Ц.Монгол: Шүүгчдэд хариуцлага тооцохгүй болсноор дураараа авирлах болсон

444

Хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эрүүдэн шүүсэн хэрэг илэрсэнтэй холбогдуулж хууль,шүүхийн байгууллагын удирдлагуудыг өөрчилснийг юу гэж дүгнэж байна?

-Зөвхөн эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан хуульд өөрчлөлт оруулсан юм биш гэдгийг эхлээд хэлэх нь зүйтэй болов уу. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуульд Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга, орлогчдыг ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн чөлөөлөх эсэх асуудлыг УИХ, холбогдох байгууллага нь шийдэхээр өөрчлөлт оруулсан нь олон үндэслэл, шалтгаантай.

Хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуулийн 51.4-т заасантай нийцсэн, одоо бий болсон эрх зүйн онцгой нөхцөл байдал, Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх зорилгоор хийсэн гэж ойлгосон. Хууль хяналтын байгууллагуудын удирдах албан тушаалтнууд нь улс, төр эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан, тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг, өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, гажуудал бий болсон, энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрсэн гэж хуулийн үзэл баримтлалд тодорхойлсон байна лээ.

-Хэсэг хуульч энэ хуулиуд гарснаар “Шүүх хараат боллоо”, “Үндсэн хууль зөрчлөө” гэсэн. Өмнө нь хараат бус биш явж ирсэн юм уу?

-Хэсэг бүлэг хуульч “Үндсэн хууль зөрчсөн, Шүүхийн хараат бус байдалд халдсан, Шүүх эрх мэдэл хараат боллоо” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж, өөрсдийгөө нийт хуульчдыг төлөөлж байна гэж байгаа нь, хууль, хяналтын байгууллагын хуучин удирдлагуудыг өөрчлөхийн эсрэг, хууль хяналтын байгууллуудыг “улс төрийн хараат байдал”-д нь үлдээх” зорилготой, МАНАН гэж бүлэглэлийг хамгаалахад чиглэгдсэн гэж үзэхээр байна.

Хууль гарснаар шүүх хараат болчхов уу гэвэл тийм биш. Ер нь шүүх эрх мэдлийн байгууллагууд улс төрөөс харьцангуй хараат байсаар ирсэн, 2013 оноос хойш улс төрөөс бүрэн хараат болсон гэж үзэхээр нөхцөл байдал үүссэн. Энэ хугацаанд Үндсэн хууль зөрчсөн олон үйл явдал болж, шүүхийн хараат бус байдал алдагдсаар, хуульчид бид эсэргүүцсээр, ҮХЦ-д хандсаар ирсэн.

Гэтэл эдгээр хуульчид өөр өөр намын харьяалалтай, эсрэг тэсрэг гэж болохоор байр суурь баримталж ирсэн бөгөөд тэд энэ асуудал дээр санал нэгдсэн байдлаас үзвэл МАНАН бүлэглэлийн, эсхүл тодорхой бүлгийн эрх ашгийг хамгаалж байна гэж ойлгогдохоор байна. Зарим нь төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа Үндсэн хууль зөрчиж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг хууль бусаар булаан авч “шорон” болгох гэж байсан,зарим нь Үндсэн хууль зөрчиж гарсан Зөвлөлдөх ардчиллын тухай хуулийг зөвтгөн, тохиолдлын аргаар сонгон авсан иргэдийн саналд шинжээчийн хувьд нөлөөлж “Их, бага” гэсэн хоёр танхимтай парламенттай” байх тухай саналыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс хасуулсан. Тэгэхээр Үндсэн хууль зөрчдөг, хууль зөрчсөн үйл явдлын талаар дуугардаггүй, чимээгүй өнгөрдөг мөртлөө, хуульд хариуцлага тооцох тухай заалт оруулсныг “Шүүхийн системийг хараат болголоо” гэж байгаа нь ойлгомжгүй.

-Шүүх, хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл улс төрөөс хараат болсон байсныг нотлох тодорхой жишээ баримт байна уу?

-ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн хуулийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг чөлөөлөх талаар хуульд оруулсан өөрчлөлт нь шүүх, прокурор, АТГ-ыг улс төрийн хараат байдлаас гаргах гэсэн эхний том алхам. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалд “Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтанд үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхгүй, хууль дээдлэх биш “дээрээс ирсэн” зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саармагжуулдаг үйл ажиллагааг биелүүлэгч болжээ” гэж тусгасан байна.

Үүнээс гадна шүүгчийн мэргэжлийн алдаа гаргасан байхад хариуцлага тооцохоо больсон нь зарим шүүгчийг дураараа авирлах, хууль бус шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн. Шүүхэд шүүгч хариуцлага хүлээдэггүй тийм гаж тогтолцоо бий болсон гэхэд дэгсдэхгүй. Саяхан Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Үүрийнтуяа 2012 онд болсон үйл явдлын талаар Шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн 2018 онд сонинд өгсөн ярилцлагыг нь “нотлох баримт” гэж үнэлж дүгнэж илтэд нэг талыг барьж, хууль гажуудуулж, автын механик мэргэжилтэй хүнийг, барилгын зөвлөх инженер гэж мэргэжлийг нь сольж дүгнэсэн.

Прокурор, АТГ-ын хувьд ч олон ноцтой хууль зөрчсөн, хүний эрхийг боогдуулсан, хүнийг хэлмэгдүүлсэн тохиолдол гарсаар ирсэн. Тухайлбал, ашигтай ажиллаж байсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагын бүх албан тушаалтныг хоморголон баривчилж, санхүүгийн баримт, архив,компьютерүүдийг хурааж үйл ажиллагааг нь зогсоож, эцэст нь уг улсын үйлдвэр хувийн юмпанийн мэдэлд шилжсэн байдаг. Энэ хэргийг нэргүй мэдээлэлд үндэслэн үүсгэсэн байдаг.Саяхан Нийслэлийн прокурорын хяналтын прокурор н. Хосбаяр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт хууль бусаар жонш олборлож улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учруулж, зөвшөөрөлгүйгээр, ямарч лицензгүйгээр ил уурхай байгуулан, нөхөн сэргээлт ч хийхгүйгээр байгаль орчныг сүйтгэсэн гэмт хэргийг “зөрчил” гэж хэрэгсэхгүй болгоод хохирогчдын гомдол гаргах эрхийг нь зөрчиж шүүх рүү шилжүүлсэн. Харин шүүх хэргийг хэлэлцээд, “зөрчил” гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзээд дахин буцааж шалгуулахаар болоод байна. Энэ байдлыг олон нийтэд мэдээлж таслан зогсоох, хуулийн байгууллагуудыг өөрчилж хариуцлагажуулахгүй бол завхрал дээд цэгтээ хүрлээ.

-Хууль эрх зүйн орчин, хуулийн байгууллагын хариуцлагын тогтолцоо сүүлийн жилүүдэд шинэчлэгдэж, сайжирч ирсэн юм биш үү. Хуулийн шинэчлэлийн багц хууль гээд л олон хууль гарч шинэчлэгдээ биз дээ?

-Шүүх, хуупь эрх зүйн шинэчлэл гэдэг утгаар шинэ хуулиуцыг баталсан. Энэ хуулиудад олон дэвшилтэт зүйл заалт орсон боловч, сайнаас саар нь гэгчээр хуулийн бүтцийг эвдсэн, ром германы эрх зүйн системийн эрх зүйн үндсэн зарчмуудыг үгүйсгэж,англи-саксоны эрх зүйн системтэй хольж саармагжуулсан нь хуулийг хэрэглэхэд бэрхшээлтэй болгосон.

Эрүүгийн шинэ хуульд социализмын үеийн Сталины үеийн прокурор Вишневскийн онол буюу хүнийг байцааж, өөрөөр нь хэрэг хүлээлгээд бууддаг, шийтгэдэг байсан зохицуулалтын орчин үеийн хувилбарыг хуульчилсан. Эрүүгийн хуульд зааснаар “сэжигтэн” гэж байхгүй болсон. Хэрэгт сэжиглэж байгаа хүнийг “худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хууль сануулаад гэрчээр байцааж, улмаар яллагдагчаар татан гэрчийн мэдүүлэгт нь буюу өөрийнх нь мэдүүлэгт тулгуурлан ял оноох болсон.

Хүний эрхийг дордуулсан бас нэг заалт нь зохион байгуулалттай, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хэн нэгийг нь гэмт хэргээс чөлөөлж, түүгээр гэрчлүүлээд бусдыг нь ялладаг зохицуулалт оруулж ирсэн нь хоригдлыг хоригдлоор нь гэрчлүүж, гүтгүүлж /С. Зоригийн амь насыг хохироосон хэргийг зохиомлоор илрүүлсэнтэй төстэй\ яллах боломжийг хуульчилсан. Мөнгадаадын аль ч орны иргэн Монгол Улсын иргэнийг хөлслөн итгэмжлэл өгч Монголын аль ч иргэнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх ял оноох ийм систем тогтоосон. Ийм байж болохгүй. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд субьектив буюу хэсэг бүлгийн ашиг сонирхлыг хамгаалсан маш олон заалт орсныг өөрчлөх ёстой

-Зөрчлийн болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэнэ. Хуулийн гажуудлыг арилгаж чадах болов уу?

-Гажуудлыг засахын төлөө явах нь явж байгаа байх. Гэхдээ УИХ-аар хэлэлцэгдээд ямар хэлбэрээр гарч ирэхийг таашгүй. Татварын өршөөлийн тухай хууль гэхэд л Ил тод байдлын тухай хууль гэдэг нэртэй болоод татвар төлөгчдөө огт өршөөгөөгүй, албан тушаалтнуудыг, хөрөнгөө нуусан гэмт этгээдүүдийг өршөөсөн хууль гарч ирсэн. Иймэрхүү урьдын алдааг давтахгүйгээр Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн гажуудлыг нухацтай хэлэлцэж бүрэн арилгах ёстой.

-Зөрчлийн хуулийг өөрчлөх ёстой гэдэг. Өөрчлөх үү, хүчингүй болгох шаардлагатай юу?

-Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгох ёстой.

-Эрүүгийн болон Зөрчлийн хуульд яагаад ийм заалтууд орчихсон юм бол?

-Сонирхол бүхий этгээдүүд ийм заалтыг хуульд оруулсан. УИХ нэг танхимтай, мэргэжлийн биш парламент учраас цоорхой хуулиуд гарч байна. Өнгөрсөн 20 жилд байдал улам дордож, муу хуулиуд гарсаар ирсэн нь нэг танхимтай УИХ явуургүй гэдгийн илрэл.Тиймээс хоёр танхимтай мэргэжлийн парламент болгохгүй бол цаашдаа сүйрэлд хүргэнэ гэсэн үг. Ийм тогтолцооны өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол хууль нь улам муудаж, хэлмэгдүүлэлт, хууль бус шийдвэр гаргах явдал зогсохгүй. Систем нь хэвээр үлдэж байгаа учраас засагдахгүй. Иймд хоёр танхим бүхий парламент бий болгох Үндсэн хуулийн төлөө явах ёстой. Эс бөгөөс 2020 оны сонгуулиар ийм концепц бүхий Үндсэн хуулийг баталж чадах улс төрийн намыг л дэмжиж хэрэгтэй болох байх даа.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: Зууны мэдээ 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>