьд амьтан болон үслэг эдлэл Монголоос авсан бол ойрх Дорнодын Кувейт, Катар улс ижил төрлийн бүтээгдэхүүний импорт хийжээ. Катар улс гэхэд амьд амьтны экспортод 418 мянган ам.доллар зарцуулсан байгаа юм.

 

Үүнээс гадна төв Азийн Узбекистан, Тажикистан, Казахстан улсад хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн голлон нийлүүлсэн. Казахстан улс сүүлийн жилүүдэд ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдан авалтаа нэмэгдүүлжээ. Африкаас ялгаатай нь Азийн орнууд дахь Монголын худалдаа сүүлийн жилүүдэд тэлсэн байна.

 

ЭСТОНИ УЛСАД ЧАНГА ЯРИГЧ ЭКСПОРТОЛЖЭЭ

 

Хөгжингүй орнууд голлосон Европ болон Америк тивд хийсэн худалдааны дийлэнхийг их гүрнүүд бүрдүүлж байна. Ялангуяа, Их Британид нийлүүлсэн алтны экспорт энэ бүс нутгууд дахь худалдаанд жин дарж байгаа юм. Үүнээс гадна Монголоос худалдан авдаг ОХУ-ын адууны мах болон жоншны экспорт ч чамгүй хувийг эзэлж байна. Эдгээр улсын араас нь Итали, Герман, Франц зэрэг Европын хүчирхэг гүрнүүд бичигдэж буй бөгөөд тэд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн голлон худалдан авч байна.

 

Харин Люксембург, Украин улс эвэр, туурай, соёо, яст мэлхийн хуяг, шувууны хошуу, савар, зэрэг бүтээгдэхүүн худалдан авсан бол Эстони улс Монголоос чанга яригч болон түүний суурь, тоглоом тэргүүтэн импортолж, 6.8 мянган ам.долларын орлого оруулжээ.

 

Газар нутгийн хувьд биднээс харьцангуй алс Перу улс хэд хэдэн төрлийн багаж импортолсон байхад Нидерланд, Бразил улс гянтболдын хүдэр, шинэ дугуй зэргийг худалдан авчээ. Тэгвэл Шри-Ланк улс хяналт, хэмжилтийн багаж төхөөрөмж Монголоос авсан бол Португал улс сүлжмэл пальто цув, свитер худалдан авахдаа 12 мянган ам.доллар зарцуулжээ. Мөн Румын, Исланд зэрэг улс манайхаас гэрийн угсармал хийц худалдан авсан байна.

 

  • 2017 онтой харьцуулахад Египетийг чиглэсэн Монголын экспорт бараг хоёр дахин буурчээ.
  • Зимбабве улс тэжээлийн анхдагч элемент, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс лабораторийн реактив, сүлжмэл эдлэлийн эд анги худалдан авсан байна.
  • Бутан улс Монголоос 250 килограмм бяслаг импортолж, 0.6 мянган ам.доллар төлжээ.

Хятад хэмээх том худалдан авагчийн сүрд дарагдсан, Монголын бусад худалдан авагчийн ерөнхий эрэлт болон экспортын үзүүлэлтүүд ийм байна. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, дэлхийн чөлөөт худалдаанд нэгдээд хэзээ мөдгүй хагас жарныг үдэх гэж байна. Гэвч Монголын экспорт бараа бүтээгдэхүүний хувьд, борлуулах улс орон, зах зээлийн хувьд ч тэр өнөө хэр төрөлжөөгүй, нунж, дорой хэвээр байна. Монгол Улс дэлхийн таван тивийн улстай импорт болон экспортын жим хэдийнэ татжээ. Гэвч үүнээс орлого болох худалдаа, борлуулалтаа нэмэгдүүлэх чиглэлд төдий л ахиц гараагүй хэвээр. Тиймээс экспортын бүтээгдэхүүн хийгээд зах зээлээ солонго адил төрөлжүүлэх шаардлага тулгарсаар байна.

Г.Байгал

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.