УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын алдаа хийгээд улс төрийн намуудын ЯЛАХ ШАЛТГААНУУД

370

Гэхдээ энэ бүхэн хохирогч гэгдэж буй бүсгүйн нулимсаар зурагдаж буй нь туйлаас харамсалтай.

Эр нэг алдаж, эрэг нэг нураа л биз... Гэсэн аман ярианы энэрэл, уучлалыг тодотгох үг байхад эсрэгээрээ ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэсэн үг бас бий. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хувьд яг л сүүлийн эшлэл үгийн нэгэн адил Хэнтий аймгийн 42-р тойргийн сонгогч олны итгэл найдвар, үнэлэл хүндлэлийн өөдөөс ус цацаж, чулуу шидсэн дайны үйлдэл гаргасан нь өдгөө улсын төсвийг 287.6 сая төгрөгийн төлөвлөгдөөгүй зардалд унагачхаад байна.

Учир нь, өнөөдрийн хувьд түүний хүчингийн хэрэг үйлдсэн эсэх нь албан ёсоор шүүхээс эцэслэгдээгүй байгаа ч тэрбээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулахгүй гэдгээ илэрхийлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан. Ингэснээр Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг зохион байгуулах буюу УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын оронд УИХ-ын гишүүний тангараг өргөх тэр шинэ хууль тогтоогчийг ирэх зургаадугаар сарын 30-ны өдөр сонгохоор товлогдсон.

Мөн энэхүү 287.6 сая төгрөгийг өртөгтэй нөхөн сонгуульд 27 нам оролцох боломжтойн дээр тэд тавдугаар сарын 1-ний дотор оролцох эсэхээ албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд мэдээлэх ёстой. Өнөөдрийн байдлаар улс төрийн намуудаас МАХН, АН хоёр уг нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргасан бол МАН-ын Бага хурал өнөөдөр хариултаа эцэслэх ёстой. Харин үлдсэн 24 намын хувьд хоёр хоногийн хугацаа үлдлээ гэсэн үг.

Тэгвэл хүчингийн хэрэг үйлдсэн эсэх нь албан ёсоор шүүхээр батлагдаагүй байгаа УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын алдаанд яагаад улс төрийн намууд талархах хэрэгтэй болчхов гэдгийн тухайд тодорхой хариултуудыг өгч бас болно.

АРДЧИЛСАН НАМ

Үүний тулд юун түрүүнд Хэнтий аймгийн 42-р тойрог 17 мянга 450 сонгогчтойгоос УИХ-ын 2016 оны сонгуульд уг тойргоос оролцсон сонгогчдын олонх нь буюу 46.8 нь саналаа өгснөөр Д.Гантулга УИХ-ын гишүүн болж байсныг эргэн сануулъя. Түүнчлэн тус аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар Хэнтий аймгаас УИХ-ын гишүүн болох хамгийн магадлалтай улстөрчөөр тодорч байсан ч 28 настай Д.Гантулгад ялагдаж, намынхаа гишүүдийн нэгэн адил гэнэтийн шоконд орсон.

Харин энэ удаад Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо зөвхөн нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргаад зогсохгүй Ж.Оюунбаатарыг дахин нэр дэвшүүлэхээ зарлав. Уг нь тавдугаар сарын 1-ний дотор улс төрийн намын хувьд нөхөн сонгуульд оролцох эсэхээ л зөвхөн шийдвэрлэх ёстой байсан ч Ж.Оюунбаатарыг шууд нэр дэвшүүлнэ хэмээн яаран зарлаж буй нь АН-ын хувьд УИХ-д дахин бүлэгтэй болох стратегийн шийдвэртэй алхам байж болох юм. Учир нь, “Ж.Оюунбаатар АН-аас нэр дэвшинэ” гэдэг мэдээлэл ил болсноор нэр дэвшигчийн мандат авах зургаадугаар сарын 4-нөөс өмнө аман сонгуулийн сурталчилгааг эхлүүлж буй нь энэ байхыг үгүйсгэхгүй. Тэр дундаа, зөвхөн УИХ-ын 42 дугаар тойрог гэлтгүй Хэнтий аймагтаа Ж.Оюунбаатарын нэр хүнд чамгүй өндөр гэдэг нь нууц биш.

Тэр дундаа, нэг мандатын төлөө өрсөлдөж, ялалт байгуулсан Д.Гантулга нь алдаа гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан нь Ж.Оюунбаатарын хувьд үнэлэмж нь илүү өндөрсөж, үүрэг хариуцлага нь үнэд хүрэхгүй байхын аргагүй. Нэг ёсны энэ бол АН болон Ж.Оюунбаатарын хувьд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад талархах шалтгаан нь энэ. Ердөө арав хүрэхгүй хоногийн өмнө УИХ-ын гишүүн Лу.Болд намаасаа гарч, гурван сарын өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөснөөр УИХ дахь албан ёсны бүлгээ татан буулгаад байсан АН-ын хувьд ийн Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг боломж хэмээн харах нь ч буруу биш.

Учир нь, энэ бол улс төр. Цаашлаад өнгөрсөн долоо хоногт зарлагдсан “Сант Марал” сангийн намуудын рейтингийг тодруулсан судалгаанд тус нам эрх баригч хүчин болох МАН-аас хоёр хувийн илүү буюу 12 хувийн санал авсан байсан. Гэхдээ УИХ дахь сөрөг хүчний хувьд хэзээд эрх баригч намаас илүү санал авдаг жишиг байдаг ч хоёрхон хувиар илүү санал авна гэдэг нь бас ч үгүй чамлалттай үзүүлэлт. Харин Хэнтий аймгийн 42 тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд энэ нь бодит үр дүн болж, УИХ-ын 2020 оны сонгуулийн баримжаа болох магадлалтай.

МОНГОЛ АРДЫН НАМ

Тэгвэл МАН-ын хувьд яагаад УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад талархах шалтгаантай болов оо гэдгийн хувьд бас л өөр хариулт гарна. Хэдийгээр МАН-ын хувьд дахин Хэнтий аймгийн 42 тойрогт нэр дэвшигчээ аваачих нь нүүр улайх үндэслэл мэт харагдах ч эцсийн бүлэгтээ эрх баригч хүчний хувиар хууль тогтоох засаглал болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд бодит үнэлгээг олж авах боломжтой болох юм. Тэр дундаа, өнөөдрийн яригдаж буйчлан Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх тус тойрогт нэр дэвшлээ гэхэд улстөрчийн болон албан тушаалын зангаргаараа ялалт байгуулах магадлалтай. Мөн тус аймгаас УИХ-д удаа дараа сонгогдож тэрхүү хугацаандаа хувь улстөрчийн хувиар ямар ажил хийж бүтээсэн нь ч дашрамд нь дүгнэгдэнэ.

Үүнд нь зөвхөн өнгөрсөн хугацааных нь үнэлгээ төдийгүй өдгөө Монголын хамгийн өндөр нэр хүндтэй улстөрчөөр тодорч, мөн л “Сант марал” сангийн судалгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр хүндээрээ давж, нэгдүгээрт бичигдсэн нь нөлөө үзүүлж таараа. Хэрэв энэ нэр хүнд Хэнтий аймгийн 42 тойрогт баталгаажиж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшин ялалт байгууллаа гэмээн түүнд одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярын нэгэн үе эдэлж дайсны дайны тийм үнэмлэхүй их эрх мэдэл, сүр хүч ноогдож таараа. Өөрөөр хэлбэл, тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүнийг ямар шийдвэр гаргаж, Засгийн газрын санал санаачилгыг дэмжих нь ээ, дэмжихгүй нь үү гэж тандахгүйгээр өөрөө дотор нь орж, чиглүүлэх бүрэн эрхтэй болно оо гэсэн үг. Тэгэхээр энэ бол Ерөнхий сайд болоод МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд хэзээ ч эргэн олдохгүй нэг удаагийн том боломж. Гэхдээ зөвхөн нэр дэвшиж Хэнтий аймгийн 42 тойрогт ялалт байгуулсан тохиолдолд гэдгийг энд бодолцох үзэх хэрэгтэй юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын алдаанд МАН яагаад талархаж болохгүй гэж.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

Харин МАХН-ын хувьд асуудал хаашаа эргэх вэ. Уг нь саяхныг хүртэл тус намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уг тойрогт нэр дэвших тухай яригдаж байсан ч тэрбээр Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсайг албан тушаалаа ашиглаж, бусдын гэр бүлд дарамт учруулах замаар бэлгийн дур хүслээ хангасан гэдэг мэдээллийг олон нийтэд цацаад зогсохгүй түүндээ баримт болгон тодорхой бичлэг цацсанаар нэр дэвших эрхээ хасуулах болчхоод байгаа.

Учир нь, тэрхүү мэдээллийг Ё.Сагсай прокурор үгүйсгэж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргасан тул уг хэргийн хариуцагчийн хувиар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй болно гэсэн үг. Иймд тус намаас МАХН-ын дэд дарга бөгөөд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын нэр дэвшүүлэхээр яригдаж буй. Гэхдээ энэ хоёр улстөрчийн хэн нь ч байлаа гэсэн МАХН-ын хувьд улс төрийн гуравдагч хүчний хувиар бусад жижиг намуудаа өнгөлж буй нэр хүндээ энэ удаагийн нөхөн сонгуулиар баталгаажуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, ялалт байгуулах эсэхээс үл хамаараад МАН болон АН-ын аль нэгийнх нь нэр дэвшигчийг ардаа орхиж, санал хураалтын дүнгээр хоёрт бичигдэх нь тус намын хувьд ялалт болно оо гэж ойлгож болно.

Өөрөөр хэлбэл, энэ нь мөн л УИХ-ын 2020 оны сонгуульд барьж орох тус намын мөрөөдөл болоод төсөөллийнх нь зангараг болох учиртай. Товчхондоо энэ бол УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын улс төрийн намуудад өгч буй талархах шалтгаан, сүүлчийн бэлэг нь. Сүүлчийн гэхийн учир нь уг хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэх хүртэл цөөнгүй хугацаа үлдсэний зэрэгцээ хэргийн материалыг нуун дарагдуулж, хуурамчаар үйлдсэн гэдгээр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн болон цагдаагийн ажилтнууд хоригдож байгаа нь үнэн.

Мөн эцэст нь тодотгоход нэг үхрийн эвэр хугарахаар мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн нэг хүний алдаанаас болж цөөнгүй хүний амьдрал ийн дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, улсын төсвөөс төсөвлөгдөөгүй 287.6 сая төгрөгийн зардал урсаж, улс төрийн намууд нэр хүндээ хамгаалах төлөвлөгдөөгүй аянд мордож буй нь харамсалтай.

Гэсэн ч нэр дэвшигчдийн аль нэг нь ялалт байгуулах ёстой гэдэг зайлшгүй үнэнд тулж очоод бодох нь ээ, УИХ-ын гишүүн Д.Гантулгын алдаа 2020 оныг угтсан сүүлийн нэг жилийн улс төрийн их нүүдлийн өнгийг тодорхойлох нь үнэн. Гэхдээ энэ бүхэн хохирогч гэгдэж буй бүсгүйн нулимсаар зурагдаж буй нь туйлаас харамсалтай.

Г.ОТГОНЖАРГАЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>