Чоно байхгүй бол...

54

Чоно байхгүй бол...

 

АНУ-ын  Шар Чулуутын БЦГ (Yellow Stone NP)-ын нутаг дэвсгэрт хамгийн сүүлчийн саарал чоно 1926 онд алагдсанаар, энэ газар оронд энэ гайхалтай ангууч амьтан эгнэгт мөхжээ. Бидний монголчуудын “Хангайн эзэн” хэмээн хүндэтгэн нэрлэдэг чоно огт үгүй болсон 70 орчим жил нутгийн уугуул малтай иргэд, анчид болоод байгаль, амьтан, ургамалд ямар “ач тус” хүргэв? Эсхүл чоно үгүйлэгдэж байв уу? ы

Шар Чулуут хэмээх газар нутагт гүйцэтгэсэн биологийн судалгааны үр дүн алив нэг нутаг орон, экосистемээс тухайн газарт “тулгуур” зүйл амьтныг устгаж, зайлууснаас үүдэн бий болох сөрөг үр дагавар, мөн тухайн зүйл амьтныг буцааж, хуучин “байр сууринд” нь тавих хүний ухамсарт үйлдэл хэрхэн байгалийн экосистем, түүний уугуул төрх, үйл ажиллагааны “эмх цэгц”, дэг журамд орж болдог гэдгийг шинжлэх ухааны судалгааны үндэслэл, баримтаар нотолсон сонгодог жишээ болжээ. Судлаачид, энэ дурдсан судалгааг зэрлэг ангууч амьтдын идэш тэжээлээс улбаатай “өрнөл”-ийн тухай эрдэм судлалын ажлын гайхалтай үр дүн гэж тайлбарладаг. Өнгөц уншиж эсхүл сонсох аваас мах идэшт ангууч, түүний идэж хооллодог мал, зэрлэг амьтан хоорондын хорогдол болоод мэнд үлдэлт мэт боловч, байгаль, хүн, зэрлэг амьтан, ургамлын аймаг зохистой бөгөөд бодитой оршихуй, амьдралын тухай гүн сэтгэлгээний илэрхийлэл гэж хэлүүштэй. 

Чоно хэмээх “эзэн” үгүй байсан он жилүүдэд Шар Чулуутад байгаль, амьтан, ургамал зохистой, хэвийн байсан уу?

Энэ газар нутагт хар болон гризли баавгай, пума ирвэс, коёти давжаа чоно гээд олон зүйл буга ангуучилж хооллодог сүрлэг ангуучид байсан хэдий ч, бугын тоо толгойг цөөлж чадаагүй ажээ. Бугын тоо хэт олширсны улмаас хоёр үйл явц ажиглагджээ. Эхлээд, буга Шар Чулуутын бэлчээрийн тэтгэх даацыг хүлцэх хязгаараас эрс буулгасан бол удаа нь буга хөөж, “бусниулах” ангууч хомс тул улирлаар шилжин бэлчээр сэлгэлгүй нэг газар удаан бэлчээрлэж, идэш хомсдох үед улмаар голын хөндийн бургасны залуу бодгалийн өвөлжих нахиаг зулгаан идэж, татмын ойн сэргэлтийг нэн хязгаарлажээ. Үүний улмаас бургасан сорчлон иддэг, өвлийн урт хүйтэн улирлыг бургас нөөцөлж, түүгээрээ хооллон мэнд үлддэг минжний тоо толгой эрс цөөрсөн байна. Минжний бүл эрс цөөрснөөр голын голдиролыг тэтгэх далан барьж усны урсацыг зохицуулж, бусад амьтанд орогнох таатай усан сан бүрдүүлэх үйл явц үгүй болов. “Хангайн эзэн”-гүй болсон үед коёти давжаа чонын тоо толгой өсөж, улмаар Умард Америкийн эндемик зүйл туруутан сэрээ эвэрт гөрөөс (pronghorn antelope)-ний популяцийн хэмжээ эрс цөөрчээ.   

Хамгаалсаар атал бүхэл экологийн системийн доройтол нүүрлэж буйг ажигласан биологич судлаачид чоно хэмээх “эзэн” үгүйлэгдэж буйг анзаарч, ярилцаж зөвлөлдөөд, Канад улсын Жаспэр БЦГ болон Монтана муж улсаас 1995-1997 оны хооронд нийт 41 зэрлэг чоно байгалиас барьж, Шар Чулуутын БЦГ-т суллан тавьжээ. Одоогоор тэнд 100 гаруй чонотой болсон гэнэ.

Чоно сэргээн нутагшуулснаар энэ БЦГ-ын экосистемд шууд болон дам үр дагавар илрэх болжээ. “Хангайн эзэн” төрхөм газраа ирсний ачаар, судлаач нарт хэдэн арван жилийн явцад танин мэдэх шаардлагатай ургамал, амьтан хоорондын урьд өмнө танигдаагүй харилцааг судлах “оньс”-ыг нээж өгсөн байна.

“Эзэн”-тэй болсон Шар чулуут хэмээх “айл”-д ямар өөрчлөлт гарав?

 Шар Чулуутын “эзэн” буцаж ирснээр, бугыг чоно агнаж, улмаар бугын сүрэг нэг газраа суурьшин бургас “цөлмөх” нь эрс багасаж, чонын халдлагын улмаас тэд бэлчээрээ сэлгэн идээшилдэг болов. Бугын сүрэг цөөрч, улирлаар шилжин нутагладаг болсноор, голын хөндийн бургас нөхөн сэргэн ургаж, өтгөрсөн ажээ. Хэдэн зуун бугын сүрэг бургас цөлмөх “дарамт” буурснаар, минж идсээр хэдий ч бургасан шугуй ногоорсон хэвээр...Минжний бүл хангалттай идэш тэжээлийн нөөцтэй болсон тул 2001 онд ганц бүл байсан бол 2011 оны судалгаагаар 9 бүл болж олширсон байна. Минжний тоо толгойн өсөлт тухайн газрын ургамалшлыг өөрчилж, тухайлбал, улиангар модыг сэргэн ургахад нөлөөлж, өнгөрсөн нэг бүтэн зууны туршид бараг анир чимээгүй байсан Шар Чулуут голын хөндийд минжний өөр хоорондоо тэдний хавтгай сүүлээр ус “алгадан” харилцах пад хийх, хүн цочоом чанга дуун хааяагүй сонсогдох болжээ...Минж шинээр байгуулсан далан усны эвдрэлийг сааруулж, ус ихээр хуримтлуулсан нь намгархаг хэсэг болон цөөрөм, тогтоол бүрэлдэхэд хүргэж, улмаар тэр усанд хандгай, халиу, усны булга, намгийн элдэв зүйл шувууд, загас, хоёр нутагтан амьтад идээшин орших диваажин болчихуй...

Мэрэгч амьтан болох минжний тоо толгой олширч, усны түвшин барих шинэ шинэ далан барьж, бүтээсэн нь энд тэнд жижиг нуур, цөөрөм бий болж, энэ үйлийн үр дүнд урсгал усны сүлжээнд тун эерүү нөлөөлжээ. Жижиг нуур, цөөрөм байдлаар тогтоол ус хадгалагдах болсноор, гүний усны сүлжээ тэтгэгдэж, улмаар хүйтэн, мод болон бургасны сүүдэртэй усанд орогнодог загас, харин өндөр өтгөн бургасан шугуйд элдэв дууч, жиргээч шувууд олноор үүрлэж, байрших нь нэн түгээмэл ажиглагдах болсон байна.

Эргэн тойрон чонын бүл-сүргийн хүрээлэлд буй буга нэгэн зууны турш эдлэж байсан амгалан тайван оршихуй нь алдагдаж, нэн сэрэмжтэй болж, толгойгоо байнга өргөж, чоно харуулдах болсноор тэдний өвс, ургамал зулгаахад зарцуулах цаг хомсдож, улмаар “бага” идэх болжээ. Нөгөө талаас, чонын “хүрээлэл” дор орших буга гүн ой руу шилжин байрших болж, харин чонын бүл-сүргээс алсрах тутам тэд задгай харууц сайтай нуга, хээржүү газар руу буцдаг болов. Чонын бүл-сүрэг довтлох үед бугын сүрэг өтгөн ой руу зүглэж, үлэмж том сүрэг нь олон жижиг сүрэг болон задрах сүргийн зан төрхийн өөрчлөлт ажиглагджээ. Шар Чулуут БЦГ “эзэнгүй” байх зуун жилд бугын сүрэг их цаснаар л хорогддог байв. Харин, одоо чоно тэдний тоо толгойг зохицуулдаг болсон.

Цасгүй харын зуд нүүрлэсэн өвөл тохиох үед олон чонотой газар зэмээр голчлон хооллодог том болоод жижиг биет хөхтөн амьтад, шувуудад чоно “буян” үйлдэж, ач тус үзүүлдэг. Хэрээ, бүргэд, шаазгай, тас, баавгай, үнэг, нохой зээх, шилүүс, элдэв зүйл цох гээд олон амьтад чонын үлдээсэн зоогийг таатай хүртэх болжээ. Ингээд бодохоор, чоно тухайн газрын олон амьтдын идэш тэжээлийн “ханган нийлүүлэгч” аж. Монголчуудын хэлцдэг: “...боохойн түрүүнд хэрээ...” гэх хэлц үг үүний нэгэн нотолгоо гэлтэй.

Эмгэнэл, сургамжтай хэдий ч, бүхэл бүтэн экосистем, бүр газар зүйн тогтолцоог зохистой, тэнцвэртэй байлгаж, тогтвортой оршихуйг нөхцөлдүүлж байдаг чоно хэмээх “хангайн эзэн” хөх чонын Америкт бичигдсэн шинэ түүх ийм буюу...Монголчууд, зүгээр нэг санаандгүй “Хангайн эзэн” хэмээн нэрлээгүй болов уу. Уул, ус, ой мод тэгширсэн, ургамал, амьтан элбэг нутгийг бид хараад ямар сайхан хангай вэ хэмээн дуун алддаг. Сайхан хангай оршихуйн үндэс нь бүхнийг байр байранд байлгадаг, тэтгэдэг “хөх чоно” буюу “Хангайн эзэн-савдаг” чоно ажээ...  

“Чоно үүрэндээ өлзийтэй” хэмээх хэлц үгийг бид хэрэглэж л байдаг даа... Энэ хэлц үг бэлтрэгийг үүрнээс нь хүн суйлах үед эх чоно дайрахгүй, тайван хараад хэвтэж байдаг гэх утга агуулаагүй нь лавтай. Магад, чонын бүл-сүрэг оршин амьдрах нь  тухайн газар нутагт ивээлтэй, үр өгөөжтэй, тустай, өлзий дэмбэрэлтэй гэх байгальтай зохирон амьдардаг монгол хүмүүний амьдралын гүн утга, агуулга, сэтгэлгээ, үзэл нэвт шингээсэн нэн хураангуй “тарни” байж мэдэх...

Н. Батсайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.