Утаатай тэмцэх нэрээр халхавч хийж, мөнгө угаах ажил явагдаад эхэлчихсэн юм биш үү? Ерөнхийлөгчөө

69

Утаатай тэмцэх нэрээр халхавч хийж, мөнгө угаах ажил явагдаад эхэлчихсэн юм биш үү? Ерөнхийлөгчөө

 

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа

Хаврын урь орж хотын тэнгэр цэлмэж  эхэлсэн энэ өдрүүдээс эхлэн өвлийн хар утаагаа Монголчууд бид мартагнаж эхэлдгийг та юун эс андах билээ. Миний бие Москвагийн их сургуулиас найман жил бэдэрч байж олж авсан  хөрс судлагч, хөрсний химич мэргэжлээ байгаль орчны доройтол ялангуяа агаар ус хөрсний бохирдлын судалгаагаанд сүүлийн гучин жилээ зориулж буй нэгэн билээ. Агаарын бохирдлоос үүдэн анхныхаа ачийг төрөхийг нь үзэж чадалгүй алдсанаас хойш нялхсын эрүүл мэндийн төлөө үхэн хатталаа зүтгэе гэж боддог болсон хүний нэг.

Утаанаас болж ургийн хөгжилт зогсох эмгэг өдрөөс өдөрт асар хурдтай өсөн нэмэгдэж байгаа талаар мэрэгжлийн эмч нар ярьж, бичиж байна. Манайд энэ талаар гаргасан нарийвчилсан судалгаа харамсалтай нь одоохондоо алга. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 15 хүртэлх насны нийт хүүхдийн 93 хувь буюу 1,8 тэрбум хүүхэд өдөр бүр их, бага хэмжээний хортой агаараар амьсгалж, зөвхөн 2016 онд 600 гаруй мянган хүүхэд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас баржээ. Тус байгууллагын мэргэжилтнүүдийн онцгойлон анхааруулж байгаа зүйл бол жирэмсэн эмэгтэйчүүд агаарын бохирдолд хамгийн түрүүнд өртөж, хэвлийд бойжих ураг агаарын бохирдлоос шалтгаалж үхжиж байгаа явдал. Мөн агаарын бохирдол өндөртэй бүс нутагт нас барсан өсвөр насныхны биед хийсэн задлан шинжилгээгээр тэдгээр хүүхдүүдийн  дийлэнх нь астамтай байсныг тогтоосннрс гадна агаарын бохирдолд өдөр бүр өртөж буй 1,8 тэрбум хүүхдийн 630 сая нь таваас доош насны хүүхдүүд байна.  

Би ХААИС-д 20 гаруй жил багшилсан судлаач мөн нийтлэлч хүн. Надад орчноо яаж тохижуулах туршлага, агаарын бохирдол түүнээс урьдчилан сэргийлэх талаар судалсан, бичиж олон нийтэд хүргэсэн зүйлүүд багагүй байна. Санаа авах үүднээс та заримтай нь уншиж танилцаарай. 

• "Орчны бохирдол таны амьдралд” ном 2008 он 

• Балга ус http:// http://www.sonin.mn/blog/purevsuren/87689

• Нэргүй иргэний захидал http://www.sonin.mn/blog/purevsuren/100041

• Хорт удаа бууруулах хотын иргэн миний санал http://www.sonin.mn/news/culture/99277 -2019-1-31

• Утааны гамшигт уруул нэмэх нь http:// http://www.sonin.mn/blog/purevsuren/84291

•  Шийдлийн Засгийн газрын шийдвэр агаарын бохирдлыг ихэсгэнэ. http://www.sonin.mn/news/politics-economy/41773

•  Үнсний лай ланчиг http://www.sonin.mn/news/politics-economy/36045

• Нийслэлийн маань хөрс хүн амьдрахын аргагүй болтлоо бохирдсон http://www.sonin.mn/news/politics-economy/52337

• Амьд хашаа  http:// https://www.facebook.com/photo.php?fbid=10211206146726288&set=a.3566913248298&type=3&theater

• Хажуу газар ургадаг хайлаас модны тухай  " Зууны мэдээ” № 052 2019-3-15

Тэтгэвэртээ гарснаас хойш  би зундаа зусландаа  зүлэг мод тарьж, өвөлдөө болсон болоогүй элдэв долоон юм бичиж, компьютер шагайж суудаг л ажилтай байгаа учир асуух тодруулах зүйл байх аваас өвгөн миний бие өөрийн сурсан мэдсэнээсээ хуваалцан ажилд тань туслахад бэлэн байна.  Манайх шиг  халайсаар хашаагаа тойруулчихсан айл Монголд одоохондоо  алга. Өөрсдөө эрүүл энх амьдарч, үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөхийн тулд иргэд бид дээшээ төр засгаа хараад суух биш өөрсдөө ч хичээж, эрвийх дэрвийхээрээ чармайх ёстой. 

Еранхийлөгч та хотыг утаагүй болгох асуудлаар маш ач холбогдолтой хэлэлцүүлгийг зохион байгуулснаас хойш хоёр сар гаруй болчихлоо. Үүнийхээ дагуу одоо  шийдвэртэй арга хэмжээ авахад нэмэр болох болов уу хэмээн дараах  санал санаачлагыг дэвшүүлж байна.  Энэ захидлын эх хувийг явуулаад хагас сар өнгөрч байгаа тул танай тамгын газар очсон байх учиртай. 

 

 Үүнд: 

1. Орчны бохирдлын асуудлыг та өөрөө зангидан нартаа авч,  ерөнхий сайдын харьяан дор хороог байгуулж, хороог удирдах хүнд сайдын эрх мэдэл олговол тодорхой эзэнтэй болох мэт. Ингэж яагаад болохгүй гэж. Хэдэн жилийн өмнө Монгол улсын сайд хэмээх мундаг сэтэртэй, юу ч хариуцдаггүй сул орон тоонд М.Энхсайханыг томилоод явж л байсан биз дээ. Гамшгийн хэмжээнд аль хэдий нь хүрсэн энэ асуудал Байгаль орчны сайдын хүрээнд шийдэгдэхгүй нь олон жилийн туршлагаар нотлогдлоо шүү дээ. Ганц яамны сайдын эрх мэдэл нь дутахаас гадна  утааны асуудал чинь хот төлөвлөлт, барилгажилт, эрчим хүч, эрүүл мэнд гээд хамрахгүй салбар бараг байхгүй учир сайдын ажлын ачааллаа дийлдэхгүй, чадах ч үгүй, нэн чухал энэ ажил яваандаа цалгардах магадлал өндөр байна. Хамгийн гол нь нам бус хүнээр энэ хороог удирдуулан ард олноо гэсэн зүрх сэтгэлтэй, шуналгүй шударга нэгнийг сонгон шалгаруулалтаар ажиллуулах аваас утааны асуудлыг дор бүр нь шийдээд явчих боломжтой. 

2. Энэ хорооны эхний ажил бол одоогийн мөрдөгдөж буй "Агаарын тухай хууль”, Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийг нэгтгэж, "Агаарын бохирдлын тухай” цогц хууль боловсруулан энэ оны 2-р улиралд багтаан УИХ-аар яаралтай батлуулах явдал. Мөн УИХ-аас өнгөрсөн жил баталсан агаарын бохирдлын хөтөлбөрт засаж залруулах зүйл бишгүй байгааг сануулъя. Бохирдуулагч төлдөг зарчмыг шинэ хуулинд тодорхой тусгах ёстой. Арваас дээш насжилттай автомашиныг татвараар шахан хуучин машин импортлохыг  бүрмөсөн хориглох цаг нэгэнт болжээ.  Монгол орон энд тэндхийн хуучин машины хогийн тантан болж гүйцлээ. Татвараас орсон бүх мөнгө "Агаарын бохирдлын санд” хуримтлагдаж, зарцуулалт нь шилэн байх учиртай.

3. Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх болсон нь Монголчууд бидний эмгэнэл бөгөөд нөгөө талаар шившиг юм даа. Утааны бохирдлыг бидний өнөөгийн бахь байдлаас харахад ганц хоёрхон жилийн дотор бүрэн шийдэж чадахгүй нь ойлгомжтой боллоо. Иймд эмнэлэг, сургууль, цэцэрлэгт эхний ээлжинд гудамжны хорт утаа тоосыг шүүх төхөөрөмжийг агаарын бохирдлын сангийн санхүүжилтээр хийхгүй бол хүүхдүүд минь өсөөд бүгд астма багтраа өвчний үүр болох ирээдүй харагдаад байна. Ийм төрлийн төхөөрөмжүүдийг оруулж ирэхэд гаалийн болоод бусад татвараас чөлөөлөх шаардлагатай. Ингэж байж бид хүүхдүүдээ хорт утааны уршигаас аврана. Хүүхдүүддээ зүүлгэх стандартын шаардлага хангасан маскийг сургууль, цэцэрлэгээр нь дамжуулан өвлийн улиралд үнэгүй тараасан ч хүрэлцэхээр мөнгө төсөвт суусан байна лээ. Энэ жилийн төсөвт суусан 77 тэрбум төгрөг чинь зөв зарцуулбал хангалттай мөнгө.  

4. Утааны асуудал зөвхөн Улаанбаатарын асуудал биш болсоор удаж байна. Улаангом, Ховд, Мөрөн Баянхонгор гээд олон аймгийн төвүүд өвлийн улиралд ямар аймшигтай байдгийг та эрхбиш харсан байлгүй дээ. Гаднын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нүүрс цэвэршүүлэх ганц биш хэд хэдэн үйлдвэрүүдийг Төвийн бүсд Багануур, Шивээ Овоо, Шарын гол, Баруун бүсд Увсын Хар тарвагатай, Зүүн бүсд Дорнодын Адуунчулуун зэрэг томоохон орд газруудыг түшиглэн энэ зунд багтаан барьж ашиглалтанд оруулж ирэх намар гэхэд цэвэршүүлсэн түлш хангалттай хэмжээгээр үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлэх шаардлагатай. Энэ ажлыг эс хийвээс Ерөнхий сайдын түүхий нүүрс шатаахыг хориглох шийдвэр дахиад л лөөлөө болно. 

5. 2000 оны зааг дээр гурван жил дараалан зуд болсны улмаас хот руу шилжин ирэгсдийн тоо жилд 70000 хүрч байж. УИХ-д сонгууль дөхсөн тэр үед МАН-ын удирдлагын улайрлын дүнд ийм болсныг олон хүн санаж байгаа. Харин энэ жил анх удаагаа хотоос шилжин явагсдын тоо хөдөөнөөс нүүж ирэгсдийн тооноос давсан тухай сайхан мэдээ байна.  Улаанбаатар хотын бохирдол бөөгнөрөл бөглөрлийн хамгийн оновчтой шуурхай шийдэл бол Их дээд сургуулиудын нүүлгэнэ гэхээсээ хямд төсөр арга зам нь Улаанбаатараас хөдөө рүү нүүн шилжүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах явдал болов уу?  Дүүрэг, бүх хороод, орон нутгийн засаг захиргаадыг үүнд татан оролцуулж, гурвалсан гэрээ байгуулах, тээврийн зардал мөнгөөр хөхүйлэн дэмжих замаар ялангуяа тэтгэврийн насны нутагаа бараадах сонирхолтой хөгшчүүдийг хамруулах боломжтой мэт санагдана.  

6. Өмнөд хөршийн жишгээр сэргээгдэх эрчим хүчийг ашиглах ажлыг дэмжих, сонирхолтой иргэдэд хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлага гараад байна. Одоохондоо энэ төрлийн төхөөрөмжүүд өндөр үнэтэй боловч үнэ нь өдрөөс өдөрт бууж байна. Ойрын жишээ авахад Хятадууд цаана чинь хагас сая хүнтэй Манжуур хотынхоо цахилгаан хангамжийг дан сэргээгдэх эрчим хүчээр 100% шийдчихсэн байна шүү дээ. 

7. Гэр хороололд агаарын бохирдлын шинэ хуулиар эргүүлийн цагдааг давхар экологийн үүрэгтэй болгон хороо хоринтой нь хамтран ажиллуулж дугуй, хаягдал хог шатаадаг үнс хогоо замбараагүй  хаядаг айлуудад зохих журмын дагуу хатуу арга хэмжээ авч, нийтийн эрх ашгийн үүднээс хотоос албадан гаргасан ч болохгүй зүйлгүй мэт санагдана. Бид хамтаараа тэмцэж байж л утаанаас сална. Хотын төвд ч утаа баагиулсан хаусууд худалдааны газрууд, хоолны нэгжүүд газар сайгүй байгааг зогсоох цаг нь нэгэнт болжээ.

8. Агаарын бохирдлын түвшинг хянах багажийг аймаг хотын төвүүд хүн ам ихтэй хүнсний зах мэтийн газруудад байршуулах, орчны хяналтын байцаагч нарыг биендээ авч явах зөөврийн багажаар хангах,  хүмүүс өөрсдөө ч оруулаад ирэх татварын хөнгөлөлттэй нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай.

9.  Стандартаас давсан утаа гаргаж буй тээврийн хэрэгслийг хянах цэгүүдийг нийслэл болоод аймгийн төвүүдэд байнга ажиллуулж, замын цагдаа орчны байцаагч нар хамтран хянах, хар утаа савсуулан явж буй автобус, том оврын дизель автомашины  янданд шүүр тавиулах ажлыг яаралтай эхлүүлмээр байна. Ингэхдээ урьд онууд шиг автобусны янданд шүүр суулгаж байгаа нь гээд тэрбум тэрбумаар нь төсвөөс мөнгө зувчуулахгүйгээр аж ахуйн нэгжүүд хувь хүмүүс өөрсдийн хөрөнгөөр энэ асуудлаа шийдэх шаардлагатай. 

11. Хэлэлцүүлгийн үеэр яригдсан 2008 оноос эхлэн утааг бууруулахад зарцуулсан гэх 800 тэрбум төгрөгийн үргүй зардлын  тайланг нэгтгэн гаргаж, хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан эцсийн дүнг ерөнхийлөгч, Засгийн газар болон олон нийтэд нэн даруй танилцуулах ажил мартагдлаа шүү дээ. Ерөнхийлөгчөө!!!

12. Утаатай тэмцэх нэрээр халхавч хийж, мөнгө угаах ажил явагдаад эхэлчихсэн юм биш үү?  40 сая долларын хөнгөлөлттэй зээл аваад Баянхошуунд ажлаа эхлэчихсэн талаар дээрх хэлэлцүүлгийн үеэр нэгэн эрхэм танилцуулж, дахиад 520 сая долларын зээл авахаар хөөцөлдөж байгаа талаар сонсоод арай ч үгүй байлгүй дээ гэж бодсон. Ийм болчимгүй асуудал олны нүднээс далд хуйвалдааны хуулийн дагуу явагдаад байгаагийн учрыг олж ард олонд ил тод болгох нь өнөөгийн төр засгийн үүрэг. Иргэд ч үүнийг хянаж шахаж шаардах эрх нь нээлттэй. Хэрэв энэ үнэн бол утааны далимаар дахиад дааж давшгүй өрөнд улс орныг оруулж байгаа юм биш шүү Эрхэм Ерөнхийлөгч өө.

13 Мөн утааг далимдуулж мөнгө угаах сонирхолтой гишүүд олон байгаа нь дээрх хэлэлцүүлгийн ач холбогдлыг навс унагаж орхисныг эцэст нь хэлэхэд илүүдэхгүй болов уу. Дагавар хот байгуулах, газар чөлөөлж, гэр хорооллыг орон сууцжуулах, шинэ хороолол барих гэх мэт асар өндөр зардлаар хийгдэх ажил нь хотыг мөдхөн утаагүй болгоход жинтэй хувь нэмэр болно гэдэгт олон хүн эргэлзэж байна. 1990 онд хотын хүн ам 500 мянга байхад л 60 хувь нь гэр хороололд амьдардаг байсан,  өнөөдөр ч энэ байдал яг бахь байдгаараа сая шахам хүн гэр хороололд амьдарч  байгаа. Баригдсан орон сууцууд нь борлогдохгүй байгаа энэ үед сая шахам хүнийг орон сууцжуулан ойрын жилүүдэд хотыг утаанаас салгана гэдэг  нь үлгэр бизээ Ерөнхийлөгч минь.

Утаатай тэмцэх нэн хариуцлагатай ажилд тань амжилт хүсье. 

 

СХД-ийн 17-р хорооны иргэн Ш.Пүрэвсүрэн     

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.