“Fake News”-ийг хориглох хуулийг Владимир Путин баталжээ

32

“Fake News” буюу худал хуурмаг мэдээллийг түгээж буй сайтуудыг хаах, төр, улсыг доромжилсон агуулгатай нийтлэлд нь шийтгэл оногдуулах хатуу хуулийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр баталжээ.

Энэхүү хуулийн төслийг Оросын парламентын доод танхим буюу төрийн Дум гуравдугаар сарын 7-нд дэмжиж, дээд танхим болох Холбооны Зөвлөл нь 13-ны өдөр хэлэлцэж дэмжсэн юм.

Үг хэлэх эрх чөлөөг боомилж байна гэж үзсэн хүний эрхийн байгууллагууд шинэ хуулийг эсэргүүцэж байсан ч ийнхүү хүчин төгөлдөр болж байна.

Хуулийн дагуу ОХУ-ын ерөнхий прокурорын газар ямар агуулгатай мэдээллийг хуурамч ангилалд оруулахыг шүүхийн шийдвэргүйгээр тогтоох эрхтэй болж байгаа. Улмаар харилцаа холбооны зохицуулах байгууллага Роскомнадзор нь сайтууд болон сошиал хуудсуудыг хаах эрх эдлэх юм.

Хуурамч мэдээлэл түгээсэн хувь хүмүүс 100,000 хүртэл рублийн ($1,525) торгууль хүлээх бол төрийн албан хаагчид 200,000, компани байгууллагууд 500,000 рублийн торгуультай болж байна.

Албан ёсны бүртгэлтэй онлайн эх үүсвэрүүдэд “fake news” нийтлэгдсэн бол Роскомнадзор байгууллага эхлээд устгахыг шаардах бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд сайт, хуудсыг хаах эрхтэй ажээ. 

Харин бүртгэлгүй эх үүсвэрээр хуурамч мэдээлэл тарсан бол тус байгууллага урьдчилж анхааруулахгүйгээр шууд хаах юм байна.

Үүнээс гадна Оросын эрх баригчид, төрийн байгууллагууд, улс орны бэлгэдэл, үндсэн хуулийг онлайн орчинд доромжилсон этгээдэд 100,000 хүртэл рублийн торгууль оногдуулна. Хэрвээ давтан доромжилбол торгуулийг нэмэгдүүлэхээс гадна 15 хүртэл хоног баривчлан саатуулахаар болжээ.

Р.Төмөр

Эх сурвалжRadio Free Europe /Radio Free

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.