“Хаан сэнтийн тоглоом” киноны найруулагч Дэвид Петрарка

209

Нас, хүйс харгалзалгүй хэн бүрийг дэлгэцийн урд уяж, ЭММИ 2018” наадмын шилдгээр шалгарсан алдарт Хаан сэнтийний тоглоом буюу “Game of Thrones” цувралыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл бидний дуртай уг цувралын найруулагч Дэвид Петрарка Монголд айлчлах гэж буйг тохиолдуулан энэхүү мэдээллийг уншигч авхай танд хүргэж байна.

Дэвид Петрарка нь 1965 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Рөуд Арлын Варвик хэмээх хотод төрсөн Америкийн телевиз дэлгэцийн найруулагч, театрын продюсер юм.

Тэрбээр хойд Каролинагийн Урлагийн сургуульд суралцсан бөгөөд төгссөнийхөө дараа Нью-Йорк хотын тайз дэлгэцийн уран бүтээлчдийн эвлэлд ажилд оржээ.

Дэвид 1985 онд буюу ид залуу 20 насандаа найруулагчийнхаа карьерийг эхлүүлсэн овсгоотой чадварлаг ухаалаг нэгэн юм. Тэрээр 1988-2005 он хүртэл Чикагогийн Гүүдмэн театрт ажиллаж байв. 2002 онд тэрээр  “A Year With Frog And Toad on Broadway” хөгжимт жүжгийг найруулсан ба тухайн үедээ уг бүтээлээрээ олон нэр хүндтэй шагналуудыг хүртэж байжээ.

Дэвид зөвхөн тайзны уран бүтээл хийгээд зогсохгүй, телевизийн хэд хэдэн уран бүтээл найруулсны нэг нь та бидний сайн мэдэх “Game of Thrones” цуврал юм. Тэрбээр дэлхийн томоохон Streaming үйлчилгээний компани болох Netflix-тэй хамтран “Jessica Jones”, “True Blood”, “The Alienist” зэрэг цувралуудыг найруулсан.

Мөн HBO телевизтэй хамтран “Big Love”, “Boardwalk Empire” хэмээх хит цувралууд дээр ажиллаж байсан чадварлаг найруулагч юм.

Дэвид Петрарка “Game Of Thrones” цувралын 2-р бүлгийн 4, 5-р ангиудыг найруулсан ба уг ангиуд анх 2012 оны дөрөвдүгээр сард олон нийтийн хүртээл болж байсан билээ.

Петрарка нь Холливуд дахь авьяастай найруулагчдийн нэг. Тиймдээ ч тэр телевизийн цувралын нэг ангийг 750 мянган ам.доллараас 1 сая хүртэлх доллараар найруулдаг ажээ.

Тэрээр хувийн амьдралынхаа тухай олонд дэлгэх тийм ч дуртай нэгэн биш бөгөөд хэдийн 54 насыг зооглосон ч өнөөг хүртэл ганц бие хэвээр байгаа юм.

Дэвид олон нийтийн сүлжээний нөлөөнд автаагүй Холливудын цөөн хэдэн уран бүтээлчдийн нэг гэгддэг. Мөн тэрбээр 1996 онд Чикаго хотын хүндэт иргэн цолоор шагнуулж байжээ.

Бүхэл бүтэн цуврал киноны нэг ангийг 1 сая доллараар найруулдаг уг чадварлаг найруулагч “Холливуд Монголд” төслийн хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болоод байна. Дараагийн зочин хэн байх бол?

Б.Намуун

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.