Сингапурын эцэг Ли Куан Югийн хүчирхэг эшлэлүүд

553

Сингапурын эцэг гэгддэг Ли Куан Ю нь 1959-1990 оны хооронд тус улсын Ерөнхий сайдын албыг хашсан гэдгээрээ дэлхийн түүхэн дэх хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд юм. Тэрээр чинээлэг Хятад гаралтай гэр бүлд төрж, Английн Кембрижийн их сургуульд хуульч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Ли Куан нь газрын баялаг гэх зүйлгүй Сингапур улсыг Их Британийн колони, Алс Дорнод дахь тэнгисийн цэргийн баазаас Зүүн өмнөд Азийн хамгийн чинээлэг орон болгож өөрчилсөн юм. Тэрээр эх орноо зөвхөн баян улс болгоод зогсохгүй өөрөө тусгаар улсын үндсэн суурь гэж тодорхойлсон иргэн бүрийн эх оронч үзэл, өндөр ёс суртахуун, боловсрол, ажлын байрыг бий болгон, төлөвшүүлсэн билээ. Түүний удирдан хийсэн улс төрийн эрс шинэчлэл, авлигатай тэмцэх хөтөлбөр нь өнөөгийн хүчирхэг гүрний суурь болсон юм.

Монгол  Улсыг Сингапурын жишгээр хөгжих ёстой гэж олон хүн ярьдаг. Тиймээс тус улсыг дэлхийн хэмжээний өрсөлдөгч орон Азийн бар болгосон Ли Куан Югийн хүчирхэг илтгэлүүдээс хамгийн ихээр хүмүүст хүрсэн есөн эшлэлийг хүргэж байна. 

  1. Миний хувьд  20 гаруй наснаасаа иргэн бүр эрх тэгш амьдрах ардчилсан нийгмийг цогцлоон бүтээхээр сэтгэл шулуудсан. Би өдөр бүр хамгийн мундаг нь байхын төлөө хөдөлмөрлөсөн. Үүнийг минь хамтран зүтгэгчид болон ухаант ард түмэн минь дэмжсэнээр өнөөдрийн энэ улсыг бий болгожээ. Энэ хугацаанд бидний хийсэн бүхэн сайн сайханд тэмүүлж байсан ч хүн бүр хамгийн шилдэг нь байх ёстой гэсэн харгис дарамтыг нийгэмд бий болгожээ. Тиймээс Сингапурын залуу үе болон ирээдүй хойчид хандаж хэлэхэд та бүхэн заавал хамгийн шилдэг нь байх гэж хичээх албагүй юм. Заримдаа хоёрт бүүр гурав, дөрөвт ч орох нь сайн талтай байдаг.

Та бүхэн цэлмэг хөх тэнгэр өөд харах бүртээ өмнөх үеийн тань та бүхэнд авчирсан эдийн засгийн солонгыг олж харах болно. Манай улсын тэргүүлэх салбар буюу усан тээврийн салбарт та үргэлж нэгд байж чадахгүй гэж үзэж байвал газар болон агаарын тээврийн салбарыг сонгоорой. Учир нь таны энэ үйлдэл биднийг ирээдүйн зорилгодоо хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулж мэдэх юм. Зөвхөн улсын хөгжил гэлтгүй үүнийг иргэн бүр, гэр бүлүүд болгон шийдвэр гаргахдаа тунгаан бодож солонгын давлагааг ашиглан сайхан амьдралд хүрэх гэж оролдоорой. Мэдээж хүн бүр хүссэн шигээ баян, хангалуун болж чадахгүй. Гэхдээ хэрвээ танд боломж олдвол үүнийгээ битгий дэмий үрээрэй. Зүгээр л солонгыг дагаад урагшлаарай.

  1. Би аливаа зүйлийг хийхдээ зарим нэгэн зүйл буруугаар эргэж болохыг мэдсэн хэрнээ зорьсондоо заавал хүрэх гэж зүтгэдэг. Хэрвээ хүмүүс эсэргүүцэж байвал тэднийг төрөл бүрээр ятгаж өөртөө үнэмшүүлэх гэж оролддог. Мэдээж хэнд ч худал хэлж болохгүй. Мөн танд өөрийн санаагаа хамгаалахын тулд олон өнцгөөр тайлбарлаж бусад зүйлстэй харьцуулах шаардлага тулгарна. Тиймээс ятгаж буй зүйлийнхээ талаар маш сайн судалж мэдсэн байх хэрэгтэй. Би зөвхөн хүмүүст яаж сайнаар нөлөөлж үүгээрээ хэрхэн улсыг зөв замаар жолоодох вэ гэдэгт төвлөрсөн. Үүнээсээ ч бууж өгөөгүй.
  2. Миний бодлоор Хятадын удирдагч Ден Сяопин бол агуу хүн. Тэр хувьсгал хийхэд том нөлөө үзүүлсэн байж болно. Гэхдээ Ден Сяопин Хятадыг ирээдүйд олон жил тэжээх бодлогын үндсийг тавьсан гэдгээрээ миний хувьд агуу юм. Тэрээр ард түмнээ бэлэнчлэх сэтгэлгээнээс салгаж өөрсдөө бүхнийг хийж чаддаг үйлдвэрлэгч гүрэн болгож хувиргалаа. Хятадын ард түмэн сайн бодлогын ачаар барууны бүх өндөр хөгжсөн технологиос суралцаж байна. Тун удахгүй тэд өөрсдийн иргэний агаарын тээврийн онгоцнуудыг бүтээж, цаашлаад сансарт хөөрөх болно. Салбар бүрийн амжилтын нууцыг эх орондоо нутагшуулснаар хүссэн хүсээгүй дэлхийг эдийн засгаар байлдан дагуулах болно. Үүнийг хийх гэж хоёр гурван үеийг туулах болно гэдгийг мэдэж байна.

Гэхдээ Сингапурын ард түмэн үүнээс суралцах хэрэгтэй. Бидэнд тэдэнтэй адил үндэсний нэгдмэл эрх ашиг байна. Харин тэдэнд байхгүй бидний давуу тал бол нээлттэй сэтгэх боломж юм. Тиймээс аливаа зүйлийг хайрцагт баригдалгүй нээлттэй хүлээж ав. Одоо бид бүхэн айж дүлэгнэх юмгүй сайтар дүгнэлт хийгээд, дараа нь үйлдвэрлэлийн төвшинд хөгжүүлж, сайжруулах хэрэгтэй. Хэрэг явдал буруугаар эргэвэл зөв тийш нь өөрчил. Хэрвээ буруу зүйл байвал хэзээ ч бүү эвлэр.

  1. Өөрийн амьдралаа гар дүүрэн атгасан хөзөртэй зүйрлэ. Бид бүгд эцэг эхээс заяасан өөр өөр өгөгдөлтэй төрдөг. Өөрийн хамгийн сайн чаддаг, хамгийн ихээр хийх дуртай, болон огт хийж чаддаггүй зүйлээ тодорхойлоод түүндээ бүх сэтгэлээ зориулж ажиллах хэрэгтэй. Та намайг уран бүтээлч хүний замналыг сонгосон бол яах байсан бэ гэж асуувал "би өлбөрч үхэх байсан" гэж хариулах болно. Учир нь би огт зурж чаддаггүй. Энэ миний эцэг, эх бүр өвөг дээдсийн цусанд байхгүй зүйл. Хэрвээ та надаас математикийн асуулт асууж эсвэл мэтгэлцэж болно. Тэгвэл би өөрийн гар дүүрэн хөзрөөсөө зөвийг нь сонгож ашиглах болно. Тиймээс байгалиас заяагаагүй тэр өгөгдлөө амьдралынхаа хамгийн чухал зүйл болгож битгий ашиглаарай.
  2. Би Сингапурын иргэний агаарын тээврийн удирдлагуудтай уулзсан юм. Нүүр тулсан ярилцлага болсон. Тэд намайг ямар их урам зоригтой байгааг мэдэрч чадахуйц тийм ойр сууцгаасан. Үүсээд буй асуудлаас болж бид зөвхөн бие биенээ буулгаж авна нь л гэсэн зүйлийг ярих байв. Энэ уулзалтаар хэдэн зуун сая ам.доллар зүгээр салхинд хийсэх нөхцөл байдал үүссэн байсан юм. Би тэдэнд нийгэмд үүсгэсэн энэ айдас түгшүүрээ зогсоож надтай мэтгэлц эсвэл бүхнийг зогсоогоод ард түмнээс уучлал гуйж, дахин шинээр эхэл гэсэн хоёр сонголтыг өгсөн. Үүний дараа би тэднийг 65 минутад буулгаж авсан. Эцэст нь тэд бид энэ асуудлаар маргалдах шаардлагагүй юм байна гэж хэлсэн. Учир нь тэд хэзээ ч ялж чадахгүй юм байна гэдгээ мэдсэн. Тэгээд бид Сингапурын иргэний агаарын тээврийн компанийг татан буулгаж, шинээр бий болгосон юм. Мэдээж өмнөх удирдлагуудыг дахин алдаа гаргуулахгүйн тулд шинэ компани тэдэнд боломж олгоогүй.

Энэ улсыг удирдаж буй хэн бүхэн шаардлагатай үед хатуу байх хэрэгтэй. Учир нь энэ хөзөр тоглохтой огт адил биш. Сингапурын удирдагчид өөрсдийн төлөө буюу ард түмнийхээ төлөө ажилладаг. Би энэ улсыг бүтээн байгуулах гэж бүх насаараа зүтгэсэн. Хэрвээ би энэ улсын тэргүүн хэвээр байгаа цагт хэн ч хууль бусаар олон нийтийн эрх ашиг, өмчийг буулгаж авахгүй.

  1. Би Сингапурын Ерөнхий сайдаар 29 жилийн турш ажиллалаа. Анх 1959 онд сонгогдож байсан цагаасаа хойш долоон удаа дараалж сонгуульд ялалт байгуулсан. Ард түмэн намайг сайн удирдагч, ард түмнээ өндөр боловсролтой болгосон хүн гэдгээр минь бус зүгээр л энэ улсыг хамгийн ихээр мэддэг хүн учир л сонгодог юм.
  2. Би өөрийн ач зээ нараа тойруулаад тэднийг өсөн торниж байгааг харж байгаа азтай хүн. Тэд миний эцэг эх, миний бие болон миний хүүхдүүдийг бодвол илүү аюулгүй, амар амгалан, хангалуун амьдралаар өсөж байна. Эхнэр бид хоёр үр хүүхдүүдээ бусдаас хамааралгүй, бие даан төлөвшүүлэхэд л бүх анхаарлаа хандуулсаар ирсэн. Миний бие Ерөнхий сайдын хувиар гэр бүлийн хамтаар тусгай хангамжтай, тохилог сууцанд амьдарч байв. Нэгэн өдөр эдлэн газрын цэцэрлэгт хүрээлэнд эхнэрийн хамтаар ач зээ нараа бөмбөгөөр хэрхэн тоглож байгааг харж суусан юм. Гэтэл тэдний нэг нь бөмбөгөө өнхрүүлээд алдчихав. Гэтэл гэрийн үйлчлэгч маш хол бараг 100 гаруй метр гүйж алдсан бөмбөгийг нь авчирж өглөө. Тэр үед эхнэр бид хоёр бие бие рүүгээ хараад гэр бүл маань энд дахин таван жил л болох юм бол хүүхдүүд минь юу ч хийж чадахгүй болох юм байна гэж ярилцаад жирийн хүмүүсийн л адил амьдрахаар шийдсэн. Эцэг хүний хувиар миний үүрэг бол тэдэндээ амьдралын хатуу ширүүнийг мэдүүлж, ирээдүйд үүсч болох саад бэрхшээлд бэлдэх нь хамгийн том зүйл  юм. Би бусад эцэг эхчүүдийг ч ийм байгаасаа гэж уриалж байна. Учир нь бие даасан иргэн гэдэг улсын хөгжлийн үндэс юм.
  3. Хүн гэдэг компьютер биш. Тиймээс хүний мэдлэг, сэтгэл хөдлөлийг дата шиг нэгээс нөгөөд зөөвөрлөх боломжгүй. Хүн машинаас юугаараа ялгардаг вэ. Сэтгэл зүрхтэй гэж үү. Үгүй ээ, хүн компьютер биш учир алдаа гаргадаг. Гэхдээ хүн өглөө бүр шинэ санаатай сэрж чаддаг, түүгээрээ бусдад нөлөөлж, бас суралцдаг. Гэхдээ хүн хүнээсээ юугаараа ялгарах вэ гэвэл гаргасан алдаанаасаа суралцдаг байдлаараа л ялгарна. Өөрийн гаргасан алдаагаа алдаа бус туршлага гэдэг нүдээр харж байгаарай.
  4. Би өөрийгөө идэвхжүүлж өдөөхийн тулд олон төрлийн зүйл хийдэг. Бусадтай л адил би баярлаж хөөрнө, ядарч, гуниглана. Энэ бүхнийг дагаад миний ажлын бүтээмж ч өөр өөр байна. Хэрвээ миний үр дүнг тоон үзүүлэлтээр харуулах юм бол маш энхэл донхол байх болно. Яг одоогоор би гурван сэтгүүлчийн хамтаар миний илтгэлүүдийг түүвэрлэн ном гаргахаар ажиллаж байна. Би тэднээс асуусан юм, та бүхэн миний илтгэлүүдийн хамгийн хүчирхэг, гол санааг юу гэж бодож байна гэж. Тэд бодож цөхөлгүй тогтвортой байдал гэж хэлсэн. Тэд зөв харсан. Учир нь миний сэтгэл зүй ямар байхаас үл хамааран 40 жилийн турш улс төрд зүтгэхдээ үргэлж гол зорилгоо даган тогтвортой байдлыг эрхэмлэсээр ирсэн. Үүнийг ч олон жил уриалж, ярьж, түгээж байна. Би өөрийн хийх ёстой зүйлээ мэднэ. Харин үүнийгээ хойшид урт удаан хугацаанд тогтвортой байлгах нь чухал.  Бүх насаараа эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэсэн Ли Куан Ю нь 91 насандаа 2015 оны гуравдугаар сарын 23-нд уушгины үрэвслийн улмаас нас барсан юм. Түүнийг Сингапурчууд улс даяар эцсийн замд нь үдэж, хүндэтгэл үзүүлсэн юм.   

О.Мөнхбат

Эх сурвалж: SCMP

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>