“Амттаны доктор” багачуудад ямар зөвлөгөө өгөх вэ?

526

“Амттаны доктор” багачуудад ямар зөвлөгөө өгөх вэ?

 

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан УДБЭТ-ын хамт олон хүүхэд багачууддаа зориулан Игорь Морозовын “Доктор айболит” бүжгэн жүжгээс сэдэвлэсэн “Амттаны доктор” балетыг зургадугаар сарын 1, 2-нд тоглох гэж байна. Хүүхэд бүрт тохиолдох адал явдлыг өгүүлэх сонгодог балет нь бүх насныханд тэр дундаа хүүхдийн тань урлагийн боловсрол, нийгэмд байр сууриа олох хүмүүжилд эерэгээр нөлөөлөх тул таныг гэр бүлийнхээ хамт хүрэлцэн ирж, нээлтийн хөшгийг хамтдаа нээхийг УДБЭТ-ын уран бүтээлчид урилаа.

Бүжгэн жүжигт амттанд дуртай жаал хүүгийн тухай өгүүлнэ. Тэрээр эмээгээсээ байнга амттан нэхэж зовооно. Нэг өдөр хүүгийн шүд өвдөв. Эмээ нь эмч дуудаж үзүүлэхэд шүдийг нь авахгүй бол болохгүй гэжээ. Хүү эсэргүүцсэн ч шүд нь хорхойтсон учир ихэд өвдөж авахуулахаас өөр аргагүй гэдгийг ойлгов. Хүүгийн өвчилсөн шүдийг авахын тулд эмч унтуулдаг тариа хийхэд удалгүй гүн нойронд автлаа.

Амттаны хотхонд хоёр байшин байна. Зүүн байшинд эмч өвгөн охинтойгоо амьдарна. Харин баруун талынхад жаал хүү эмээгийн хамт суудаг байжээ. Хүү байшингаас гарч эргэн тойрноо хартал дүүрэн амттан харагдав. Хүү идэх гэсэн боловч ам нь үл нээгдэнэ. Тэр бүх амттанг яагаад идэж болохгүй байгаад гайхав. Эмчийн гэрийн хаалга онгойж ач охин гэрээсээ гарч ирэн хүүтэй тоглохыг хүссэн ч хүү зөвшөөрсөнгүй. Өглөө эрт эмчийн байшин руу хазуулсан жигнэмэг, хайлсан зайрмаг, хатсан зөөлөн чихэр, хөгзөрсөн давхраат боорцог, муудсан үрлэн чихэр, хугацаа нь дууссан чипс, хагарсан өндгөн шоколад, өтөнд баригдсан цэлцэгнүүр гээд хүүгийн дуртай амттанууд иржээ. Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг үзэгч та хүүхдийнхээ хамт ирж үзээрэй.

“Амттаны доктор” балетын эмч өвгөнд УДБЭТ-ын балетын гоцлооч, гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг, Соёлын тэргүүний ажилтан Х.Ганбаатар, эмчийн ач охин бал бурамд балетчин М.Нандинцэцэг, Ч.Дүүрэнжаргал, хүү чацарганы вареньд балетчин Х.Галтулга, О.Даваадорж, шоргоолжны хаан, дээрэмчинд балетын гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан А.Өлзий-Орших, Ө.Мөнхжин, хэрээнд балетын гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан Б.Баасансүрэн, Б.Марал, хөвөн чихэрт М.Тэргэл, Г.Нямцэрэн нар тоглох аж.

Хүүхдийн баяраар хаана юу үзэж болохыг дараах хуваариас харна уу.

White Rock Center

Тавдугаар сарын 31-нд 11:00, 14:00 цагаас

Зургадугаар сарын 1-нд 11:00, 14:00, 17:00 цагаас

Зургадугаар сарын 2-нд 11:00, 14:00, 17:00 цагаас “Маамуугийн төрсөн өдөр” тоглолт

УДЭТ

Зургадугаар сарын 1-нд 10:00, 12:00 цагаас “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжиг

Зургадугаар сарын 1-нд 14:00, 16:00 цагт “Бардам туулай” хүүхдийн жүжиг

УДБЭТ

Зургадугаар сарын 1, 2-нд 17:00 цагаас Игорь Морозов “Амттаны доктор” бүжгэн жүжиг

Corporate Convention Center

Зургадугаар сарын 1-нд 11:00, 16:00 цагаас “Корпорейт хүүхдийн баяр-2019” хүүхдийн жүжиг

Чойжин Сүитс

Зургадугаар сарын 2-нд 13:30 цагаас “Алим” үггүй, хүүхдийн хөгжимт жүжиг

 

 

Р.ОЮУН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>