“ОМАХАГИЙН ЗӨНЧ” УОРРЕН БАФФЕТ

104

“ОМАХАГИЙН ЗӨНЧ” УОРРЕН БАФФЕТ

Дэлхийн хамгийн одтой хөрөнгө оруулагчдын нэг, ирээдүйтэй компани, бизнесийг таних ер бусын мэдрэмжээсээ болж "Омахагийн шидтэн” хэмээх хочтой болсон Уоррен Эдвард Баффет 1930 оны наймдугаар сарын 30-нд АНУ-ын Небраска мужийн Омаха хотод бизнесмэн, улстөрч Ховард Баффетийн ганц хүү болон төржээ. Уоррен Баффет багадаа хачирхалтай "бизнес хүүхэд” байсан бөгөөд үеийн хүүхдүүд нь эцэг эхээсээ халаасны мөнгө гуйж байхад тэрбээр айл, айлын хаалга тогшин бохь, кока кола зарж явдаг байв. Суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт таван настайдаа анхны зохиолоо бичиж, Математикийн хаан Гаусс таван настайдаа нягтлан бодогч аавыгаа ичээж байсан гэдэг. Уоррен Баффет мөн тэдгээр агуу хүмүүсийн адилаар зургаан настайдаа анхныхаа наймааг хийж, анхны ашгаа олж байжээ. Тэрээр өвөөгийнхөө хүнсний дэлгүүрээс зургаан ширхэг кока кола ундааг 25 центээр худалдаж аваад, 30 центээр зарсан гэдэг. 74 жилийн тэртээх таван цент өдгөө 82.5 тэрбум болтлоо өсөөд байна.

Мөнгийг өсгөх, ашигтай зүйлд хөрөнгө оруулах мэдрэмж түүнд байгалиас заяажээ. Ашигтай ажиллах компанийг алдалгүй харах билгийн нүдтэй тул тэрбээр хөрөнгө оруулагчдын дунд тэр бурхан шиг л нэр нөлөөтэй. Нэгэн үе "Уоррен Баффет хувьцааг нь худалдаж авсан” гэсэн "шум” тухайн компанийн хувьцааны ханшийг шууд өсгөдөг "бичигдээгүй хуультай” болсон байсан нь түүний хэр нөлөөтэй эрхэм болохыг батлах биз ээ. Учир нь дээрх сургаар хөрөнгө оруулагчид тухайн компанид уралдан хөрөнгөө даатгадаг байжээ.

Уоррен хөрөнгө оруулах ажлаа 1941 оноос эхэлжээ. Тэрээр "City’s service” хэмээх компанийн гурван багц хувьцааг 38 ам.доллараар худалдан авч, эгчтэйгээ хамтран эзэмшжээ. Гурван багц хувьцааны үнэ удалгүй 200 болж өссөн гэдэг. Дунд сургуулиа төгсөхдөө аль хэдийнэ 5000 ам.доллартай болсон байв. Энэ нь одоогийн ханшаар 42 мянган ам.доллар буюу жирийн америк иргэний жилийн орлогоос илүү гэсэн үг юм. Сургуулиа төгссөний дараа Пинсильваний Их сургуульд элсэн орж, хоёр жил суралцжээ. Дараа нь Омаха хотдоо буцан ирж Небраскагийн Линкольн хотын их сургуульд шилжин ирж, 3 жилийн дараа төгссөн байна. Дээд сургуульд суралцаж байхдаа эдийн засагч, хөрөнгө оруулагч Бен Грем, Дэвид Додд нарын боловсруулсан хөрөнгө оруулалтын хуулийг сайтар судлан толгойдоо "суулгаж” авчээ.

Нэр алдартай хөрөнгө оруулагч Бен Грем, Дэвид Додд нар Уоррений замналд ихээхэн нөлөөлж чадсан юм. Бен Гремийн буй болгосон хөрөнгө оруулалтын хялбар энгийн хуулийг 21-тэй Баффет сайн ойлгож, тусган авсан байна. Сонингийн тасархай дээр гарсан материалаас санаа аван хөөцөлдөж гүйсний эцэст GEIKO хэмээх даатгалын компанийг эзэмших болж, улмаар "Беркшир Хэтэвэй” компанид хөрөнгө оруулжээ. 1965 он гэхэд тэрбээр компанийн 28 хувийг эзэмших болж, дараа жил нь захирлуудын зөвлөлийн даргаар сонгогдлоо. Түүний нэг бүрийг нь 7 ам доллараар худалдаж авсан хувьцаа энэ үед 19 ам.доллараар үнэлэгдээд байв. Үүнээс дөрвөн жилийн өмнө буюу 1962 онд тэрээр анхныхаа сая ам.долларыг олоод байжээ. 1971 онд орон нутагтаа алдартай "Сиз кэнди” хэмээх чихрийн үйлдвэрийг худалдан авсан нь мөн л оновчтой болжээ.

1973 оноос хэвлэл мэдээллийн салбарт анхаарлаа хандуулах болж "Washington Post” компанид хөрөнгө оруулж, 1977 онд "Buffalo Evening News”-ийг 32.5 саяар худалдаж авав. Анх долоон ам.доллар байсан "Berkshire Hathaway”-ийн нэгж хувьцаа 1979 онд 1305 ам.доллар болтлоо өсчээ. Эзнийхээ урагшгүй ажиллагаанаас болж дампуурахад хүрээд байсан "Скотт энд Фэтзер” болон бусад олон, олон компаниуд "Berkshire Hathaway”-ийн орлогыг нэмэгдүүлж байлаа. Тэрээр "Berkshire…”-ээс гадна хувиараа хөрөнгө оруулах ажлыг 1967 оноос эхэлж Балтиморын их дэлгүүрийг худалдаж авсан байна.

Уоррен Баффет, Билл Гейтс.

Тэрбумтан гэхэд Уоррен Баффет тансаг хэрэглээнд дургүй бөгөөд 1991 онд худалдаж авсан супер онгоцоос өөр тансаг хэрэглээ гээд байх юм байдаггүй аж. Түүнийг компьютер хэрэглэдэггүй цорын ганц тэрбумтан гэж нэрлэдэгийг уншигчид бараг мэдэх биз. Тэрээр одоо ажлаа өөр хүнд хүлээлгэн өгсөн ч шийдвэр гаргахад нөлөөлдөг хэвээр. Эхнэр Сюзан Баффет нь 2006 онд нас барахад дурсгалыг нь хүндэтгэн дотны анд Билл Гейтсийн эхнэр Мелиндагийн тэргүүлдэг буяны санд хөрөнгийнхөө 85 хувийг гэрээслэн үлдээсэн нь дэлхий даяар шуугиан тарьсан билээ. Энэ тухайн үеийн үнэлгээгээр 37 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан болохоор арга ч үгүй юм. Ийм их хөрөнгө буяны үйлсэд хандивлаж байсан тохиолдол өмнө нь хэзээ ч гарч байгаагүй, цаашид ч гарахгүй биз ээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.