ХҮН АМИНЫ ХЭРГЭЭР ХҮМҮҮЖИЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАЛААС ИЛҮҮ ХУВЬ НЬ ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН БАЙДАГ

433

Өнгөрсөн 7 хоногт ШШГЕГ-ын Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар хаалттай, нээлттэй ангийн албан хаагч болон хүмүүжигч эмэгтэйчүүдтэй уулзлаа.

Тус хориход 60 эмэгтэй, 13 эрэгтэй албан хаагч ажилладаг. Харин 16-70 насны 200 орчим эмэгтэй хүмүүжиж байгаагаас 37 нь хаалттай буюу чанга дэглэмтэй ангид хүмүүждэг байна. Мөн нярай хүүхэдтэй 5 эх, жирэмсэн таван эмэгтэй хүмүүжиж байна.

Хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь залилан, хулгай, хар тамхи, хүний наймааны хэргээр зүйлчлэгдсэн. Харин хүн амины хэргээр хоригдож байгаа эмэгтэйчүүд олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, аргагүй хамгаалалт хийснээс эрүүгийн хэргийн санаатай гэсэн зүйл ангиар хоригдож байгаа аж.

Үүний нэг жишээ нь “би нөхөртэйгөө арван наймхан насандаа гэр бүл болж, 26 жил ханилсан. Би түүнд итгэж ханилсан болохоос амь насыг нь хөнөөнө гэж суугаагүй. 26 жилийн турш манай гэр бүлийн хүн архины хамааралтай байж, байнга зоддог байсан. Би үр хүүхдээ хамгаалж, аргагүй байдалд орсны улмаас ийм хэрэг хийсэн. Санаатай гэсэн зүйл ангиар хэргийг минь хаасанд гомдолтой явдаг” хэмээн хоолой зангиран ярих бүсгүй юм.

Энэ мэт хэд хэдэн бүсгүй ийм байдлаар эрх чөлөөгөө хасуулсан гэдгээ уулзалтын үеэр учирласан.

Тиймээс гэр бүлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг бүх талаас нь судалж хуульчилдаг байхыг холбогдох байгууллагад нь уламжилж өгөхийг хүссэн юм.

407 дугаар хорих ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдийн 95 орчим хувь нь ажлын байраар хангагдсан, дотроо оёдлын үйлдвэртэй төдийгүй өөрсдийн болоод албан хаагчдынхаа албаны хувцсыг оёдог. Хүмүүжигчид цалингийн данс, карттай, хорих анги доторх дэлгүүрээсээ худалдан авалт хийдэг, зарим нь цалингаасаа гэр бүл лүүгээ ч явуулдаг гэв.

Шинээр ирсэн хүмүүжигчдийг орчинд нь дасгаж, сэтгэл зүйг нь бэлдэхийн тулд тус хорихын сэтгэл зүйч, нийгмийн ажилчид тусгай байранд байрлуулж дасгадаг байна. Мөн бичиг үсэггүй хүмүүжигчдэд “Ажилчин залуусын оройн сургууль”-ийн багш нар ирж хичээл заадаг төдийгүй Хууль сахиулахын их сургуулийн багш ирж англи хэлний хичээл давхар заадаг. Түүнчлэн МСҮТ-ийн цахилгаанчин, барилгачны чадамжийн гэрчилгээ ч олгодог байна.

ШШГЕГ 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга хурандаа С.Зул-Очир “Бид хүмүүжигчдийнхээ ая тухыг хангахын тулд бүхий л талын арга хэмжээг авч ажиллаж байгаа. 140 хоригдлын багтаамж бүхий хаалттай хорих анги барихаар ажлаа эхлээд байна. Бичиг баримтгүй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Мөнгө төгрөг бүх зүйлийг нь бэлдээд хөдөө орон нутаг руу явуулахаар заавал биеэрээ байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Уг нь өнөөдөр бүх юм цахимжсан байхад тийм асуудлыг шийдээд өгдөг баймаар байна. Мөн бид Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалтай хамтран хүмүүжигчдээ сайн дурын нийгмийн даатгалд хамруулахаар ярилцаж байна. Хэрэв тэд сайн дурын даатгалд хамрагдвал эндээс гараад ядаж талхны мөнгөтэй, хүнээс гуйлга гуйх шаардлагагүй болох юм” гэлээ.

Харин хүмүүжигчдийн зүгээс

-Эндээс гараад ажлын байранд зуучлах, мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулах боломж бий юу?

-Хорих ангиас гараад сэтгэл зүйн элдэв асуудал тулгарахад хаана хандах вэ?

-Сэтгэл зүйчийн зөвлөгөө маш их хэрэгтэй байдаг. Гэтэл хаана, хэнд хандахаа мэддэггүй гэсэн юм.

Энэ мэт эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, буруу тогтолцоот нийгмийн золиос болж эрх чөлөө, сэтгэл санаа, бие махбод, бүх зүйлээрээ золиослогдож, хэнд хандахаа ч мэдэлгүй явсаар эцсийн зогсоол нь хорих анги болоод байна уу?

Монголын эмэгтэйчүүдийн холбоо

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>