“Морь унаж, гэрт амьдардаг” С.Жавхлан гишүүн гурван машин, нэг орон сууцтай

57

УИХ-ын гишүүн С.Жавхлан 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулсныхаа дараа чуулганы эхний өдөр морь унаж, ташуур барьсаар Төрийн ордонд ирж байв. Учир нь тэрээр “Монголоороо байх”-ыг сурталчилж, өргөө цагаан гэрт амьдарч, эмэгтэйчүүдийг араг түшин амаржиж, Монгол дээл хувцасаа өдөр тутамдаа өмсөхийг уриалдаг нэгэн. Сонгогдсон тойрогтоо ч тэрээр морио унаж, монгол дээлээ өмсөн сурталчилгаагаа хийж явсан бөгөөд түүнийг Монгол гэрт амьдардаг нь үнэн болохыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд очин сурвалжилж байв.

ХАРИН БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ТЭРЭЭР:

-132.5 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, нэг гэртэй

-433.5 сая төгрөгийн үнэ бүхий Hyundai,Santa Fe, Nissan,Patrol, Toyota,Land Cruiser автомашинтай / Гишүүн хамгийн олон, үнэтэй машинтай Топ 5 гишүүний дөрөвдүгээрт бичигдэж байгаа бөгөөд Н.Номтойбаяр гишүүний өмнө “гишгэж” чаджээ/

-102.2 сая төгрөгийн мал аж ахуйтай

-55 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

-69 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай

Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад С.Жавхлан гишүүн 2015 оноос л дээрх тансаг зэрэглэлийн орон сууцандаа амьдарч байсан нь 2019 он хүртэл уг орон сууцны үнийн дүн өөрчлөгдөөгүйгээс харагдаж байна. Харин 2015-2017 онуудад Монгол гэр байхгүй хэмээн мэдүүлсэн байх бөгөөд 2018 оны мэдүүлэгт нэг ширхэг Монгол гэр нэмэгдэж орж иржээ.

Харин С.Жавхлан гишүүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого:

2015 онд 720 мянга

2016 онд 5 сая 426 мянга

2017 онд 10 сая 38 мянга

2018 онд 38 сая 54 мянга болж өссөн байх юм.

Гэхдээ гишүүний нийт орлого сүүлийн дөрвөн жилд буурсан үзүүлэлттэй гарчээ. Учир нь тэрээр:

-2017 онд 324 сая төгрөгийн зээлтэй байснаа,

-2018 онд 359.5 сая төгрөг болгон нэмсэн байна.

Мөн:

-2017 онд 77 сая төгрөгийн орлоготой ажилласан гишүүн маань

-2018 онд 22 сая төгрөг болтлоо буурчээ.

Гишүүн санхүүгийн балансаа тогтвортой барьж чаддаг нэгэн бололтой. Өөрийн орлого буурахад, гэр бүлийн орлого өснө. Гэр бүлийн орлого гэнэт их хэмжээгээр өссөн ч их хэмжээний зээл авсан тул гишүүний нийт орлого буурсан үзүүлэлттэй харагдаж байгаа юм.

Б.Гэрэлмаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.