Владимир Зелинскигийн Ерөнхийлөгчийн тангарах өргөх үеэрээ хэлсэн онцлох эшлэлүүд

387

Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зелински даваа гаригт тус улсын парламент буюу Верховна Радад тангаргаа өргөж, төрийн дээд эрхийг албан ёсоор хүлээн авлаа. Үүний дараа тэрээр улстөрчид, төрийн албан хаагч болон ард түмэндээ хандан 40 минутын турш сэтгэл хөдөлгөм илгээлт хийсэн юм. Түүний илтгэлээс улс төрийн шинэ уур амьсгал оруулах хандлага харагдаж байгааг Украины хэвлэлүүд онцолсон байна. Мөн Владимир Зелински тангараг өргөсний дараагаар түүнд баяр хүргэхээр парламентын танхимд цугласан хүмүүстэй дипломат ёсоор гар барилгүй алгаа цохиж, хүссэн хүн бүртэй хамт "selfie" зураг авахуулсан нь тун өвөрмөц байжээ.

Өдгөө 41 настай, өмнө нь хошин шогийн жүжигчин байсан, улс төрийн ямар ч туршлагагүй тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-нд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтаар 73,2 хувийн үнэмлэхүй санал авч ялалт байгуулсан юм.

Владимир Зелински өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлмэгцээ Верховна Радаг тараах зарлиг гаргасан юм. Ингэснээр Украинд парламентын ээлжит бус сонгууль болохоор болсныг олон улсын улс төрийн судлаачид “хэрвээ сайн үр дүнгээр төгсвөл энэ нь тус улсад улс төрийн реформын эхлэл бөгөөд сайн засаглал тогтоох магадлалтай” гэж дүгнэжээ. Мөн тэрээр Засгийн газрын тэргүүн болон хэд хэдэн сайд, Ерөнхий прокурор зэрэг өндөр албан тушаалтнуудыг өөрийн хүсэлтээр огцрохыг уриалсан юм. Үүний дараа Ерөнхий сайд Владимир Гроисман сайн дураараа огцрох болсноо зарлажээ.  

Ингээд Украины шинэ Ерөнхийлөгчийн тангарах өргөх үеэрээ хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

·Бидний өмнөх удирдлагууд ард түмнийг нэгтгэх, иргэдийг өөрсдийгөө жинхэнэ Украин хүн гэдгээ мэдэрч, түүгээрээ бахархах ямар ч дорвитой ажлууд хийгээгүй. Харин энэ удаагийнх огт өөр байх болно. Учир нь би өөрт санал өгсөн хүмүүсийн төлөө бус Украины нийт ард түмний нийтлэг эрх ашиг, ялалтын төлөө ажиллах болно.

·Өнөөдөр зөвхөн би тангараг өргөөгүй билээ. Өнөөдөр Украины хойч үед сайн сайхан ирээдүйг үлдээхээр хариуцлага хүлээсэн төрийн түшээд, ард түмэн бүгд тангараг өргөж байна.  

·Төрийн албан хаагчид уламжлалт байдлыг халж, албан өрөөндөө Ерөнхийлөгчийн зургийг бус өөрийн хүүхдүүдийн зургийг өлгөхийг уриалж байна. Тэгээд хүүхдүүдээ харж байгаад улс орныхоо ирээдүйтэй холбоотой шийдвэр гаргах хэрэгтэй.

·Бидний хувьд хийх хамгийн эхний ажил бол таван жилийн турш Украины зүүн хэсэгт үргэлжилж буй дайныг зогсоох юм. Бид зоригт эрсээ үхэхийг зүгээр хараад суугаад байж болохгүй. Үүнийг зогсоох болно. Би Украинд энх тайвныг тогтоохын тулд ард түмэн болон тэдний ирээдүйг золиосонд гаргахаас бусдаар юуг ч хийхэд бэлэн байна.

·Хэрвээ шаардлагатай бол энх тайвныг тогтоохын тулд би өөрийн бүх нэр алдраа орхиход бэлэн байна.  

·Би сайн сайхан шинэ Украин улсыг бий болгож, зөв нийгмийг бүтээхээр тэмүүлж буй хэн бүхэнд улсынхаа иргэншлийг амлаж байна.

·Украин улс үндсэрхэг үзэлд хэт автаж үүнээс болж ард түмэн хангалттай бутарлаа. Бид бүгд л нэг Украин юм. Украин гэдэг бол бидний паспорт дээр хэрхэн бичсэн байдагтай адил тэр л эв нэгдэл юм.

·Украинд улс төрийн логик нь үргэлж хуулийн логикийг давамгайлсаар ирсэн. Энэ бүхэн өөрчлөгдөх ёстой.  

·Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд: Өмнө нь би та бүхнийг инээлгэхийн тулд ажилладаг байсан. Харин ирэх таван жилд би Украины ард түмнийг уйлуулахгүйн тулд ажиллах болно.

О.Мөнхбат

Эх сурвалж: DW, The Guardian

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>