Говьсүмбэрийн 8 тэрбумын үнэтэй эмнэлгийн тендерийг будлиантуулсан Д.Сарангэрэл сайдын явуулгыг шалгаж эхэлжээ

1075

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдсэн эмнэлгийн тендер төслийнхөө шатанд нам гацжээ. Тодруулбал 100 ор бүхий нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын тендерийн сонгон шалгаруулалтад тэнцсэн “Тэргүүн чансаа” ХХК  эхнээсээ л маапаантай ялалт байгуулсан аж. Эл компани дүрмийн бус аргаар буюу эрх мэдэлтний нөлөөтэйгөөр хууль зөрчин уг тендерт ялж, барилгын ажлын гэрээг Эрүүл мэндийн яамтай байгуулж, ажил гүйцэтгэх ёстой ч өнөөдрийг хүртэл барилгын ажлаа эхлүүлээгүй гэдгийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагынхан онцолж байна. “Тэргүүн чансаа” ХХК чухам ямар аргаар хууль зөрчиж энэ тендерт ялалт байгуулсан талаар нотлох баримт, эх сурвалжуудын өгч буй мэдээллийг үндэслэн сийрүүлье.

ТӨБЗГ-ын Худалдан авах хэлтэст итгэх хэрэггүй

   Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд баригдах 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгыг барих төсвийг 2017 оны улсын төсвөөр баталж, 2018 онд барилгын ажлыг нь эхлүүлэхээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байдаг. Тус барилгын нийт өртөг нь 8 тэрбум, 392 сая, 839 мянга, 778 төгрөг.

Ийм төсөвт барилгыг бариулах тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зарласан. Тендер зарлахаас өмнө ТӨБЗГ-ын даргын 2018 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн А/56 тоот тушаалаар тус эмнэлгийн барилгын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороог ТӨБЗГ, ЭМЯ болон зарим төрийн бус байгууллагуудын төлөөллийн оролцоотойгоор нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Ийнхүү байгуулагдсан үнэлгээний хороо 2018 оны 07 сарын 24-нд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй буюу 57 хувийн ирцтэйгээр хуралдаж мөнөөх “Тэргүүн Чансаа” ХХК-ийг төсөл гүйцэтгэх боломжтой гэж дүгнээд сонгон шалгаруулсан байдаг. Ашиг сонирхолын нөлөөтэйг илтгэх энэхүү үйлдэл нь Сангийн яамнаас гаргасан 2014 оны “Үнэлгээний хорооны зохион байгуулах” журмын 4.2 дахь заалтад үнэлгээний хорооны нийт гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувийн ирцтэй хуралдаж гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр болно” гэснийг зориудаар ашиг сонирхлын үүднээс зөрчиж хууль бус хуралдааныг зохион байгуулжээ.

   Дээрх хуралд ТӨБЗГ-ын Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэбулган, мэргэжилтэн Л.Нандинцэцэг, мөн газрын Захиргаа хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Буяннэмэх, Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Базархүрэл нарын 4 хүний бүрэлдэхүүнтэй, ирц бүрдээгүй 57 хувийн ирцтэй байхад Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Х.Улам-Өрнөх нь үнэлгээний хорооны дарга Б.Эрдэнэбулганд хурал хийх үүрэг даалгавар өгсний дагуу хууль бус хурлыг зохион байгуулж үнэлгээний хороо тэмдэглэлээ албажуулахын тулд хуралд ирээгүй ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Өнөболд, “Мэргэн гарц” ТББ-ын тэргүүн Д.Мөнхтамга, “Байгаль хамгаалах байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Нарантуяа нарын 3 хүнээр нөхөж гарын үсэг зуруулсан байна. Үүнийг хуралд суусан 4 хүний нэр бүхий 2 хүн нь баталснаар 2018 оны 07 сарын 24-нд хуралдсан хуралдааны тэмдэглэлээ 2018 оны 07-р сарын 20 өдөр хэмээн хугацааг нь дөрвөн өдрөөр урагшлуулан мөн л хууль зөрчжээ. Ийнхүү хамгийн өндөр үнийн санал өгсөн “Тэргүүн чансаа” ХХК-ийг худалдан авах ажиллагааны тухай хуулийн зохих заалтыг зөрчиж тендерт шалгаруулснаас болж уг гэрээ хүчингүйд тооцогдох хууль зүйн өндөр эрсдэлтэй болсон байна.

Д.Өнөболдын шунал буюу “Тэргүүн чансаа” ХХК

   Ингээд хууль зөрчин, хүчээр шахуу ялуулсан “Тэргүүн чансаа” ХХК, Эрүүл мэндийн яамны хооронд хийсэн ЭМЯ-2018/XVIII.1.40 тоот гэрээг ЭМЯ-ны эрх бүхий ажилтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг үүсгэн, бусдад илт давуу байдал олгож, хууль бус гэрээг байгуулсан хэмээн үзэж холбогдох байгууллагад шалгуулах үндэслэл болжээ. ТӨБЗГ-ын Үнэлгээний хороо хууль бус хурлыг зохион байгуулсан учир үүний уршигаар будлиантай, хуудуутай, маргаантай гэрээ хийгдсэн. Гэсэн ч барилгын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй байна.

Уг гэрээнд тухайн тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга асан Д.Өнөболд өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан нь хувийн ашиг сонирхлын зөрчилтэйг илтгэхээр. Өөрөөр хэлбэл Д.Өнөболд нь Эрүүл мэндийн яам – “Тэргүүн чансаа” ХХК-ийн гэрээг шууд байгуулж, батлах эрхгүй субъект юм. Уг маргаантай гэрээг гагцхүү яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу төсвийг төвлөрүүлэн захирагч л баталгаажуулах эрхтэй этгээд юм байна.

Дээрх тендерийн баримт бичиг, хуулийн дагуу гэрээ байгуулахдаа шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг гаргасны дараа сая нэг гэрээ байгуулах эрх үүсэх учиртай. Гэтэл 2018 оны 07-р сарын 27-ны өдөр “Тэргүүн чансаа” ХХК гэрээ байгуулах үед шаардагдах бичиг баримтын бүрдүүлбэр дутуу байсныг эх сурвалж хэлж байна.

Д.Сарангэрэл сайдын тендерийн баг

   Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Өнөболд нь тус салбарын сайд Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөхийн жолоочоор ажиллаж байсан тухай АТГ-аас 2018 оны 08-р сарын 27-нд хийсэн хэвлэлийн хурлаар нийтэд мэдээлсэн.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нь өөрийн хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан өндөр үнийн дүн бүхий эмнэлгийн барилгын тендерийг санаатайгаар будлиулсан байж болзошгүй шинжтэй үйлдлийг АТГ-аас шалгажээ. Уг асуудалтай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогчоос шинэ эмнэлгийн барилгын ажлын талаар утсаар тодруулахад “...Барилгын ажил нь өнөөдрийг хүртэл эхлээгүй байна. Тендерт шалгарсан компаниуд нь хоорондоо шүүхдэлцээд байгаа сурагтай...” гэсэн хариу өгөв.

Тендерт оролцогч компаниудын шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарлаж өөрсдөд ашигтай нөхцөл үүсгэдэг албан тушаалтнуудын үйлдлийг таслан зогсоох зорилгоор холбогдох хууль хяналтын байгууллагууд ажиллаж байдаг учир энэхүү асуудлыг анхаарах нь зүйтэй байна.

Эмнэлгийн барилгын тендерийг танил тал, ашиг сонирхолын давуу байдлаа ашиглан авах гэсэн гэмт үйлдлээс болж орон нутгийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадалгүй хохирсоор байгаа. Уг нь гэрээ ёсоор 2018 оны сүүлчээр ашиглалтад орох ёстой 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажил ашиг хонжоо хайсан аль нэг талын буруугаас болж царцаж эхэлжээ.

Говьсүмбэр аймагт баригдах 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын тендерт  хуудуутай, зөрчилтэй олон баримт байгааг цувралаар гаргах болно.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>