О.Гэрэлт-Од: Үндэсний бүтээгдэхүүн гэхээр эсгий табчик, арьсан түлхүүрийн оосор төсөөлдөг үе ард өнгөрсөн

320

Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулсан билээ. Тэд “Аса” циркийн өмнөх талбайд байрлах асарт ЖДҮ корпорацийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энд чихэр амттан, монгол үндэсний тоглоом бүхий хүүхдийн бэлэгнээс эхлээд уран тансаг алчуур ороолт, үндэсний хувцас, жинхэнэ арьс ширэн цүнх тэргүүтнүүд бүгд бий. Асарт саатсан хүн бүр “Ийм олон төрлийн сонирхолтой, сайхан зүйлсийг монголчууд өөрсдөө хийдэг болчихсон юм уу" хэмээн гайхаж байв. Үүнээс харахад бид үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих тал дээр дутмаг гэдэг нь харагдаж байгаа юм.

Тэд өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, худалдан борлуулахаар ийнхүү асар байгуулан ажиллаж байна. Гэхдээ зөвхөн нэг байрлалд биш цаашлаад УИД-ын дэлгүүрийн өмнөх талбай, Драмын театр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон газар энэ үзэсгэлэн худалдаагаа сонирхуулахаар бэлтгэлээ базаан асар байгуулж худалдаа хийх зөвшөөрөл хүссэн боловч  олдохгүй байгаа аж.

Тэд мөнгө, зээл гуйгаагүй. Газрын зөвшөөрөл, дэлгүүр шаардаагүй. Ердөө л зуны гурван сарын хугацаанд үзэсгэлэн худалдаа явуулах боломж олгохыг хотын даргаас хүсчээ.

Ингээд СХД-ийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал, ЖДҮ корпорацийн орон тооны бус зөвлөх О.Гэрэлт-Одтой цөөн хором ярилцсан юм.  

 -“ЖДҮ корпораци” байгуулагдаж, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны онцлог давуу тал юу вэ?

-ЖДҮ эрхлэгчид нэгдэж бараа бүтээгдэхүүнээ гадаадад сурталчлан таниулж худалдан борлуулах мөн нэг нэгэндээ итгэлцлийн зээл өгөх, тоног төхөөрөмж тал дээр туслах зэргээр харилцан туслах зорилгоор байгуулагдсан. Энэ корпораци нь энэ оны гуравдугаар сард байгуулагдаж, одоогоор 340-өөд ЖДҮ эрхлэгчид нэгдээд байна. 

Зуны турш буюу зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд хөл хөдөлгөөн ихтэй байршилд асартай худалдааг зохион байгуулж иргэдэд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах саналыг манай ЖДҮ-чид гаргасан. Үүний дагуу бид НЗДТГ-т асар барих талбайн зөвшөөрөл хүссэн санал тавьсан боловч одоогоор хариу өгөөгүй байна. Манай ЖДҮ-чид Нийслэлээс ямар нэг зээл хүсч, мөнгө төгрөг гуйгаагүй. Зүгээр л гурван сарын хугацаанд байрлуулж худалдаа хийх 100 метр талбай хүсээд байгаа юм.

Харамсалтай нь, одоо болтол хариу ирээгүй байна. Хэрэв зөвшөөрөл нь олгогдчихвол бид  дараагийн байршлуудад асараа бариад худалдаагаа эхлүүлэх боломжтой болно. Энэ бол ЖДҮ-чид бидэнд зээлийн дараа орохоор том дэмжлэг юм. Бидэнд тулгардаг гол асуудал бол зээлээс гадна борлуулалтын асуудал байдаг. Бараагаа зарж байж л ЖДҮ-чид хөгжинө шүү дээ. Томроод хөлөө олчихсон газрууд бол нэрийн барааны дэлгүүртэй байхад жижиг үйлдвэрлэл эрхлэгчид нь лангуу түрээслээд эсвэл дэлгүүр ажиллуулаад байх боломж байдаггүй. Цөөхөн хэд  нь лангуутай байдаг.

Тиймээс бид цаг хугацааг алдахгүйн тулд “АСА” циркийн задгай талбайд түрээс төлөн үйл ажиллагаагаа эхлүүлж худалдаагаа хийж байна. Бид лангуу нь ханандаа суурилагдсан. Нэгдсэн загвар нэг стандартаар хийгдсэн өнгө үзэмж сайтай асарыг энэ худалдаандаа зориулж бэлдсэн байгаа. Нэг асар ойролцоогоор 15 сая төгрөгийн өртгөөр хийгдсэн.  Манай корпорацийн гишүүн байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг энд худалдаалж байна.

-Зах зээлд хөлөө олоогүй байгаа, өөрийн гэсэн дэлгүүр, лангуугүй жижиг бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулдаг юм бэ?

-ЖДҮ корпораци Дүнжингарав, Хархорин худалдааны төвүүд дээр нэрийн барааны дэлгүүртэй. Тэнд үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулдаг. Мөн дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвүүд ЖДҮ-ийнхээ барааг борлуулах цэгүүдтэй байдаг. Чингэлтэй дүүрэгт л гэхэд Цэцэг төв, Бөмбөгөр худалдааны төвд байдаг. Ийм байдлаар цэгүүдээр борлуулдаг. Мөн зах худалдааны төвүүд болон супермаркетуудаар тавиулан заруулж байдаг.

-ЖДҮ корпорацийг байгуулах болсон шалтгаан юу вэ?

-ЖДҮ эрхлэгчдийн ур чадварыг дээшлүүлэх үүднээс санхүүгийн болон төслийн сургалт явуулж ЖДҮ-чидээ илүү хөгжихөд нь туслах зорилготой. Мөн ирээдүйд үйл бидний ажиллагаа нь жигдрээд хүмүүст танигдаад ирсэний дараа тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгээд үйлдвэрлэл эрхлэгч нартаа хүүгүй барьцаагүй итгэлийн зээл олгож байя гэсэн зорилготой байгуулагдсан. Жишээлбэл, Цагаан сар, Наадам зэрэг баярын үеэр үндэсний хувцас голчлон зарагддаг. Энэ үед оёдолчид бараа материалаа авахад мөнгө хэрэгтэй байдаг. Яг тэр хэрэгцээтэй мөчид нь зээл олгох юм.

-Энэ худалдаа эхлээд хэд хонож байна. Энэ хугацаанд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн хэр борлуулалт сайтай байна вэ?

-Бид “АСА цирк” салбар дээр худалдааг эхлээд 10-аад хонож байна. Ажиглаж байгаагаар хүнс болон гэр ахуй нойлын цаас салфетка, гоо сайхны бүтээгдэхүүн их борлуулалтад гарч байна. Сувинер, бэлэг дурсгал ч мөн их борлуулагдаж байна. Харин наадам дөхөөд ирэхээр үндэсний хувцас их борлуулагдах байх. Ингээд бид сезонд тааруулан худалдаа хийе гэж төлөвлөөд байна.

-Иргэдийн хандлага ямар байна вэ?

-Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн жилээс жилд сайжирч байгаа. Хүмүүс бодохдоо эсгий табчик, арьсан түлхүүрийн оосороор төсөөлдөг. Гэтэл тийм биш болсон гэдгийг манай асараар ороод нэг удаа сонирхоод үзээрэй.

Монгол үйлдвэр гэдэг чинь монгол хүний биеийн онцлог, цаг агаар, хоол хүнсний хэрэглээний онцлогт тааруулан зориулж хийж байгаа учир хамгийн сайн бүтээгдэхүүн байдаг. Бид хувцасыг Эрээн хотоос бөөндөөд авчраад зардаг. Гэтэл тэр нь хэдэн сая хүнд зориулан хамгийн хямд муу материалаар хамгийн хурднаар хийж байгаа юм шүү дээ. 

Дээрээс нь гадны хүнсний бүтээгдэхүүнийг сайн гээд л хэрэглээд байдаг. Гэтэл өөрсдөө нэг хоносон ус муу гээд пи ар хийдэг шүү дээ. Тэгэхэд гадны хүнсний бүтээгдэхүүн хамгийн багадаа хоёр сар контайнерт хадгалагдаж ирдэг. Тийм нөхцөлд чанарыг нь алдагдуулахгүйн тулд маш их химийн бодис орж байгаа. Үүнийг хүмүүс ойлгоод монголдоо өчигдөр, өнөөдөр үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүнийг  худалдан авч өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаараасай гэж зөвлөмөөр байна.

-Иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байна. Гэвч үнэтэй байдаг гэдэг хариултыг маш их өгдөг л дөө. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Үнийн хувьд Эрээнд олон тоогоор үйлдвэрлэсэн хамгийн хурднаараа хамгийн муу материалаар үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхгүй. Тэр бүтээгдэхүүнээс үнэтэй байгаа. Зөвхөн танд зориулж үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн шүү гэдэг утгаар нь хандах юм бол гайгүй чанартай бүтээгдэхүүнээс хямдхан байгаа. 

Манайхан монгол бараа бүтээгдэхүүн гэхээр л түүнийг Эрээний бараатай харьцуулаад байдаг. Тэгсэн хэрнээ монгол үйлдвэрийн нэг цамцыг 100 мянгаар худалдаж аваад өмсөхгүй хэрнээ дэлгүүрээс брэндийн цамцыг 300, 400 мянгаар ч аваад л өмсчихдөг. Тэгсэн хэрнээ тэр 100 мянган төгрөгийн үнэтэй монгол үйлдвэрийн цамцыг зах дээр байдаг эрээний 30, 40 мянгын цамцтай харьцуулаад байдаг шүү дээ. Харьцуулалтаа зөв хийх юм бол монгол үйлдвэрийн бүтээгдэхүүн тийм ч үнэтэй биш. Ер нь монгол үйлдвэрүүд тоног төхөөрөмж болон хүчин чадлаа нэмээд чанар нь сайжраад, туршлагажаад, түүхий эдээ ихээр нь бэлтгээд ирэхээр үнэ нь буурч байгаа.

Манайд үйлдвэрлэсэн цүнх гэхэд л цэвэр монгол арьсаар хийсэн загвар дизайн сайтай хэрнээ дэлгүүрт зарагддаг бусад цүнхнээс хямд үнэтэй. Гоо сайхны бүтээгдэхүүн гэхэд л Япон, Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг 100, 200 мянгаар авдаг хэрнээ энд зарагдаж байгаа 40, 50 мянган төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг үнэтэй гэж хэлэхгүй байх.

Үнэтэй гэдэг ойлголтыг эхлээд юутай харьцуулах вэ гэдгээ бодох юм бол манайх тийм ч үнэтэй биш.

Нийслэлээс бидэнд зөвшөөрөл өгчих л юм бол бид олон асар барьж, монгол бараа бүтээгдэхүүний талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлж, сонголтод нь нөлөөлж, ЖДҮ эрхлэгчдийн орлого тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг. Яг үнэндээ Нийслэлээс ЖДҮ-чдийг дэмжиж ямар ч ажил хийдэггүй. Тиймээс хотын дарга үүн дээр анхаараад ЖДҮ-чдэдээ туслаад бүтээгдэхүүнээ борлуулах талбай гаргаад өгчихөд маш том дэмжлэг болох гээд байна шүү дээ. Тэгэхгүй бол бид сарын 3 сая төгрөгийн түрээс төлж байна. Түрээс төлөхгүй болчихвол ЖДҮ эрхлэгчдэд маань нэмэртэй юм шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ:ZALUU.COM

Х.Соёл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.