Нийгэмд хаягласан “Бүсгүйн зурвас”

648

Нийгэмд хаягласан “Бүсгүйн зурвас”

 

Ч.ГАНТУЛГА

Үзвэрийн хонх дуугарч, улаан хамбан хөшиг нээгдэхэд тайзан дээр эрхэм сайд Архай сэтгүүлч бүсгүй Итгэлд өөрийн амьдралын түүхийг ярина. Хүүхэд насны гэгээн дурсамж, аав ээжийн захиас сургааль. Архай бол УИХ-ын гишүүн, сайд хүн. Ард түмнийхээ сайн сайхан амьдрал, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн биеийг зольжээ…

Энэ бол Л.Өлзийтөгсийн зохиол, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Бүсгүйн зурвас” нийгмийн уянгын драмын жүжгийн эхлэл байв. Танхимд цугласан үзэгчид жүжгийн турш зарим хэсэгт инээж, зарим хэсэгт бухимдаж, бүр үзэн ядаж байлаа. Магадгүй хүн чанар гэж юу болох, хүн хүнээрээ байхын утга учрыг тунгаан бодсоных байх. Энэ удаагийн жүжиг “нийгмийн уянгын драм” гэсэн тодотголтой. Энэ нь нийтийн эрх ашгийн төлөө, нийгмийн муу муухай, гашуун үнэнийг дэлгэж, нийгэмд цочрол өгдөг онцлогтой төрөл ажээ. Хэдийгээр зохиол нь 17 жилийн өмнө бичигдсэн ч сэдэв нь хуучраагүй тул өнөөдөр тавихад үнэ цэнэтэй хэвээр байна. Улс төрийн хуйвалдаан, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хөрөнгө мөнгө хүнийг хэрхэн өөрчилж, хүн чанараа уландаа гишгэхэд хүргэдэг вэ. Архай уг нь нэгэн гэр бүлийн өрхийн тэргүүн, сайн ханийн халамжит нөхөр, хоёр хүүхдийнхээ үлгэр жишээ аав нь байсан юм. Энэ л амьдралыг хамт эхэлсэн үзэсгэлэнт гэргийгээ энгэртээ тэврэхдээ өөрийг нь гэх ямар их хайр, халамж, итгэл сэтгэл буйг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг байлаа. Өөдөөс нь эрхлэн гүйх хоёр үрээ харахдаа ирээдүйн амьдрал сайн сайхныг тосон мөрөөддөг байсан юм. Гэхдээ …

 

Үүрдийн хайр, үнэнч амьдралаа өнгө мөнгөөр солив

Жүжиг дундаа ороход энэ нийгмийн үнэнч шударга, сайн сайхны төлөөлөл болсон сэтгүүлч бүсгүй Итгэл үнэний төлөөх эрлээ үргэлжлүүлсээр байв. Гэвч эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө тэрээр хүчин мөхстдөг юм. “Шинэ өглөө” сонины сэтгүүлч Итгэлийн дүрийг УДЭТ-ын залуу жүжигчин Б.Золзаяа бүтээлээ. Тэрээр дүрийнхээ тухай “Би Ховд аймагт төрж өссөн. Өвөө, эмээтэйгээ байсан болохоор багаасаа биеэ даасан, нэлээд хээгүй зантай. Ер нь бол шулуун шударга талдаа. Хувь хүнийхээ хувьд дүртэйгээ харьцуулахад энэ зан маань төстэй юм шиг санагдсан. Би багадаа сэтгүүлч болохыг мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлөө “Бүсгүйн зурвас” жүжгээр биелүүлж байна. Сэтгүүлч хүн яриаг хөтөлж, мэдэхийг хүссэн зүйлээ ярилцагчаараа хэлүүлж чаддаг гэж боддог. Тэр зан чанар нь надад жаахан байж магадгүй” гэж нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэрээр Архайн мөн чанар багны цаана нуугдсан үнэн төрхийг уншигчдад харуулахыг хүссэн. Гэвч мэргэжлийн ёс зүйгээ баримтлах ухамсар түүнд байсан юм. Гэхдээ хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй Архай сайд залуухан, зоригтой сэтгүүлч бүсгүйн шударга занг нухчин даржээ. Жүжгийн гол дүр Архайг гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан бүтээсэн юм. Үзэгчид түүнийг “Хасар” хэмээн бүтээсэн дүрээрээр нь овоглож, хүндэлдэг билээ. Тэгвэл энэ удаа дахин нэг дүрээр үзэгчдийн сэтгэлд тамга дарж чадлаа. Б.Жаргалсайхан гавьяат яахын аргагүй энэ цагийн драмын урлагийн шилдэг эрэгтэй жүжигчдийн тэргүүн эгнээнд алхаж буйгаа Архайн дүрээр баталсан юм. Жүжгийн турш үзэгчид түүнийг жигшиж, хааяа өрөвдөж байсан нь дүрээ хэрхэн хүмүүсийн сэтгэлд хүртэл бүтээж чадсаных нь илрэл биз ээ. Түүнээс дүрийнх нь тухай асуухад “Хүнээс ямар муухай дүр төрх, араншин гардаг юм бэ. Хүний дотоод сэтгэлд олон сайн, муу араншин оршиж байдаг. Үүнийг би тайзаар дамжуулж, үзэгчдэд хүргэхэд хүндхэн байсныг нуухгүй. Хэдийгээр гаднаасаа их сайхан харагддаг ч дотоод сэтгэл, мөн чанар нь түүнтэйгээ эсрэгцдэг болж. Зарим хүн төсөөлөшгүй муухай бодол санаа, үйлийг тээж явна. Гэнэн залуу насандаа анх гэр бүл болсноосоо хойш  юунаас болж хажуу дахь хань нь хүртэл танихааргүй араатан шиг авиртай болоод байна вэ. Эцэст нь өөрөө өөрийгөө ч танихгүй, юу хийж байгаагаа мэдэхгүй явах тийм сайхан юм уу. Энэ бүхэн миний дүрд оршиж байгаа” гэсэн юм.

 

Хүний шунал юунд хүргэдгийг “Бүсгүйн зурвас” заав

Эцэст нь Архай хайртай ханиа орхиж, үр хүүхдээсээ нүүр буруулжээ. Түүнд юу үлдэв. Өвчиндөө шаналж, үхэхийн цагт хажууд нь үнэнч гэргий, үргэлжлэл болсон хүүхдүүд нь алга. Өнгө мөнгөөр өөрийгөө хучивч өр зүрхний хайр түүнд дутагджээ. Хүний шунал эцэстээ юунд хүргэдгийг “Бүсгүйн зурвас” түүнд заав. Зөвхөн Архайд ч биш танхимд цугласан үзэгчид, цаашлаад нийгэмд хаяглаж, хүмүүст хүргэхийг зорьжээ. Энэ бүтээл найруулагч Н.Наранбаатарын нийгмийн драм төрлөөр бүтээсэн хоёр дахь тайзны бүтээл юм. Өмнө нь тэрээр “Шөнө амталсан нулимс” жүжгээр шуугиан тарьж байсан юм. Энэ удаагийн бүтээлээ ч хүн бүрт дугтуйлсан байна.  Жүжиг дуусч хөшиг хаагдсан ч Архайн увайгүй зан, худал төрхийн талаар үзэгчид ярилцсан хэвээр байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>