УУРХАЙЧИД Д.СУМЪЯАБАЗАР САЙДЫГ ОГЦРОХЫГ ШААРДАЖ, ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДЛАА
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл”-ээс өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд "Ил захидал" хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд 2015 онд холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, давуу байдал олгосон гэрээг Хонконг эзэнтэй “Ти Ти ЖИ Ви Ко Си Өү” ХХК-тай байгуулсан байдаг. Асар их алдагдалтай, манай улсын олон хууль тогтоомжийг зөрчиж, хэт давуу байдлыг бий болгосон “Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-г тухайн үед уурхайчид эсэргүүцэж байсан байна. Гэтэл тэдний эсэргүүцлийн үл тоон уг гэрээг удаа дараа сунгасаар байгаа аж.
Энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл”-ийн тэргүүн С.Эрдэнэ "Гэрээг сунгахгүй байх, Зүүн Цанхийн талбайд олборлолт хийх гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалтыг явуулах шаардлагыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт 2018 оны арван нэгдүгээр сард, 2019 оны хоёрдугаар сард тавьсан. Уурхайчин бид эрхэм сайдтай биечлэн уулзах хүсэлтийг удаа дараалан албан ёсоор тавихад ч хариу өгөөгүйд харамсаж байна.
“Уул урхайн хамтын ажиллагааны гэрээ”-гээр гүйцэтгэсэн ажлын төлбөрийг нь “Ти Ти ЖИ Ви Ко Си Өү” ХХК-д гадаад валютаар хийж манай компани маш их алдагдал хүлээж байгааг шалган таслан зогсоох хүсэлтийг 2017 оны дөрөвдүгээр сард Санхүүгийн зохицуулах хороонд гаргасны дагуу тус хорооноос гүйцэтгэсэн ажлын төлбөрийг үндэсний валютаар хийж байх албан даалгаврыг мөн оны зургаадугаар сард манай компанид удирдлагад өгсөн ч хэрэгжээгүй, өдийг хүрлээ. Албан даалгаврынхаа биелэлтийг хангуулах шаардлагыг энэ дөрөвдүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд тавьсан ч хариу өгөхгүй байгаа төдийгүй тодорхой арга хэмжээ авахгүй байна.
Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн Зүүн хэсэгт гэрээт олборлогчоор ажиллаж байгаа “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дууссан. Гэрээг зогсоож дүгнэж үзэлгүйгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар дур мэдэн шийдвэр гаргаж тус компаниар нүүрсний олборлолтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлсээр байна.
Түүгээр ч барахгүй, салбарын сайдын хувьд дур мэдэн шийдвэр гаргаж өөртэй нь хамааралтай “Эрин Монгол" компаниар нүүрсний олборлолт, тээвэрлэлтийг 2019 оны дөрөвдүгээр сараас гүйцэтгүүлж эхлээд байна.
Үүнийг уурхайчид бид хэт өндөр үнэтэй, хууль бус, зөрчилтэй гэрээг зогсоох хүсэлгүйгээр “Ти Ти ЖИ Ви Ко Си Өү” ХХК-д тал засан хувийн явцуу эрх ашиг сонирхолдоо хөтлөгдөн тус компанийн удирдлагатай хуйвалдаж гэрээг дахин 2 жил сунган ажиллуулах албан бус шийдвэр гарган компанийн удирдлага, ТУЗ-ийг дарамтласан гэж үзэж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын зүгээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дотоод хэрэгт шууд оролцон явуулж байгаа хууль бус үйлдлийг МАН-ын бодлого, Засгийн газрын албан ёсны шийдвэр гэж үзэж болох талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Танаас албан ёсны тайлбар, бодитой шийдвэрийг шаардаж байна" гэлээ.
Оллоо.мн