“Магнай трейд” ХХК-ынхан Дорнод аймгийн сав газарт айж ичихээ умартан санаархсаар байна

611

 

Шатахууны зах зээлийн томоохон магнат "Магнай трейд” ХХК компани Дорнод аймагт  газрын тосны хайгуул хийх хүсэлтээ тус аймгийн удирдлагуудад илгээж тус бүс нутгийн газрын тосны сав газарт санаархсаар байгаа нь олон түмний сэтгэлийг ихээхэн түгшээж байна.

Өмнө нь тус компанийнхан Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх нэрээр орон нутгийн эрх барих байгууллагын зөвшөөрөлгүйгээр БНХАУ-ын "Цагаан хэрэм” хайгуулын компанийг авчран өрөмдлөгийн ажлыг эхлүүлэх гэж байсан ч нутгийн ард иргэд болон "Босоо Хөх Монгол” бүлгэмийн Дорнод салбарынхны ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсан ажээ.

"Магнай трейд” ХХК компанийн гүйцэтгэх захирал Г.Магнай гэгч тус аймгийн Чойбалсан сумын засаг дарга Ц.Ариунболдод газрын тосны хайгуулах хийх хүсэлтээ илгээж, уг ажлыг гүйцэтгэх хугацаанд ус ашиглах гэрээ байгуулах, болон кемп байгуулах газрын зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн нь өдгөө Дорнод аймгийн ард иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа бөгөөд нутгийн ард иргэд энэхүү хууль бус үйл ажиллагаатай эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байна.

Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар одоогоор Дорнод аймгийн Чойбалсан сумын засаг даргын зүгээс "Магнай трейд” ХХК нь төсөл хэрэгжих гэж буй нутаг дэвсгэрийн иргэд оршин суугчид, нутгийн удирдлагуудаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу албан ёсоор санал авч хэлэлцүүлэг өрнүүлэлгүйн улмаас кэмп барих, ус ашиглах зөвшөөрлийг олгоогүй байгаа бөгөөд харамсалтай нь "Магнай трейд” ХХК-ынхны зүгээс элдэв янзын арга саам хийж, тус газарт газрын тосны хайгуул өрөмдлөгө хийхээр санаархан сумын нутаг дэвсгэр дээр хайгуул хийх өдийн төдий тооны машин техник, контейнеруудыг байрлуулж буй нь олон түмний  бухимдлыг төрүүлсээр байгаа юм байна.

 


 

Түүгээр ч барахгүй одоогоос жилийн өмнө энэхүү асуудалтай холбогдуулан Дорнод аймгийн Чойбалсан сумын малчид ард иргэд газрын тосны хайгуулын компанийнхны эсрэг жагсаал цуглаан зохион байгуулсан ба учир нь "Магнай трейд” компани Дорнод аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг хамарсан газрын тосны 17-р талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан  байжээ.

Энэ үүднээсээ бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын ажлыг эхлүүлэхэд тус компанийхны авчирсан БНХАУ-ын иргэд кемп барьж, өрөм тавих ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ үеэр нутгийн иргэд, малчдын эсэргүүцлийн жагсаал болсон байна.

Нутгийн иргэдийн тайлбарлаж буйгаар хайгуулын талбайд малчдын өвөлжөө, хаваржаа багтсан ба нөгөө талаар тухайн компани газрын тосны хайгуулын зөвшөөрөл авахдаа хууль зөрчсөн байж болзошгүйгүй гэж хардаж байгаа ажээ.

Дорнод аймгийн иргэдийн хэлж байгаагаар Дорнод аймагт одоогоор газрын тосны чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын 100% хөрөнгө оруулалттай Петро Чайна Да Чин Тамсаг компанийн шуугиан дагуулсан газрын тосны тээвэрлэлт, олборлолтын ажил нь орон нутагт ямар ч өгөөжгүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй, иргэдийн эрүүл орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн байсан нь тогтоогдсон бөгөөд хэрвээ тус бүс  нутагт "Магнай трейд” ХХК-ынхан газрын тосны хайгуул өрөмдлөгийн ажлыг эрчтэй эхлүүлвэл нөхцөл байдал улам дордож, тус бүс нутагт хүн амтьтан амьдрах аргагүй болно гэж үзэж байгаа юм байна.

 


 

 

Ж.Бат

Эх Сурвалж: http://www.choibalsan.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>