ХӨХӨӨ ШИГ ҮҮРЭЭ, ҮРСЭЭ ОРХИДОГ ЭЭЖҮҮДИЙГ ЯАЛТАЙ БИЛЭЭ

508

ХӨХӨӨ ШИГ ҮҮРЭЭ, ҮРСЭЭ ОРХИДОГ ЭЭЖҮҮДИЙГ ЯАЛТАЙ БИЛЭЭ

 

Цахим хуудсанд 20 настай хонгор охин 10 сар тээж төрүүлсэн 5 сартай хүүгээ адалж, асрамжинд өгөх тухай, өргөж авах хүн байна уу гэж асуусан постыг хараад сэтгэл эмзэглэв.

Тэр эмэгтэйн бичснээр “Хүүхэд төрүүлэх нь миний буруу байсан. Эцэггүй, золбин хүүхэд төрүүллээ гэж эцэг эхдээ загнуулж хараалгаж байна. Гэртээ ч байхын эцэсгүй боллоо. Тиймээс амьдралд гай болсон энэ хүүхдийг авах хүн байна уу” гэсэн утгатай зүйл бичсэн харагдав. Тэр постын дор олон хүн янз бүрийн сэтгэгдэл бичснийг хараад ч гайхав.

Үр хүүхэд гэдэг бурхны бэлэг. Зарим нэгэнд нь хүсээд ч ирдэггүй үнэтэй хувь заяа. Гэтэл бурхан, хувь заяа нь шагнасан сайхан зүйлийг буруутгаж, хараан зүхэж, хаа нэгтээ хаяж, төөрүүлж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Ээж нь үрээ голохоос илүү эмгэнэл гэж энэ орчлонгийн хаана байх билээ дээ. Гологдсон үр нь гомдсон сэтгэлээ хаана хэнд тайлах юм бэ. Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй юм.

Ийм л замаар төрүүлсэн үрээ төөрүүлж хаядаг эхчүүд олон байна.

Хэдхэн хоногийн өмнө нэгэн зочид буудалд 14 хоногтой нярай охиноо алдсан ээж өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Зочид буудлын орон дээр 10 живхтэй үлдсэн алгын чинээхэн охин өнөөдөр асран хамгаалах төвд хүргэгдсэн байгаа юм.

Ээж нь “Өнөөдөр энд хонохоор боллоо. Гадаа машинаас мөнгө аваад ирье” гэж гарч яваад эргэж ирээгүй. Охин хоёр цаг тасралтгүй уйлсан талаар зочид буудлын ажилтнууд ярьсан байгаа юм.

Одоогоос хоёр жилийн өмнө Сүхбаатар дүүрэгт байрны орцонд охиноо унтуулж орхиод явсан ээжийг эрэн сурвалжилж байгаад олж байсан. Охин хүйтэн хонгилд удаан унтснаас болж хатгаа авсан байсан. Улмаар ЭХЭМҮТ-д хүргэгдэж эмчлүүлж байгаад өвчнөө даалгүй амиа алдаж байсан харамсалтай хэрэг гарч байсан.

Охиноо орцонд орхисон залуухан ээжийн мэдүүлэг “Би энэ хүүхдийг өсгөж тэжээж чадахгүй. Би өөрөө оюутан хүн. Тиймээс сайн санаат хүмүүс олоод авах хэмээн итгэж найдаж орцонд орхисон” гэж ямар ч гэмшсэн шинжгүй, хээв нэг ярьж байсан. Хийсэн үйлдэлдээ харамссан зүйл байхгүй тэр ээжид хорих ял оноож билээ.

Одоогоос олон жилийн өмнө төрсөн хүүгээ танилындаа орхиод явсан эмэгтэй өнөөдөр Франц улсад амьдарч байна. Азаар хаясан хүүг нь төрсөн аав олж, өөр дээрээ авсан гэдэг.

Амьдрал болохгүй байна гэж, эсвэл эр нөхөртөө уурлаж шаралхсандаа өрцөө өмлөж, өвдөж төрүүлсэн үрсээ шийтгэдэг ухаан муутай ээжүүдийг яанам бэ.

Иймэрхүү замаар дөнгөж төрсөн үрээ төөрүүлэх, эсвэл амийг нь хохироогоод энд тэнд хаях нь бараг хэвийн үзэгдэл болчихжээ. Эндээс харахад хөхөө шувуу үүрээ, үрсээ орхиод юу ч бодолгүй, юунд ч санаа зовдоггүй, алдсан алдаандаа харамсдаггүй, хийсэн буруу үйлдээ гэмшдэггүй ээжүүдийг яалтай билээ дээ. Иймэрхүү ээжүүдийг ээж байх эрхийг насаар нь хасах хэрэгтэй. Төрүүлсэн үрээ голно гэж юу байх уу. Эд эрхтэн нь тийм, гажигтай төрсөн гээд гараас хөтлөх үрээ гудамжинд төөрүүлж хаядаг сэтгэлтэй, зоригтой эхчүүд байгаад үнэхээр харамсмаар.

Өнгөрсөн жил гэхэд хүүхдээ хогийн сав болон өөр газар төөрүүлж хаясан гурван тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байгаа юм. Харин он гараад нэг тохиолдол бүртгэгджээ. 

Эцэг эхдээ хаягдаж, Хүүхдийн халамж асрамжийн төв хэмээх өнөр айлд өсөн торниж байгаа хүүхдийн ирээдүй бүрхэг. Насанд хүрэхээр тэд хаачих вэ шилжилтийн насанд хүрэх эмзэг үедээ нийгэмдээ хэрэггүй хүний тоонд орвол яах вэ.
Хүүхдүүд цэвдэг сэтгэлтэй ээж, аавынхаа хар балгаар хүн шиг хүн байх эрхээ хасуулсан байна. Эдгээр эцэг эхчүүд ирээдүйн хүний эрхийг хасч гай тарьж сууснаас өөрсдийнх нь ээж аав байх эрхийг хассан нь дээр.

Улс орны ирээдүй бидний гэрэл гэгээ хэмээн хайрладаг цагаахан ертөнцөд хар толбо суулган эргэлзээтэй эрэг рүү ийнхүү түлхсэн нь зөвхөн эцэг эхийн буруу төдийгүй эх орныхоо ирээдүй хойчийнхоо өмнө хүлээсэн үүргээ умартсан увайгүй явдал, цээрлүүштэй нүгэл гэдгийг ухаараарай, ялангуяа залуу ээжүүд. Дээр нь хариуцлагатай бай, эцэг эх болох эсэхээ эртнээс төлөвлөдөг байгаач. Нэг удаагийн болчимгүй үйлдэл, жаргал цэнгэлээс болж бяцхан зүрх нарыг битгий гомдоо, битгий хаяж гээгээч.

Хүүхдээ хаяхад хүрвэл хүүхэд олохоосоо өмнө арга хэмжээ авч хувь хүнийхээ ухамсар, хариуцлагаа нэгт тавьж үзээрэй.

О.Гэрэл
Оллоо.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>