Дэггүй гишүүдийг “дэглэж” чадах уу?

420

Байнгын ажиллагаатай парламенттай болоод бид долоо дахь удаагаа сонгуулиа явууллаа. Парламентын гишүүдийг дэгтэй, сахилга баттай байлгах хууль ч батлагдсан. Гэвч хууль тогтоох байгууллага энэ хуулийг 2007 онд батлан хэрэгжүүлж ирснээс хойш 21 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч гишүүдийн дэг жаяг, жудаг сайжирсангүй.

Бусад гишүүнийхээ өмнөөс санал өгдөг, картыг нь хийж ирцэд бүртгүүлдэг, бүр болоогүй ашиг сонирхолтой асуудалдаа нэгнийгээ ятгаж лоббидог байдал хавтгайрсан. Уг нь УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн талаар Үндсэн хуулийн эх баригч, гавьяат хуульч Б.Чимэд агсан “Өөрийн хийгээд дэлхийн улсуудын хүлээн зөвшөөрөгдсөн арга, туршлагыг судалж, орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны онолын түвшинд хүртэл дэгийг боловсруулж, мөрдүүштэй. Энэ бол Үндсэн хуулиас дутуугүй ач холбогдолтой хууль” гэж байжээ. Үндсэн хуулиас дутахгүй ач холбогдолтой, эрх ашгийн эрэмбээ тогтоон, ангилж, ялгах, зааг хязгаарыг барих боломжтой энэ хуулийг үе үеийн парламент өөрсдөдөө тохируулж зассаар өнөөдрийг хүрчээ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны зургадугаар сарын 30-нд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулийг санаачлагч С.Бямбацогт гишүүн энэ талаар “Өнөөдрөөс эхлэн гишүүд бусдын өмнөөс кноп дардаг, төгөлдөр хуурддаг зохисгүй явдал төгсгөл боллоо. Бусдын өмнөөс санал өгөх замаар гишүүний, цаашлаад иргэдийн эрхэнд халддаг байдал эцэс болов. Гэхдээ УИХ-ын гишүүний хариуцлагатай холбоотой зарим заалтууд хасагдсанд харамсч байна. Дэг зөрчсөн гишүүнийг танхимаас гаргах заалт дэмжигдсэнгүй. Хуралдаа суудаггүй тасалдаг, хугацаандаа ирэлгүй хоцордог гишүүнийг эргүүлэн татах заалтыг хассан нь ухралт боллоо. Төрийн албан хаагчид, холбогдох албан тушаалтан УИХ-д, төрд зөвхөн үнэн зөв мэдээлэл өгдөг байх хариуцлагын заалтыг ч мөлийлгөсөнд харамсч байна. Дэгийн хууль өмнөхөөсөө дээрдсэн үү гэвэл дээрдсэн. Гэхдээ гишүүдийн, албан тушаалтнуудын хариуцлагыг дахиад илүү чангатгах, дэг шиг дэгтэй болох зарим асуудлууд хэлэлцүүлгийн явцад хасагджээ. Дахиад л хуулиа сайжруулахын төлөө ажиллая даа” хэмээж байсан юм. Гэхдээ хууль хэрэгжиж эхэлсэн долоо найман сарын хугацаанд хамгийн чухал заалт болох бусдын өмнөөс кноп дардаг байдал байсаар л байв. Нэг ёсондоо хэрэгжээгүй. “Түүхий” болсон энэ хуулийн өөрчлөлтийг дахин засч залруулахаар УИХ ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болоод байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэж батлах УИХ-ын дэгийн тухай хуулийг нэлээд чангаруулж, мөрдүүлж эхлэхээ УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар хэллээ. 

Тэрээр “УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас эхлэн гишүүд ирц болон саналаа хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно. Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ. УИХ-ын хуралдааны танхим популизмын талбар, хэрүүлийн тайз байх учиргүй. Хууль тогтоох байгууллага хуулиар тогтоосон үйл ажиллагаагаа хэвийн явуулж, асуудлыг шийдвэрлэж байгаа ч УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүй, ирцийн асуудал нийгэмд анхаарал татсан асуудал болоод байна. Тиймээс өөрчлөлтийг бид дээрээсээ, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаасаа эхэлж, хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоох учиртай. Гаргасан хууль нь бодитой хэрэгждэг, хянан шалгах ажлаа үр дүнтэй хийж чаддаг болсноор парламентын нэр хүнд сайжирна” гэсэн юм. Хуулийн төсөл боловсруулагчид гадаад орнуудын парламентын туршлагыг судалжээ. Дэлхийн бусад улс орны  парламентын мэтгэлцээн Байнгын хороод, Дэд хороодын түвшинд хэрхэн өрнөдөг, түүнд нь Тамгын газрын ажилтнууд хэрхэн дэмжлэг үзүүлж, Үндсэн хуулийн хүрээнд хууль тогтоох ажиллагааг ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлд хэрхэн тулгуурлаж, шинжлэх ухааны үндэс, баримт нотолгоотой хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж байгаа талаарх сайн жишгийг нэвтрүүлэх шаардлага үүссэн. Ингэснээр, хуулийн чанар, хэрэгжилт сайжирна гэж үзжээ. Хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Дэгийн хууль өмнөхөөсөө дээрдсэн үү гэвэл дээрдсэн. Гэхдээ гишүүдийн, албан тушаалтнуудын хариуцлагыг дахиад илүү чангатгах, дэг шиг дэгтэй болохын төлөө бид ажиллах ёстой. 2012-2016 оны парламентыг энэ удаагийнхтай харьцуулахад өнгөрсөн намрын чуулганыг эс тооцвол ирц харьцангуй сайн байсан. 2012-2016 онд УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаанд суугаагүй гишүүдийн тасалсан цаг 10000 гэж гарч байсанбол энэ удаагийнхыг мөн үетэй харьцуулж үзэхэд 1000 орчим цаг буюу 10 дахин буурсан үзүүлэлтийг УИХ-ын Тамгын газраас гаргасан байна. Өнгөрсөн удаад оруулсан өөрчлөлтөөр гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх заалтууд орсон. Одооноос хэрэгжиж эхэлнэ” хэмээв. 

Одоо өөрчлөлт орох хуулийн голлох заалтууд:

- Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тухайн хэлэлцэж буй асуудалд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн болон холбогдох Байнгын хорооны түвшинд “улс төрийн” хийгээд “бодлогын” нэгдсэн байр сууринд хүрсний үндсэн дээр тухайн асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлдэг хууль, эрх зүйн хийгээд “улс төрийн” соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн дэгийн өөрчлөлтийг хийх, 

- Улсын Их Хурал зүгээр хууль батлаад өнгөрдөг бус баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг, үр дүнд нь дүн шинжилгээ хийдэг, хийдэл зөрчил байвал түүнийг нь даруй засч залруулдаг байхад анхаарч, энэ асуудлыг хариуцсан тодорхой бүтэцтэй байх,

- Дэгийн тухай хуульд гишүүдийн ирцийг бүрдүүлэхэд чиглэсэн “санхүүгийн” хөшүүргийг оруулж үүнийгээ Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуультай уялдуулсан зохицуулалтыг тусгах,

- Парламентаар хэлэлцэгдэж буй асуудлын дийлэнх хувийг Засгийн газраас өргөн барьж буй, бусад улс орны жишиг ч ийм байгаа өнөөгийн нөхцөлд хууль тогтоомжийг боловсруулах ажлын үр нөлөөг чанаржуулахад анхаарах,

- Парламент дахь цөөнхийн оролцооны эрхийг хангах тухай асуудлыг илүү нарийвчлах,

УИХ-ын гишүүн нийт чуулганы хугацааны 1/3-ээс дээш цаг тасалсан байвал тухайн гишүүнийг эргүүлэн татна гэсэн заалт 2018 онд өөрчлөлт оруулсан хуулийн төсөлд байсан ч хэлэлцүүлгийн шатанд хасагдсан юм. Энэ асуудал шинэ хуулийн төсөлд тусаагүй аж. Ямартай ч гишүүдийн хэт их популизм хөөдөг, бие биеэ доромжилж, гүтгэдэг асуудлыг цэгцлэх шаардлага бий. Энэ нь УИХ-ын чуулганы хуралдааныг ажил хэрэгч бус болгож буй. Тиймээс УИХ-ын баталсан хууль амьдралд нийцдэг, гишүүдийг ажил хэрэгч болгох өөрчлөлт хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр гишүүд хууль, дүрмээ уншиж танилцаагүйгээс УИХ-ын гишүүн юу ч хийж, хэлж болдог гэж ойлгох үзэгдэл байсаар байгаа юм.

С.Батзаяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>