Ноёд урваж, “нохой”-нууд шарвасан 1000 өдөр: МАН

441
 

Ноёд урваж, “нохой”-нууд шарвасан 1000 өдөр: МАН

 

МАН-ын нэн шинэ түүхийг 2016 оноос хойш авч үзэх хэрэгтэй. Энэ намынхан 85 жилийн турш уламжлалт буюу нэг цул маягийн бодлого дор зангидуулж ирсэн байдаг юм.
Харин 86 дахь жилээс эхлээд МАН-ын дотоод зөрчил туйлдаа хүрч, өнгөрсөн гурав хүрэхгүй жилийн 1000-аад өдрийн хугацаанд "танигдахгүй” болтлоо өөрчлөгдөв.
Үнэнийг хэлэхэд МАН-д 2016 он гэхэд лидер байгаагүй , одоо ч байхгүй. Ялалт нь МАН-ын дарга нарын гавьяа биш АН-ынхны арчаагүй байсны дүн.
Харин МАН-д бусдаасаа төө илүү, хүзүү өндөр манлайлагчид бол бий. Тэрхүү манлайлагчид нь л МАН-ыг авч явах гэж энэ гурван жилд хэд тасдав.
2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд МАН-ынхан өөрсдөө ч итгээгүй. Өөрсдөө бол засаг байгуулах хэмжээний буюу 50-иас илүү хувийг авна гэсэн өөдрөг прогнозыг зураад байсан гэдэг юм.
Ялалтын шок гэдэг зүйлд МАН хэсэг автаж, тэр эрчээрээ явсаар задрал бутрал, нэгдэл нийлэлт нь тоогоо алдсаныг судлаачид, ажиглагчид хэлдэг.
Нэг үгээр, энэ ялалтыг төлөвлөөгүй учраас 65 суудалтай болсон МАН-ынхан 2016 оны зургадугаар сарын 29-ний шөнөөс эхлээд л хоорондоо үзэцгээсэн юм.
Намын дарга М.Энхболд УИХ-ын дарга болсноор Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг "сунгаа” МАН-ынхны дунд хэд хоног үргэлжилсэн байдаг.
Өнгөрсөн жилүүдэд нь АН-тай нийлэхэд Шадар сайд явсан, улс төрийн эрэмбээрээ МАН-аа сандаргах хэмжээний фракц үүсгэсэн У.Хүрэлсүх өөрийгөө Ерөнхий сайд гэж үзэж байсан гэдэг. Бас нам доторх эрэмбээрээ хоёрдугаарт бичигддэг, генсек Ж.Мөнхбат нь Ерөнхий сайд болсон ч яахав гэдэг байр суурьтай байв. Мөн МАН-ыг цөөнх байхад сөрөг хүчний нүүр царай болж, УИХ дахь намынхаа бүлгийг даргын ажлыг шаггүй хийж явсан С.Бямбацогт ч Ерөнхий сайдад горилогчдын тоог нэмсэн. Тэднээс гадна Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн, Д.Хаянхярваа гээд олон "нэр дэвшигч” байв.
 
Гэвч МАН-ын дарга М.Энхболдын шийдвэрээр 2016 оны долдугаар сарын 6-ны өдөр Сэлэнгээс хоёр дахиа нэр дэвшиж гишүүн болсон Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар тодруулсан. Тухайн үеийн Удирдах зөвлөл нь М.Энхболдын бүрдүүлсэн баг учраас саналыг нь дэмжээд явуулав.
Ингэж Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайд болсон юм. Түүнийг намын дарга М.Энхболдын хамаатан, фракцийнх нь үнэнч гишүүдийн нэг гэж сонгогдсон цагаас нь эхлээд л гоочилсон. Гэхдээ Ж.Эрдэнэбатыг хувь улстөрчөөр нь харвал нэлээд тулхтай, суурин дээрээ хэд эргээд байдаггүй чанартайг энд хэлэх ёстой.
Гэсэн хэдий ч Ж.Эрдэнэбатын танхим М.Энхболдын багаас л бүрдэв. МАН-ын хагарал хуваагдлын эхлэл энэ болов.
Нэр дээрээ Ж.Эрдэнэбатын гэх боловч нэдэр дээрээ М.Энхболдын л Засгийн газар байлаа. Ингэж М.Энхболд Монгол Улсын хууль тогтоох байгууллага болоод гүйцэтгэх засаглалыг дангаар барьж эхэлсэн. Хотын фракц хүчээ авсан. Нөгөөтэйгүүр Ж.Эрдэнэбатын танхимыг М.Энхболд дангаар бүрдүүлсэн нь МАН-ын сонгуульд амласан "…Мэргэжлийн Засгийн газар байгуулна” гэснийг ч талаар болгосон юм.
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Шадар сайдаар У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбат, Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн, ХНХ-ын сайдаар Н.Номтойбаяр, Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайдаар Д.Оюунхорол, Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил, ХЗДХ-ийн сайдаар С.Бямбацогт, УУХҮ-ийн сайдаар Ц.Дашдорж, ЗТХ-ийн сайдаар Д.Ганбат, БСШУС-ын сайдаар Ж.Батсуурь, БХБ-ын сайдаар Г.Мөнхбаяр, ХХААХҮ-ийн сайдаар П.Сэргэлэн, Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг, Эрчим хүчний сайдаар П.Ганхүү нарыг сонгон томилсон. Явц дунд БСШУС-ын сайд Ж.Батсуурийг "сугалж”, оронд нь Г.Чулуунбаатарыг сайд болгосон.
Тэднээс Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Г.Мөнхбаяр нарыг МАН-ын амлалтад ойртсон сайд нар хэмээн олон нийт дүгнэж байлаа.
Гэвч үүнээс нэг жилийн дараа болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль боллоо. МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар, АН-аас Х.Баттулга нар өрсөлдөв.
 
Эрх баригчид эхний санал хураалтад МАХН-ын нэр дэвшигчийг хассан боловч хоёр дахь санал хураалтаар АН-ын нэр дэвшигчид ялагдав.
Баяр наадмын дараахнаас МАН дотор бужигнаан үүсч, явсаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах хэмжээнд хүрэв. Үүнд Засгийн газрын нэр бүхий гишүүд хувийн компанидаа концессын гэрээ авсан, Шадар сайдыг тагнасан зэрэг асуудал ул болж өгсөн юм.
Ингээд 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр Ж.Эрдэнбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын 30 гишүүн Т.Аюурсайханы гишүүний бланк дээр гарын үсэг зурж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барив. Тэр үед нь УИХ-ын дарга М.Энхболд гадаад руу ниссэн байв. Улмаар мөн оны есдүгээр сарын 7-ны өдрийн Ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулсан. Аравдугаар сарын 4-ний өдөр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилов. Эндээс МАН-ын УИХ дахь бүлэг албан ёсоор 33, 32-оороо хуваагдсан юм. 33 нь У.Хүрэлсүхийг, 32 нь УИХ-ын дарга М.Энхболдыг дагагсад байв.
 
Гэхдээ У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Ж.Эрдэнэбатынхаас ч дор нөхцөлд бүрдсэн. Тодруулбал, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход илт дэмжсэн гишүүд сайдын суудал, томоохон агентлагуудыг мэдэлдээ авч, өөрийн хүнээ томилно гэдгээ ил цагаан илэрхийлж, нэг үгээр шантаажилж гарсан байдаг.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын Шадар сайдаар Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболд, БХБ-ын сайдаар Х.Баделхан, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, УУХҮ-ийн сайдаар Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбат, ХХАХҮ-ийн сайдаар Б.Батзориг, БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа, ЗТХ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, ХНХ-ын сайдаар С.Чинзоригийг томилсон. У.Хүрэлсүхийн Засгийн газарт М.Энхболдыг тууштай дэмжигч хэд хэдэн хүн багтсан нь 32-ын бүлэг задарсны нотолгоо болсон юм.
Үүнээс сарын дараа МАН-ын Их хурал болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболдоос намын даргын албан тушаалыг авсан.
Ингэж У.Хүрэлсүх хүчтэй болж, М.Энхболд доройтох "хаалга нээгдсэн” гэхэд болно. Гэхдээ дээр дурдсанчлан У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийн шахалт дарамтад байсаар байв.
 
Өөрөөр хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлэг 33, 32-ын бүлэг гэж байсан ч далдуур 33-ынхаас нь М.Энхболд руу гүйдэг, зөрөөд 32-ынхоос нь У.Хүрэлсүх рүү явдаг гишүүд цөөнгүй байлаа. Харин олны нүдэн дээр УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор хоёр талаасаа хэвлэлийн бага хурал хийж, "…Манай 33-ын бүлэг, 32-ын бүлэг” гэж ярьдаг, мэдэгддэг болчихсон байлаа. МАН-ын бүлгийн албан ёсны дарга Д.Хаянхярваа ч 32-ын бүлгийн төлөөлөл гэдгээ нуухаа больсон юм.
 
Ийм маягаар 2018 оны зуныг хүргэж, баяр наадмын өмнөхөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "60 тэрбум”-ын асуудлыг сөхөж, энэ асуудлаар Ээлжит бус чуулган зарлах, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагыг албан ёсоор тавьж эхлэв. Мөн "60 тэрбум”-ын хэргийг АТГ, ТЕГ дээр сэргээн шалгуулсан.
Энэ үеэс МАН-д "60 тэрбум”-ынхан хэмээх цөөнх бий болж, М.Энхболдыг дэмжиж байсан 32 гишүүнээс нэлээд олон нь У.Хүрэлсүх рүү "налсан” байдаг. "60 тэрбум”-ыхан гэдгээр далимдуулж НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, жилийн дараа Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын дарга болохыг нь тас цохиж, удалгүй "…Бичлэгийг чинь дэлгэнэ” гэж мессэж бичсээр байгаад ажлыг авсан байдаг.
Л.Оюун-Эрдэнэ 33-ын бүлгийн нөлөө бүхий гишүүн байсан ч эхэндээ түүний тэмцэлд "бүлэг”-ийнх нь гишүүд нэгдээгүй. Тэрээр зун, намрыг УИХ-ын дарга М.Энхболдтой "тэмцэж” өнгөрүүлсэн. Сүүлдээ "…Ганцаардаж байна” гэж байлаа. Харин өвөл нь, арваннэгдүгээр сарын сүүлчээр УИХ-ын нэлээд гишүүд далдуур дэмжиж, илээр түүнтэй намаас нь Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, АН-аас Ж.Батзандан, Лу.Болд нар нэгдэв.
Яг энэ үед УИХ-ын хэдэн арван гишүүн, төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас олгодог жилийн гурван хувийн хүүтэй зээлийг өөрийнхөө нэр дээрх болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид авсан нь ил болов.
Ингэж "ЖДҮ-гийнхэн” гэдэг бүлэглэл гарч ирэв. Энэ асуудлаар АТГ-аас арав гаруй гишүүнд хэрэг үүсгэж "ЖДҮ-гийн хэрэг” хэмээх бүлэг хэрэг одоо шалгагдаж байна.
ЖДҮ-гийн хэрэгт Б.Батзориг, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Х.Болорчулуун, Н.Оюундарь, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын лав 14 гишүүн холбогджээ. Мөн хэрэг үүсгэгдээгүй дахиад 10 гаруй гишүүн бий.
ЖДҮ-гийн хэрэг ингэж дэлгэгдсэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт маш том цохилт болов. 2018 оны арваннэгдүгээр сарын 19-нд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын огцорсон сайд нар тэргүүтэй 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив.
Энэ саналыг УИХ-ын 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хэлэлцэж санал хураахад нөгөөх 27 дээр АН-ынхан, бас У.Хүрэлсүхийн Засгийн газрын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нэмэгдээд "..Огцруулах” кноп дарж, харин 40 гишүүн татгалзав. Ингэж У.Хүрэлсүхийн Засгийн газар бараг унаад боссон юм.
 
У.Хүрэлсүхийн ингэж уналгүй тогтсон нь Л.Оюун-Эрдэнийн зунаас хойш явуулсан М.Энхболд, "60 тэрбум”-ынхантай хийсэн тэмцэлтэй холбоотой.  Эцсийн мөчид У.Хүрэлсүхийг дэмжсэн гишүүд дээрх асуудлыг дахин хүчтэй гаргаж, нэг үгээр "сөрсөн базаа” хийж байж Засгийн газрыг авч үлдсэн юм. Мөн "хайн” хагалсан С.Жавхлан гишүүний хувь нэмэр ч энд бий.
Үүний дараа У.Хүрэлсүх танхимдаа сэлгээ хийж, өөрийг нь огцруулах гэсэн Ц.Цогзолмааг огцруулж, оронд нь Ё.Баатарбилэгийг, ЖДҮ-д холбогдсон Б.Батзориг, Я.Содбаатар нарыг чөлөөлж Ч.Улаан, Б.Энх-Амгалан нарыг сайдаар томилов. Өмнө нь 2018 оны зун ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарч, сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөж оронд нь Я.Содбаатар очоод байсан юм.
Эндээс МАН-ын бүлэг 38, 26 гэсэн хуваагдалтай болсон байдаг.
Харин Л.Оюун-Эрдэнэ нар Сүхбаатарын талбайд хоёр ч удаа жагсаал зохион байгуулж, сүүлд нь Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилснаар 2019 оны нэгдүгээр сарын 29-нд М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлж, оронд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг дэвшүүллээ. Г.Занданшатарын оронд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болов.
Энэ бүхний эцэст УИХ-ын дарга асан М.Энхболд бол манлайлагчийн байр сууриа нэгэнт алдсан. Түүнээс журмын нөхөд нь дайжиж одсон. Харин У.Хүрэлсүх хүчтэй байна. М.Энхболдыг дэмжиж байсан гишүүдийн бараг 80 хувь нь У.Хүрэлсүхийг бараадсан. Үүний том нотолгоо нь хэдхэн хоногийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг огт эсэргүүцэлгүй, түүгээр ч үл барам маш хурдтайгаар баталсан явдал юм.
Гэвч тун удалгүй болох нэгэн үйл явцыг ажиглагчид одооноос ил ярьж эхэллээ. Тэр нь У.Хүрэлсүхийг тойрон нэг хэсэг хүчтэй цуглаж шавж байсан МАН-ын "60 тэрбум”, "ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдоогүй гишүүд зайгаа авч, "барын зодооныг холоос харж” ажин түжин байхыг илүүд үзэцгээх болоод байгаа тухай яриа, мэдээлэл юм. Ер нь бол тэд намын дарга, Ерөнхий сайдынхаа Ерөнхийлөгчтэй хэтэрхий "эв нэгдэл”-тэй байгааг таашаахгүй байгаагаа өөрт нь хэлж чадахгүй ч байгаа үйлдлээрээ харуулан, холдож байгаа аж. Энэ нь удахгүй бас нэг байр суурь, үзэл бодлын нэгдэл үүснэ гэсэн үг.
Өнгөрсөн 1000 өдөрт МАН-ынхан ингэж урваж, шарвасан байдаг юм. Маргааш АН-ын ноёд хэрхэн урваж, "нохой”-нууд нь яаж шарвасан тухай өгүүлнэ.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>