Халимагийн дуучин О.Цагаанзам “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцоно

548

Халимагийн Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Бату Хасиков төрсөн өдрийг нь тохиолдуулан, туульч, “Ардын жангарч” Охийн Цагаанзамыг хүлээн авч уулзлаа. Баатуд овогт, Алтан гадас одонт О.Цагаанзам гуай энэ жил 62 нас хүрч байгаа юм.

Бату Хасиков “Та бол Халимагийн үндэсний соёл, урлагийн бэлгэ тэмдэг болсон хүн. Залуучууд танаас үлгэр дууриал авах ёстой” гэж хэлээд анхны уулзалтаа дурсан саналаа. Залуу тамирчин Бату Хасиков кикбоксын тэмцээнд орохдоо О.Цагаанзамын “Ээжийн дуун” алдарт дууны аялгуун дор рингэнд гарах зөвшөөрөл авч байжээ.

О.Цагаанзам Төрийн тэргүүнд ажлын амжилт хүсээд “Залуу улстөрчид үг хэлэх боломж олдсонд баярлалаа. Хүмүүс Бату Хасиков юу хийж, бүтээхийг хүлээж байна. Тиймээс би танд Понцук тайш ач хүү Аюуш ханд хандан хэлсэн нэгэн үгийг хэлмээр байна. “Чи ард түмнээ хэзээ загнаж, зандрах, ямар үед зовлон зүдгүүрийг нь хамтдаа туулахаа мэддэг байх ёстой. Хамгийн гол нь чи ард түмнийхээ хувьд ээж нь байх хэрэгтэй. Өдөр бүр унтахдаа хаа нэгтэй хэн нэгэн хүүхэд өлсөөд уйлж байгаа юм биш биз гэж бодож бай” Халимагууд бид Оросын түүхэнд чухал үүрэгтэй байсан ард түмэн. Бид Оросын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавьяагаа багаар үнэлж болохгүй, харц дээгүүр амьдрах ёстой. Чингис хаан “Хүн хэчнээн алдар гавьяатай байгаад хүн чанаргүй бол 10 цэргийн ч даргаар тавьж болохгүй” гэж хэлдэг байсан. Тиймээс би Батуд рингэн дээр тулалдаж байсан шигээ тэвчээр хатуужилтай байж, улстөрийн ухаантай ажиллаарай гэж хүсье” гэжээ. Ахмад буурлын үнэтэй үгийг ч тэр хичээн ажиллахаа амлалаа.   

О.Цагаанзамыг өнгөрсөн оны намар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга урьж, Монгол орноор аялан, “Жангар” тууль хайлах хүсэлт тавьсан гэнэ. Харин энэ сарын дундуур “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгийн багийнхан Халимагт очиж, нэвтрүүлгээ хийхээр болжээ. Нэвтрүүлэгт оролцсоныхоо дараа алдарт туульч маань Монголд ирэх гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>