Гадаадад очсон монголчууд яагаад улс орноосоо залхахад хүрэв...

85

Ер нь ажаад байхад гадаадад очсон монголчууд бие биедээ туслах дургүй, нэг нь нөгөөгөөсөө өрсөж ямар нэгэн байдалаар амжилтанд хүрээд нөгөөгөө тавлах хүсэлтэй байдаг. Ихэнхи монголчууд хэрвээ гадаадын улс орон ямар нэгэн ашиг тус амлах юм бол эх орон элэг нэгтэн гэж сүйд болоод байх юу ч үгүйгээр эргэхэд бэлэн байдаг. Энэ бол хэтрүүлэг биш л дээ. Нүдээр болон биеэр үзэж харсан зүйл юм. Ихэвчлэн хэл ус муутай, эсвэл гадаадын улс орны амьдралд дасах чадватгүй хүмүүс л эх орондоо буцах хүсэлтэй байгаа харагддаг.

Цөөнх нь үнэхээр монголоо гэсэн сэтгэлтэй, эх орноо хайралдаг хүмүүс байдаг гэж хэлж болно. Яагаад хүмүүс өөрийнхөө улс орноос ингэж залхаж хүйтэрсэн юм бол гээд ярилцаад үзэхээр ихэвчлэн хүмүүсийн хэлж байгаа нь бол, "Монголд хүмүүсийн харилцаа хэцүү” гэж байдаг. Бид ер нь нэг нэгэнтэйгээ харилцаж чадахаа байгаад байгаа нэг асуудалтай улс орон юм шиг. Сайн явхаар муулаад муу явхаар муулаад, ер нь бол ганц л зорилого нь үгүйсгэн муулах болчихсон мэт.

Тийм болхоор гадаадад нэр хүнд болон амжилт олсон хүмүүс маш хурдан монголыг гэсэн сэтгэлээ алдаж байгаа харагддаг. Ёсыг бодож эргээд эх оронч сэтгэлээр монголынхоо ядууст туслах гэх мэт зүйл хийдэг ч гэсэн, ийм хүмүүсийг ажиглаад байхаар цаанаа л нэг, "Монголчууд ямар хүний тус ойлгох биш. Гуйлгачин сэтгэлгээтэй. Залхуу” гэсэн хандлага харуулж байдаг.

Ер нь улс орны хөгжил зөвхөн материаллаг бүтээн байгуулалт дээр тогтохгүй. Харин хүмүүсийн харилцаа амар тайван, эрүүл сэтгэлгээтэй нийгэм бий болгоход маш чухал нөлөөтэй байдаг гэж харагддаг. Тэрийг энийг хөгжүүлье гээд яриад ирхээрээ сүүлдээ бидний ажил өөрийгөө гайхуулах, хувийн байр сууриа дээшлүүлэх, би бусдын хийхгүй байгаа юмийг хийж байна гэсэн аархал болоод явчихдаг. Харилцааны хөгжил энэ тэр гээд мэдээж хүмүүс яриад л байдаг.

Гэхдээ бидний өдөр тутамын харилцаа дээр алдаа дутагдал маш их хэвээрээ. Юмыг өөрчилж хөгжүүлэх гэж байгаа бол эхлээд нэг сонин аархуу барьцсан, бусадтай тэмцсэн зангаа татаад, эв нэгдэл, хамтын хүч, гол нь зорилого өөрөө юу билээ гэдэгийг сайн санах ёстой мэт. Зорилого нь дандаа нэг юм хийж байгаа харуулаад алдарших, мөнгө олох, цаашлах юм бол улс төр байхаар, нөгөө эхэндээ ярьж байсан зүйлс бүдгэрээд амьгүй болчихдог.

Ер нь харилцаа гэдэг өөрөө мэдрэмж болон сэтгэл, хэл яриа, оюун санаа дээр тулгуурладаг болхоор, энэ талын хөгжил гэдэг зүгээр хоосон сайхан үг хэлж сурсанаар хэмжигдэхгүй. Бидний дунд оршиж байгаа атаа жөтөө, барьцалдах үзэл, хар сэр, бэртэгчин байдал, бусдын мууг үзэх дуртай зэрэг нь яг ямар шалтгаанаар, хаанаас гараад байгааг үнэнээр нь таньж мэдхээс эхлэх талтай.

Хүмүүсийн харилцаа сөрөг муу байхаар эх орноо гэсэн үзэл, улс орны хамтын зорилого гэдэг дээр анхаарах хүсэлтэй хүн цөөн болсон. Нэг нь нөгөөгөө ашиглаад өөрийгөө тодотгоод өнгөрдөг болсон үзэгдэл их болхоор, хүмүүс хэн нэгэнд ашиглуулахгүй байхыг л зорих гэх мэтээр харилцаа нэг л өрөвдөлтэй байдалтай болчихсон байгаа нь үнэн.

Ямар нэгэн хөгжил болон бүтээн байгуулалтын ажил хийхээр тухайн хүнийг нэр алдар горилж, хувьдаа ашиг олж байна гэж харах нь түлхүү болхоос, улс орны хөгжилийг бодож байна гэж итгэх итгэл бага. Тийм болхоор тэр хүнийг дэмжигч болон нэг санаа дээр нэгддэг нэгдмэл байдал маш хэврэг.

Ингээд хархаар ер нь жаахан гунигтай юм шиг. Ямар ч гэсэн эерэг тал руугаа өөрчлөгдөж байгаа зүйлс олон байгааг бас мартаж болохгүй. Гэхдээ үйл явц гаднаа хурдан мэт хирнээ цаад талын сөрөг сэтгэл үүсдэг шалтгаанууд янзандаа хэвээрээ л юм шиг. Үнэнд тулхаас айдаг зангаараа хүмүүс жинхэнэ шалтгаанаа хархаас зугатаж байдаг хэвээрээ.

Tsetsegmaa Baasanjav

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.